АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамгийн амжилттай баг гэгддэг Лос Анжелес Лейкерсчүүд Финикс Санс багт 114:108-ы харьцагаар хожигдсон байна. Энэхүү тоглолтод Коби Брайнт ахиллын шөрмөсний гэмтлээсээ эргэн ирснээс хойш анх удаа самбарт довтолсон юм. Энэ удаагийн тоглотод дөрвөн үеийн туршид Лейкерсчүүд, Финиксийн дээр гарч чадаагүй байна. Энэ удаагийн тоглолтод Финикс Санс клубээс Горан Драгич 31 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Маркус Моррис 22, Эрик Бледсо 18 оноо авсан юм. Харин Лос Анжелес багаас Коби Брайнт 20 оноо авч багаа тэргүүлсэн бол Пау Гасол 19 Ник Ян, Жордан Хилл, Жоди Микс нар 13 оноо авч багдаа тус хүргэсэн ч хожил байгуулж чадсангүй. “Бидний тоглолт болж өгсөнгүй. Гэхдээ урт улирал биднийг хүлээж байна. Улирал дуусахад хүснэгтийн байрлал яаж ч өөрчлөгдөж болно” гэж Лейкерсийн тоглогч Пау Гасол ярьжээ. Одоогоор далайн бүсийг Лос Анжелес Клипперсчүүд 14 хожиж 8 хожигдсон гэсэн үзүүлэлтээр тэргүүлж байгаа бол яг ард нь Финикс Санс 12 хожиж 9 хожигдсон гэсэн үзүүлэлтээр бичигдэж байна.
Б.СҮХ