Андерс Жонсонд захидал илгээлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

Андерс Жонсонд захидал илгээлээ

УИХ-ын дарга З.Энхболд ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Жонсонд захидал илгээжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэмсэг ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Олон улсын парламентын холбоо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Зэвсэг Хураах алба болон Дэлхийн ирээдүйн төлөө зөвлөлтэй хамтран Монгол Улсаас зэвсэг хураах чиглэлээр явуулж байгаа бодлогыг дэлхийн шилдэг бодлогуудын нэг хэмээн үзэж дэмжсэнд талархлаа илэрхийлэхэд нэн таатай байна.

Цөмийн зэвсгийг хураах, түүнийг үл дэлгэрүүлэх бүх нийтийн эрхэм зорилтод дөхөм үзүүлэх үүднээс 1992 онд Монгол Улс нутаг дэвсгэрээ дангаараа цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан бөгөөд түүнийгээ олон улсын эрх зүйн үндэстэй болгох талаар тууштай ажиллаж ирсэн. Үндэснийхээ хэмжээнд 2000 онд Монгол Улсын Их Хурал (парламент) Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль батлан гаргаж, тус улсын нутагт цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхэд чиглэсэн аливаа үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг хэмээн үзэж хориглосон. Монгол Улс тэрхүү статусаа олон улсын хэмжээнд бэхжүүлэх талаар цөмийн зэвсэгтэй таван гүрнийг оролцуулан бусад улс оронтой хамтарч ажиллаж ирсэн. Түүний үр дүнд 2012 онд цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын өвөрмөц статусыг хүлээн зөвшөөрч, түүнийг зөрчсөн аливаа үйлдэлд дөхөм үзүүлэхгүйгээ амласан болно.

ОУПХ нь ард түмнүүдийг тайван аж төрөх, дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангид болгохын ач холбогдлыг дэлхий нийтэд ойлгуулахад ямагт идэвхтэй үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Удахгүй болох ОУПХ-ны 130 дугаар чуулган “Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцөд хүрэх нь: Парламентуудын хувь нэмэр” хэмээх асуудлыг хэлэлцэж тогтоол гаргах билээ. Парламентууд болон парламентчид зэвсэг хураах чиглэлээр байгуулагдсан олон улсын гэрээ конвенцийг соёрхон баталж мөрдөх, зэвсэг хураах төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх зэрэг маш чухал үүрэг гүйцэтгэх үүрэгтэй байдаг тул уг асуудалд Монгол Улсын Их Хурал онцгой ач холбогдол өгдөг.

Монгол Улсын Их Хурал ОУПХ болон түүний гишүүн парламентуудтай хамтран Холбооны Ассамблейн хурлуудыг амжилттай, тодорхой үр дүнтэй болгоход цаашид ч идэвхтэй ажиллах болно.

Хүндэтгэсэн,

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж