
-Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуульд зааснаар аюулгүй ажиллагааг хангаж, урьдчилан сэргийлэх үүднээс нисэх багийн дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, нислэгээ зогсоон буулт хийжээ. Буусны дараа нисдэг тэрэгний хөдөлгүүрт үзлэг хийж, 500 гр масло нэмээд нислэгээ дахин үргэлжлүүлсэн боловч 20 минут орчим ниссэний дараа маслын даралт дахин өөрчлөгдсөн учир өөрийн бүрэн эрхийн хүрээнд дахин буулт үйлдсэн байна. “А Жет Авиэйшн” ХХК-ийн инженер техникийн бүрэлдэхүүн Улаанбаатар хотоос очин үзлэг хийж, зүүн хөдөлгүүрийн стартер генераторын редуктортой холбогддог хэсгийн соронзон жийргэвч сэтэрснээс масло гарсан шалтгааныг тогтоожээ.
ИНЕГ-ын нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчид болон Зам тээврийн яамны харьяа Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны шинжээч нар Говь-Сүмбэр аймгийн нутагт газар дээр нь очиж ажилласан бөгөөд JU-5598 бүртгэлийн дугаартай ЕС-145 маягийн нисдэг тэрэгний зүүн хөдөлгүүрийн соронзон жийргэвчнээс масло алдагдаж байгаа нь тогтоогдсон тул жийргэвчийг солих, сольсны дараа нислэг үйлдэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Нисдэг тэрэг нэг нисгэгч, хоёр зорчигчтой нисч байжээ.