![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/12/57e7b3e751d22ee9/b5e154a4a69aa4a6big.jpg)
Холбогдох албаныхны танилцуулгаар Хонконгод Монгол Улсын 127 иргэн байнга оршин суудаг ч ял эдэлж байгаа 21, сэжигтнээр шалгагдаж байгаа хоёр иргэн бий гэнэ. Ял эдэлж байгаа иргэнээс 1 нь эх орондоо очиж ялаа эдлэх хүсэлт гаргасан учраас дээрх хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр оруулж ирж байгаа энэ аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн З.Энхболд "Ялтан хүсэлт гаргасан нөхцөлд эх оронд нь авчирч ялыг эдлүүлэх асуудал яригдаж байна уу" гэдэгт хариулт хүсэв. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын тайлбарласнаар Хонконгийн талаас тавьдаг гол шалгуур нь ялтан өөрөө эх орондоо очиж ялаа эдлэх хүсэлт гаргасан байх ёстой аж. Мөн олон улсын конвенци, бусад хууль тогтоомжид заасны дагуу ялтанг Монголд шилжүүлэн авчрах нөхцөлд гарах зардлыг ялтан өөрөө хариуцах юм байна.
Дээрх асуудлын хүрээнд Малайзад амиа алдсан 24 настай эмэгтэйтэй холбогдох хэрэг дээр Монголын тал хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг гишүүд лавлалаа. Гадаад харилцааны сайдын тайлбарласнаар Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний комисс холбогдох шугамуудаар ажиллаж байгаа аж. Хохирогчийн ар гэрийнхэнтэй холбоотой байж, Иргэдэд туслах сангаар туслалцаа үзүүлж, эмэгтэйн шарилыг эх оронд нь авчрах зэргээр холбогдох ажлууд хийгдэж буй. Хуулийн зарим зохицуулалтын улмаас тэр бүгдийг нарийн байнгын хорооны хуралдаанд ярих бололцоо хомс болохыг энэ үеэр тодотголоо.
Мөн хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн З.Энхболд гадаад оронд ял эдэлж байгаа иргэдийн хэдэн хувь нь хулгайн гэмт хэрэгт холбогдов гэдэгт хариулт хүсэв. Гэвч албаныханд энэ талын тоо байхгүй, баруун Европын орнуудын хувьд тойм мэдээлэл өгдөг. Хүний эрхийн асуудал гэж үзээд ямар хэрэгт холбогдсон талаар тодорхой хэлдэггүй аж. Тиймээс энэ талын судалгааг Гадаад харилцааны яам гаргахаар ажиллаж байгаа гэнэ.
Гэтэл монгол иргэд суугаа орондоо хулгайн гэмт хэрэг олноор үйлдэж, Элчин сайд нарын чихийг халууцуулахаас эхлээд улсынхаа нэр хүндийг унагадаг. Элчингүүдийн яриагаар бол төрөлжсөн хулгайч нар бий болчихсон, гуталны, хүрэмний, алт мөнгөний гээд бүлэглэлүүд бий болжээ. Шоронд хийхээр хугацаагаа дуусангуут гарч ирээд дахиад хулгайгаа хийдэг. Тодорхой жишээ гэвэл нэг нөхрийг улсаас зардал гаргаад Монгол руу буцаатал нэрээ солиод Туркт яваад оччихсон. Ийм хулгайч нарыг бол Монголоос гаргахгүй байх ёстой гэж зарим гишүүн анхааруулав.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Гадаад хүнтэй суусан монгол эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байна. Жил тутамд шахам 1 эмэгтэй амиа алдаж байна. Гадаад хүнтэй суусан монголчууд хүний наймаа, эд эрхтэний золиос болж байна. Монголын төр иргэнээ хамгаалах асуудлыг яаралтай авах ёстой. Гадаад иргэнд монгол хүүхдийг өргүүлсэн өчнөөн тохиолдол бий, жил бүр хүүхдүүдийг эргэх ёстой. Гадаадад айлчлал хийхдээ гадаадад өргөгдсөн монгол хүүхэдтэйгээ очиж уулзах ёстой дарга нартай уулзахын оронд. Ер нь тэгээд Гадаадын иргэний харьяатын асуудал эрхлэх газрын дарга нь гадаадад байгаа монгол иргэндээ хүнд сурталтай хандана гэж ярьж байгаа чинь Хууль зүйн яамны бодлого юм уу, Гадаад харилцааны яамны бодлого юм уу. Сэтгэл гаргаж ажиллаач ээ гэж хэлэх байна" гэлээ.
Эцэст нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцээрийг дэмжсэн тул Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөв. Мөн Байнгын хороодын санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтсоноор тус хуралдаан дуусав.