Барилгын суурь үнэ тогтоох хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

Барилгын суурь үнэ тогтоох хэрэгтэй гэв

Орон сууцны үнийг буулгаж, тогтворжуулахын тулд барилгын суурь үнийг тогтоох хэрэгтэй гэж салбарынхан үзэж  байна. Шинэ орон сууцны нэг м/кв-ын үнэ одоогоор дунджаар хоёр орчим сая төгрөг байгаа бөгөөд үнэ ханшийг төрөөс шууд буулгах арга хэмжээ авах боломжгүй гэдэг. Барилга, орон сууцны үнийг буулгах талаар Монголын барилгачдын холбооны тэргүүн М.Батбаатар “Барилгын суурь үнийг тогтоохгүй бол хэн бүхэн дуртай үнээ хэлчихээд, бусад нь дуурайж дуугарсаар орон сууцны үнэ тасралтгүй өсөхөд хүрлээ. Жишээ нь, хоёр өөр аймагт ижил тооны хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн барилга барина гэхэд тухайн орон нутагтай холбох дэд бүтцийг оруулахгүй, зөвхөн барилгын өртөг нь адил байхаар тооцох ёстой. Ийм зүйл дээр л өөр орон нутагт барьж байгаа болохоор өртөг нь ялгаатай байх нь аргагүй гэх зэргээр нугалаа үүсгэх гээд байдгаас үнэ хөөргөддөг. Тиймээс барилгууд ямар өртгөөр бүтэх боломжтой байдаг талаарх суурь үнийг ирэх онд яаралтай батлах хэрэгтэй байна” гэсэн байр суурьтай байна. 

Ямартай ч ирэх жил бараа, бүтээгдэхүүний үнэ төдийлөн буухгүй гэдэг таамгыг эдийн засагчид өгч байгаа бөгөөд барилга, орон сууцны үнийг буулгах, тогтвортой байлгахад тодорхой арга хэмжээ авалгүй зүгээр суухын оронд ийнхүү суурь үнэ тогтоох байдлаар шийдэх хэрэгтэй бололтой.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж