Харин ходоодны хавдрын тухайд хоол хүнсний болон ахуйн буруу хэрэглээ голчлон нөлөөлдөг ажээ. Мах, сүү, гурилаар органик хооллож байсан монголчуудын хүнсний нэр төрөл нэмэгдэж, гадаадын олон орноос нөөшилсөн бүтээгдэхүүнийг олон нэр төрлөөр нь оруулж ирэх болсон нь ходоодыг гэмтээх гол шалтгаан болжээ. Ходоодыг өвчлүүлдэг олон арван бүтээгэдхүүний тэргүүнд та бидний өдөр тутам хоол, цайгаа амталдаг давс орж байна. Давс ходоодонд муугаар нөлөөлнө гэж хэний ч ой тойнд буухааргүй байтал хэтрүүлэн хэрэглэсэн хоол бүхэн хор байдаг юм байна. Мөн хелико бактер гэгч аюул байдгийг мартах аргагүй. Монгол ээж нар хүүхдээ амнаасаа хооллодог буруу зуршлаас болж энэ аюулт бактер хүүхдэд дамждагийг эмч нар хэлж байлаа. Мөн монгол хүмүүс огт хэрэглэж байгаагүй халуун ногоотой хоол ундыг ихээр хэрэглэж, араас нь халуун цайгаа ууж орхидог нь бас нэгэн буруу зуршил болохыг Манба дацан хийдийн хамба онцоллоо.
Уушгины хувьд тамхи татах муу зуршил, дам тамхидалтаас гадна агаарын бохирдол онцгой нөлөөлж байгааг онцолж байна.Агаарын бохирдлоос үүдэлтэй ханицд шуухинаа хүрэлгүйгээр өвлийг давах нь тун цөөрсөн. Гэтэл манайхан ханиадыг сайн дураараа эмчилдэг, эмчээр эм бичүүлсэн ч бүрэн гүйцэд эмчилдэггүйгээс бол уушгинд сэв суудаг ажээ. Хүүхэд багачуудаас эхлээд хөгшдийг хүртэл хамрах болсон илүүдэл жин бол суурь өвчлөлийн гол шалтгаан бөгөөд суурь өвчнөөс хавдар үүсдэг гэдгийг анхаарахад илүүдэхгүй юм байна. Тиймээс ч олон жил хүний эд эрхтэнд нуугдаж явсан вирус ихэвчлэн өтөл насанд илэрдэг ажээ. Нас ахих тусам хүний биеийн дархлаа суларч, эмчилгээний үр дүн ч муу гардаг гэнэ. Тиймээс залуучууд ч 1-2 жил тутамд шинжилгээ өгч байж гэмээнэ хүн ам нь урт насалдгийг Япон, АНУ-гаар жишээлэн тайлбарлав.
Эмэгтэйчүүдийн хувьд элбэг нэрвэгддэг умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэхийн тулд хоёр жил тутамд шинжилгээ хийх график гаргасан байна. Эмэгтэйчүүд энэ төрлийн хавдраас сэргийлэхийн тулд хувийн ариун цэврийг маш сайн сахих ёстойг доктор профессорууд онцоллоо. Зөвхөн өөрөө ариун цэвэр сахиад зогсохгүй нөхөр, хамтран амьдрагч, найз залуугаа ч мөн энэ талын мэдлэгтэй болгож гэмээнэ хорт хавдраас сэргийлэх хамгийн энгийн бөгөөд хамгийн сайн арга юм байна.
Аль ч төрлийн хавдар нэг л өдөр гэнэт үүсдэг өвчин биш бөгөөд эрт үед нь илрүүлбэл эмчилж эдгэрүүлэх бүрэн боломжтой гэдгийг Эрүүл мэндийн дэд сайд хэлж байна. Илрүүлэх шинжилгээ оношилгоо ч манайд хэдийнэ нэвтэрчээ. Гагцхүү хүмүүс өвдөхөөсөө өмнө шинжлүүлдэг зуршилгүйгээс л хавдар өвчин хүний амь насанд хүрдэг аюулт өвчин болчихоод байгааг хэллээ. Түүнчлэн эмч мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, дадлагажуулах тал дээр алдаа эндэл байгааг нуусангүй. ЭМШУИС болон анагаахын чиглэлийн хувийн сургуулиудад олон мянган эмч мэргэжилтэн бэлтгэдэг ч 5-11 жилийн дотор төгс мэргэжилтэн бэлтгэх боломжгүй гэдгийг онцолж байна.