Агаарын бохирдлын үндэсний хороог ЗГ-т шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлын үндэсний хороог ЗГ-т шилжүүлэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт эхлэх байсан ч гишүүдийн ирц хүрэхгүй байсаар цагаасаа хоцорч эхэллээ. Чуулганы хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн гол үзэл нь Ерөнхийлөгчийн дэргэдэх статустай байсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Засгийн газрын мэдэлд шилжүүлэх асуудал юм.

Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтээр Агаарын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасны дагуу тус хуулийг нийт 60 гишүүний 38 нь зөвшөөрч, баталлаа. Ингэснээр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Засгийн газрын мэдэлд шилжиж, Засгийн газар утаатай тэмцэх ажлыг гардан хийхээр боллоо.

Одоо чуулганы хуралдаанаар  Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж