“Эрдэнэс Тавантолгой” дампуурлаас гарсан уу?

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” дампуурлаас гарсан уу?

“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Эрдэнэс Тавантолгой” дампуурлаас гарч байгаа талаар мэдээлэв.  Үнэн бол сайхан мэдээ байна. Гэхдээ итгэхэд бас бэрх. Учир нь тус компанийн хувьд 160 сая ам.долларын өрнөөсөө хагацаж чадаагүй байгаа нөхцөлд ашигтай ажиллана гэдэг худлаа баймаар. Мэдээж, төрийн компанийнхаа хувьд “Эрдэнэс Тавантолгой” дампуурч байсан ч дампуурахгүй. 

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр  2010 онд “Эрдэнэс Тавантолгой”-г байгуулсан бөгөөд нөөц болон чанараараа дэлхийд нэгдүгээрт орж байсан Тавантолгой нүүрсний ордыг эзэмших болсон тус компанитай хамтрах сонирхолтой хөрөнгө оруулагчид цөөнгүй байлаа.  АНУ, Япон, Орос, Хятад бүгд  Тавантолгойн ордод хамтрах сонирхлоо илэрхийлж байсан юм. Түүнчлэн хамгийн баян компанийн хувьцаа эзэмшигч болсондоо монголчууд сэтгэл хангалуун байлаа. Монголын иргэн бүхэнд оногдсон 1072 ширхэг хувьцаагаа зарах юм уу, эсвэл жил бүр ногдол ашиг хүртэн “жаргана” гэсэн хаана байх вэ.  Хамгийн баян гэгдэж байсан нөгөө компани нь харин хамгийн их өртэй, хамгийн дампуу газар болж хувирсан.

С.Батболдын Засгийн газар “Хүний хөгжил сан”-гийнхаа мөнгийг бүрдүүлж, сар бүхэн иргэн болгондоо 21 мянган төгрөг олгохын тулд Тавантолгойг барьцаалж, “Эрдэнэс Тавантолгой”-н нэрээр Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны үйлдвэр болох “Чалько”-гоос 350 сая ам.долларыг зээл орхисон тус компанид дааж давшгүй том ачаа үүрүүлчихсэн. Өнөөдөр ч өрнөөсөө салж чадахгүй яваа юм.  Одоогоор 160 сая ам.долларын өр үлдээд буй бөгөөд ирэх ондоо багтаж өрөө төлж дуусгавал их юм гэдэг нь ойлгомжтой болжээ.  Дээр нь томчуудын шахаасны бараанд чамгүй хөрөнгө зарцуулсан “Эрдэнэс Тавантолгой”-н данс тийм ч сайн биш байгаа. 

Тиймээс Баруун Цанхиасаа нүүрс олборлох ажлыг өнгөрсөн долдугаар сараас эхлүүлсэн бөгөөд үүнийхээ хүчээр хөл дээрээ дэнжигнэж яваа бололтой юм.  Баруун Цанхийн нүүрсийг есдүгээр сараас экспортод гаргаж, оны эцэс гэхэд  1,5 сая тонн нүүрс борлуулна гэдгээ  Я.Батсуурь дарга ярьсан байна лээ.  Энэхүү борлуулалтаасаа 70-80 сая ам.долларыг олж байгаа гэсэн.  Нэг тонноос 20-30 хувийн цэвэр ашиг болж байгаа юм байна.

“Чалько”-д зарж байгаа нүүрснээсээ тонн тутамд их хэмжээний алдагдал хүлээж байна, гэрээ өөрчилнө гэж зүтгэсээр байгаад 70 ам.доллараар зарж байсан нүүрсээ өнөөдөр 40 ам.доллараар өгч байгаагаа Я.Батсуурь дарга мартчихсан уу, ямар ч байсан гэрээгээ өөрчилснөөр Монголын талд илүү ашигтай болсон гэх ухааны юм ярьсан байна лээ. Түүнийг нь зарим хүмүүс “ёстой, яг даа, зургаан сар сул зогсолт хийж, нүүрсний үнийг дордуулснаас дээрдүүлсэн зүйл болоогүй шүү дээ” хэмээн шүүмжилж байна.  Зургаан сарын турш гэрээгээ өөрчилнө гэж маягласнаас болоод энэ онд багтаж “Чалько”-гийн өрийг дарж чадахгүй болсныгоо “Эрдэнэс Тавантолгой”-н захирал нуугаагүй байна лээ.  Тиймээс ч компанийнхаа үр ашгийг сайжруулсны дараа хувьцаагаа гаргах гэнэ. Мэдээж шүү дээ, алдагдалтай, өртэй компанийн IPO яаж үнэд хүрэх юм. Тэгэхээр ирэх жилд “Эрдэнэс Тавантолгой” өрөө дарж дуусгана.  Тэр болтол IPO нь гарахгүй нь.  Нүүрсний зах зээл 2015 он сайжирна гэдэг прогнозтой сууж байгаагаа дуулгасан Я.Батсуурь захирлын үгээр бол наанадаж гурван жил “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа үнэд орохгүй шинжтэй. 

Гэхдээ амны билгээс ашдын билэг гэдэг.  Нэг компани ч гэсэн өр ширнээсээ салж байвал яамай. Ялангуяа хувьцаа эзэмшигчийнхээ хувьд сайхан, таатай мэдээ байна гээд хүлээж суухаас биш яах билээ.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж