Гэр бүл гэдэг энэ нийгмийн эс ширхэг юм бол бид ямар нийгэмд амьдарч байна вэ гэж асуухад хүрэв. Амиа алдсан охины ар гэрийнхэн, найз нөхдийн ярьснаар гэр бүлийн хүчирхийллийг харуулсан “Лардьма” уран сайхны кинонд гардгаас ч хэд дахин харгислалыг хөөрхий охин амсчээ. Хэдэн өдрийн турш зодуулж занчуулсан охин гэмтлийн эмнэлэгт үхлүүт ирэхэд эмч нар “Дотор эрхтнээс нь нэг ч эрүүл эрхтэн үлдээгүй, бүгд няцарсан, ямар ч найдваргүй” гэж хэлсэн байдаг.
Талийгаач охины аав ээж Баянхонгорт амьдардаг, охиноо найз залуутай болсон, хамт амьдардаг гэхээс өөр тодорхой мэдээлэлгүй байсан гэнэ. Түүний хувьд Их засаг их сургуулийн Япон хэлний ангийг онц дүнтэй төгсч, японы компанид борлуулалтын менежер, орчуулагчийн ажил хийж байсан аж. Аминд нь хүрсэн н.Алтанхүү гэгч залуутай хамт амьдарч эхэлснээс хойш эрхшээлд нь орж, найз нөхдөөсөө ч холбоогоо тасалжээ. Долоон сарын турш холбоо бариагүй багын найз нь эрж сурагласаар уулзахад “Найз залуу маань аймшигтай хартай, байнга зоддог. Миний бүх бие хөндүүр далд хэсгээр авах юм байхгүй нил хөх няц, цээжээр өвдөөд их хэцүү байна. Өнөөдөр эмнэлэгт үзүүлсэн чинь хоёр хавирга хугарсан байна. Би тэр гэрт очихоос айж байна. Очихгүй бол намайг хаанаас ч хамаагүй олоод ална гэсэн. Би яах вэ найздаа туслаач” гэж хэлжээ.
Хөөрхий охин харгис хэрцгий этгээдийн гарт амиа хамгаалахыг бодохын оронд аав, ээжийнхээ санааг зовоохгүй гэж мэрийсэн байгаа юм. Найз охинтойгоо хамгийн сүүлд ингэж уулзахдаа утас руу нь залгаж, facebook-ээр холбогдохгүй байхыг сануулсан байдаг. Үүнээс хойш удалгүй амиа алдсан байна.
Өмнө нь гэр бүлтэй байсан, 30 гаруй насны тэр эрэгтэй өөрөөсөө олон насаар дүү охиныг тарчлааж, тамлах зорилгоор гэртээ байлгаж, хамт амьдарч байсан хэрэг үү. Талийгаач эмнэлэгт ирэхдээ үс нь халцарсан, бүх бие нь хөхөрч дотор эрхтэн нь няцарсан, цөс нь бүх биеэр нь тарсан, тархи нь ажиллагаагүй болсон байсан учир хагалгаа хийсэн ч тус болоогүй байна. Охины ажиллдаг газар машин худалдан авах гэж явахдаа танилцаж, дотноссон н.Алтанхүү гэгч эрэгтэйг хүний аминд хүрчихээд байхад “Батлан даалтад” гаргахаар ах дүү нар нь хөөцөлдөж явна.
Хүнд итгэхийн аргагүй, харгис балмад эрчүүдээс охидоо хаана нуух вэ?