
-Би онолын сургууль бол төгсөөгүй. Тэр утгаараа онолын талын зүйлсийг нь мэдэхгүй байж магад. Гэхдээ энэ чиглэлээр унших их дуртай, нэлээд уншдаг, судалдаг. Ингээд туршлагаас харахад “Ялгарах+Байршил” нь хамгаас чухал аливаа бүтээгдэхүүний маркетингийг хийх гэж байгаа бол тухайн бүтээгдэхүүнийхээ ялгарлыг хамгийн түрүүнд тогтоох хэрэгтэй. Тэрний дараа байршуулах. Нэгэнт ялгараад байршчихсан зүйл эргээд бодоход Брэндтэй холбоотой болоод явчихна. Брэнд гэдэг нь хүний сэтгэлзүйтэй холбоотой болчихно. Энэ бүгдийг базаад хэлэхэд, маркетинг гэдэг нь аливаа бүтээгдэхүүнийг шинжлэх ухаанчаар хүний сэтгэлзүйд яаж байршуулах вэ? гэдгийг шийдэж өгдөг зүйл юм болов уу гэж би боддог.
-Шинэ дугаарын маань онцлох сэдэв улс төрийн маркетинг юм. Сүүлийн хэдэн жил улс төрийн байгууллагын маркетинг, ПиАр чиглэлээр нилээд ажилласан туршлагатайг мэдэх юм. Таны хувьд бизнесийн байгууллагын маркетинг, улс төрийн байгууллагын маркетингийн хоорондын ялгаа, ижил төстэй тал юу вэ?
-Би "Улс төрийн маркетинг" гэсэн нэр томъёо зөв эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд олон нийттэй харилцах харилцааны тухай ярьж байна гэж ойлгож байна. PR буюу Public Relation гэж хэлдэг. Гэхдээ энэ үгнээс ерөнхийдөө татгалзчихаад байгаа. Сүүлийн үед Communication Strategy, эсвэл Political Service гэж хэлдэг болсон. Бизнесийн болон төрийн байгууллагуудын маркетингийн хувьд мэдээж ялгаа байгаа. Энэ нь ахиад л ялгарлын тухай асуудал. Жишээ нь,”Кока кола” энэ олон жилийн түүх, тэр амтаараа яаж өөрийн брэндийг бүтээсэн шиг тухайн улс төрч өөрөө ямар сэдэвтэй, юу ярьдаг байх нь хамгийн чухал. Тэдний гол хандах сегмент нь олон нийт. Олон нийт нь өөрөө сонсдог. Тэдгээр хүмүүстэй юу ярих, сэдэв нь юу байх вэ гээд маш чухал. Нөгөө талаас ямархуу имижтэй байх мөн иж бүрдэлийг бий болгоно гэдэг арай өөр зүйлсийг тооцох хэрэгтэй болдог. Ингээд харахаар ажиллах үндсэн зарчим аргачлал нь адилхан ч хийц хэлбэр дүрс дээр бүх зүйл нь ялгаатай. Миний бодлоор олон нийттэй харилцах гэдэг нь улс төрчийн хувьд тухайн нийгэм, тухайн зорьж байгаа бүлэгт нь тулгамдсан сэдвээс гол асуудал нь эхэлнэ. Бид “Миринда” гэдэг ундаа “Фанта”-гаас яг яаж ялгарах вэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй болдог. Тэрэн шиг шинээр хуулийн салбарт гарч ирж байгаа мундаг хүн байлаа гэж бодоход хууль зүйн сайдын хуулийн бодлогоос яаж ялгарах вэ гэдэг асуудлыг шийдэх ёстой. Телевизээр олон гарах, ярилцлага олон хийх нь чухал биш. Сэдэв буюу үзэл баримтлал их чухал гэж бодож байна.
-Улс төрийн байгууллагыг бизнесийн байгууллага гэж үзвэл үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь улс төрч болох байх. Тэгвэл тухайн байгууллага бүтээгдэхүүнээ нийт ард түмэнд хэрхэн брэнд болгох вэ? Энэ тал дээр таны хэрэгжүүлж байсан амжилттай жишээ байвал манай уншигчдад сонирхуулаач…?
-Миний хувьд улс төрийг компани гэж үзвэл бүтээгдэхүүн нь мөрийн хөтөлбөр гэж үзнэ. Улс төрч бол түүнийг түгээж байгаа суваг болно. Тухайн бүтээгдэхүүнээ буюу мөрийн хөтөлбөрөө, улс төрчөө яаж брэнд болгох вэ гэвэл. Би яг тэгвэл, ингэвэл брэнд болчихно гээд хэлчихмээргүй байна. Эхлээд судалгаан дээр маш сайн тулгуурладаг байх хэрэгтэй. Нийт нийгэм юуг хүсэн хүлээж байна? Жишээ нь: манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Авлига” гэсэн сэдэв дээр нэлээд ач холбогдол өгч ажилласан. Манай нийгэмд шударга бус явдал тогтчихсон, авлигатай тэмцэх хүлээлт байсан. Тэгэхээр, нэгт бол тэр хүн нийгмээ сайн мэдэрсэн, хоёрт бол тэр хүний зөвлөх баг мундаг сайн ажилласан гэж үздэг. Судалгаан дээр үндэслээд уг сэдвийг маш зөв сонгосон. Тэгэхээр, хамгийн түрүүнд энэ өөрөө олон нийттэй шууд харилцдагаараа хувийн компаниас ялгаатай учраас олон нийтийн сэтгэлзүйг, нийгмийн хүлээлтийг маш сайн судалж мэдэх нь чухал. Хоёрдугаарт, нийгмийн хүлээлтэд тохирсон үзэл баримтлалтай болох ёстой. Тэр үзэл баримтлалд мөрийн хөтөлбөр байх ёстой. Жишээ нь: нийгэмд "Манай улс Сингапур шиг хөгжих ёстой" гэсэн хүлээлт байгаа бол бид яаж Сингапур шиг хөгжих вэ гэдэг мөрийн хөтөлбөрийг маш сайн боловсруулах хэрэгтэй. Гуравдугаарт, соён гэгээрүүлэх гэдэг функц их чухал. Бид мөрийн хөтөлбөртэй байдаг, зорилготой байдаг. Гэтэл олон нийт нь түүнийг ойлгохгүй бол их хэцүү. Өнөөдөр бол ийм бэрхшээл тулгарчихаад байна. Миний бодлоор хүссэн хүсээгүй Монгол улсын эдийн засаг уул уурхайн эдийн засагтай орон. Гэтэл олон нийт нь уул уурхайн эдийн засгийг эсэргүүцээд байдаг. Уул уурхайн эдийн засгийг муухай харагдуулах бүх зүйлийг гадны захиалгаар энд тэндэхийн төрийн бус байгууллагууд хийчихсэн байдаг. Мөнгө төлөөд, хэвлэл мэдээллийг нь худалдаж аваад хийчихэж байна. Ийм болохоор олон нийтэд уул уурхайн эдийн засагтай орон гэдгийг соён гэгээрүүлж, ойлголт өгөх нь чухал. Дөрөвдүгээрт, тогтвортойгоор тасралтгүй эргэх холбоонд орох. Олон нийт ер нь мартамхай байдаг. Тухайн өгсөн мэссэжийг ойролцоогоор 3 сарын дараагаар үндсэндээ мартчихсан байдаг. Жишээ нь: дээхэн үед Н.Энхбаяр гуайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Авлигатай холбож маш их ярьдаг байсан. Одоо ингээд хэвлэл мэдээллээр харахад, тэр хүн буцаад улс төрийн орон зайд хэрэгтэй ч юм шиг зүйлсийг бичээд эхэллээ. Энэ нь олон нийтийн мартамхай байдлыг харуулаад байгаа юм. Тэгэхээр тогтвортойгоор тасралтгүй эргэх холбоонд орохтой холбоотойгоор эргэх холбоог системлэж өгөх хэрэгтэй. Бас дахин жишээн дээр ярья. Америкийн нийгмийг Америкийн Ардчилсан Нам ойролцоогоор хоёр мянган хэдэн зуун бүлэгт хуваачихсан байдаг. Энэ бол оёдолчны бүлэг, энэ бол покер тоглодог хүмүүсийн бүлэг, энэ бол хөл бөмбөг сонирхдог хүмүүсийн бүлэг. Тэгээд, энэ хоёр мянга хэдэн зуун бүлэгт тасралтгүй хүрч байдаг сувагтай болчихсон. Фэйсбүүкийг ашиглана, бизнесийн бүлэгт NBC-г ашиглаж, ерөнхий массдаа CNN-г ч юм уу. Тэр бүлэгтээ хүрэх сувгаа зөв тодорхойлж, тасралтгүй эргэх холбоонд орж байгаа юм. Тавдугаарт, зайлшгүй хийж байх алхмын нэг бол сэдвээ дандаа хааж байх хэрэгтэй.
Би хоёр дахь хэсэгт үзэл баримтлалтай байх ёстой гэсэн. Үүндээ тохирсон үйл явдал зохион байгуулж, эргээд үйл явдлаа хараад дүгнэлт өгч байх хэрэгтэй. Жишээ нь, хотын дарга бол гэр хороолол гэж ярьж байна. Сэдвээ эхнээс нь хааж эхэлж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах асуудал бодитойгоор эхэлчихлээ. Хүмүүс нүүгээд эхэлчихлээ. Энэ нь эхний хаалт. Магадгүй жилийн дараа эхний орон сууцны хороолол бий болоод эхлэхээр хоёр дахь хаалт болох жишээтэй. Сэдвийг хаахгүй, задгай орхисноор сэдэв балартана. Сэдэв балартсанаар эргээд улс төрчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Энэ бүхнийг дүгнээд хэлэхэд, улс төрийн байгууллагын хувьд, улс төрчийн хувьд олон нийттэй харилцах асуудал гэдэг маань үйл явдал. Хамгийн сайн ПиАр шийдэл бол үйл явдал зохион байгуулах. Жишээ нь: ПиАрын зорилгоор Монголд дэлхийн бүх ерөнхийлөгч нарыг авчирч байгаад Монгол улс бол уул уурхайгаар хөгжихгүй бол болохгүй гээд хэлүүлчихмээр байна л даа. Гэхдээ бид чадахгүй байна. Тэгэхээр, өөрсдөдөө тохирсон хамгийн сайн үйл явдлын хувилбарыг л зохиох ёстой юм.
-Тэгвэл энэ кампанит ажлыг хэрхэн амжилттай зохион байгуулах вэ?
-Ер нь бол маш нарийн ажиллагаа. Маш их сэтгэл гаргаж хийх ёстой. Хэрхэн яаж амжилттай явуулах вэ гэж их нарийн юм асуучихлаа. Нэгдүгээрт, маш их цаг хугацаа зарцуулна. Хоёрдугаарт, улс төрийн олон нийттэй харилцах арга хэмжээнд маш их хөрөнгө шаардагддаг. Хандиваа маш зөв босгох хэрэгтэй. Санхүүжилтээ зөв зохицуулах хэрэгтэй. Гуравдугаарт, "детальный" жижигхэн зүйл дээр маш сайн анхаарч байх хэрэгтэй. Жишээ нь, сонины жижиг гарчиг, туг хэвлэх болбол лого, үг үсгийн алдаа гээд маш их детальный зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй. Дээрээс нь, улс төрийн арга хэмжээ нь маш богино хугацаанд болдог учраас цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд байнга дутмаг байдаг. 24 цаг ажиллах шаардлага ч гардаг.
-Таны бодлоор манай улс төрийн орчинд маркетингийг маш зөв, оновчтой байдлаар хэрэглэж чадаж байна уу?
-Улс төрчийн хувьд их мэдрэмжтэй, бидний ярьдаг технологийн процессийг маш сайн, бүр 100% биелүүлдэг хэд хэдэн улс төрчид байгаа. Миний бодлоор, хамгийн түрүүнд Ерөнхий сайд асан С.Баяр гуайг хэлнэ. Тэр хүн бол маш мундаг стратегич, дээрээс нь бодит амьдрал дээр биелэсэн маш олон технологиудыг зохиосон. Өөрөө бол онол уншиж хийгээгүй байх, өөрөө мэдрэмжтэй, байгалиас заяасан өгөгдөхүүнээрээ зохиосон байх. Дээрээс нь, манай ерөнхийлөгч их мундаг хүн. Маркетинг гэхээсээ илүүтэй, олон нийтрүү чиглэсэн бодлогыг маш тууштай хэрэгжүүлдэг. Энэ нь эргээд нэмэх оноо авчирдаг. Жишээ нь: би ааруул үйлдвэрлэдэг бол ааруулны чанар дээрээ л анхаараад байна гэсэн үг. Алтан Тариа жишээ нь, байнга гурилынхаа чанарт анхаардаг, реклам цацдаггүй. Бүтээгдэхүүний чанар нэмэгдэх тусам урт хугацаандаа хэрэглэчдийн тоо нэмэгддэг. Тэрэн шиг олон нийт рүүгээ чиглэсэн арга хэмжээ авах тусам рэйтинг нь өсдөг ч гэдэг юм уу. Яг тэр маркетинг буюу өөрийнх нь улс төрд байх хамгийн чухал зүйл нь юу вэ гэдэг зарчмаа хэр дагаж байгаагаас их хамаардаг. Мөн, хотын дарга Э.Бат-Үүл даргыг би бас хэлнэ. Олон нийттэй харилцах улс төрийн процесс дээр нэг зүйл их чухал байдаг. Гадны сонирхлын бүлгүүд үүнийг их ашигладаг. Шийдвэр гаргахаасаа өмнө эхлээд олон нийтээр хэлэлцүүлээд, олон нийтийн хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг улам төгөлдөржүүлээд, олон нийт хүсч байгаа тэр үед шийдвэр гаргана гэдэг бол хамгийн шалгарсан технологи. Энэ технологийг хамгийн сайн ашиглаж байгаа хүн бол Э.Бат-Үүл дарга. Энэ нь олон нийтийг хуурч байгаа, муухайгаар хэлж байгаа гэсэн зүйл биш.
Юу гэсэн үг вэ гэхээр, маркетингийн хольцоо зохиохдоо олон нийттэй хамтарч зохиосноор гарах шийдвэр нь илүү амжилттай шийдвэр болж чаддаг. Шийдвэрийг нь бүтээгдэхүүн гэж үзвэл амжилттай бүтээгдэхүүн болж чаддаг гэсэн үг л дээ. Хольц зохиох процессдоо байнга олон нийтийг оролцуулдаг. Жишээ нь: буруу рультэй машиныг яах вэ гэдэг санал асуулга хийгээд л. Үүнийг маш том зургаар харах юм бол тэр хүн өөрийн ПиАрыг маш зөв хийж байна гэсэн үг. Хэрвээ, хэнтэй ч зөвлөхгүйгээр буруу рультэй машиныг хориглочихсон бол нэр хүнд нь яаж унах байсан бол? Хүмүүс эсэргүүцээд байхад хориглосон бол бас яах байсан бол? Тэгэхээр, шийдвэр гаргах процессдоо олон нийтийг оролцуулна гэдэг бол улс төрчийн зайлшгүй хийх ёстой нэг функц, орчин үеийн улс төрийн нэг соёл. Нөгөө талаасаа энэ нь өөрөө тухайн хүний нэр хүндийг тасралтгүй өсгөж байдаг зүйл.
-Бид чөлөөт, ардчилсан систем шилжээд хэдийн 10 гаруй сонгуулийн (ерөнхийлөгч, УИХ, орон нутаг) ард гарсан байна. Тэгвэл таны бодлоор одоог хүртэл сонгуулиар хамгийн амжилттай хийгдсэн маркетингийн кампанит ажил?
-Сая өнгөрдөг сонгуулийн кампанит ажлыг ерөнхийлөгчийн зөвлөх Ганбаатар ах маань удирдсан. Энэ сонгууль бол маш хэцүү тулаан байсан. Миний харснаар хамгийн амжилттай ПиАрын кампанит ажил гэвэл энэ. Ерөнхийлөгч сая сонгогдохдоо хэрэгжүүлсэн ажлууд. Мөн Ерөнхийлөгчийн хувьд хоёрдахь удаагаа дэвшиж байгаа гэдэг утгаараа дандаа л сул талтай, эх барьж байгаа намаас болохоороо бас хасах оноотой, сонгуульд шинээр дэвшиж байгаа хүн нь нийгэмд шинэ содон харагдаж, өрсөлдөөн бол маш ширүүн, хэцүү байсан. Аль ч талаараа хэцүү сонгууль болж, Ганбаатар ахын кампанит ажил маш амжилттай болсон гэж би хөндлөнгийн нүднээс харлаа.
-I Love New UB. 2008 оны УИХ сонгуулиар энэхүү кампанит ажил маш хүчтэй явагдсан. Таныг энэхүү кампанит ажлыг санаачлан, удирдан зохион байгуулсан гэдэг. Кампанит ажлын хувьд мэдээж амжилттай болсон. Та энэхүү кампанит ажлын талаар дэлгэрүүлэн яриач? Тухайн үед санаа нь хэрхэн төрж байв, ямар суваг ашигласан гэх мэт.
-Би яагаад ч юм Ардчилсан намын талд ажилчихдаг, энэ намын гишүүн биш, яагаад ч юм ажил маань тэгээд таарчихдаг. Ардчилсан намын хувьд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь чухал байдаг. Нийгмийн залуу хэсэг нь ч энэ намыг түлхүү дэмждэг. Энэ ч утгаараа залуучууд нь ирж саналаа өгөх нь чухал байдаг. Насны хувьд 18-30 насны залуучууд. Нөгөө талаас, манай залуучууд маань нийгмийн идэвх их муутай, сонгуулийн оролцоо багатай. Шөнө хөлбөмбөг үзэх гээд цуглараад байдаг мөртлөө өдөр нь саналаа очоод өгөх нь бага, их оролцоо муутай. Өнгөрсөн сонгуулиудаар ер нь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нэлээд олон төслүүд дээр ажилласан. 2008 онд жишээ нь: I Love New UB төсөл, 2009 онд Луйврын хот төсөл, 2012 оны сонгуулиар хөдөө тойргууд дээр ажиллаж, 2013 онд залуучуудруу чиглэсэн хэд хэдэн кампанит ажлуудыг хийсэн.
2008 оны I Love New UB төслийн гол концепци нь юу байсан гэхээр, тухай үеийн Улаанбаатар хотыг өнөөдөртэй харьцуулахад харьцангуй аймшигтай байсан. Ямар ч газар төлөвлөлтгүй, усны бохирдол нь маш ойрхон ирчихсэн. Ер нь л хэцүү. Нөгөө талаас, хөдөөнөөс Улаанбаатар хотод ирэх шилжилт хөдөлгөөн ихэсч, хот хөдөөгийн соёлын ялгаа их нөлөөлөөд байдаг. Би хөдөөгийнхнийг бүдүүлэг гэх гээгүй. Харин хотынхон их бүдүүлэг, ялгавар үзэлтэй хандах хандлага бий. Гэхдээ, хотод маань зарим нэг зайлшгүй мөрдөх дүрэм, журмууд байдаг. Жишээ нь: замын хөдөлгөөн. Хүмүүс хөдөө морьтой давхиж байгаа юм шиг авир гаргаад байдаг. Тэгэхээр, ерөнхийдөө 2008 оны нийгмийн бид маш их стресс байна гэж харсан. Хотыг зайлшгүй шинэчлэх ёстой гэдгийг ойлгосон. Тухайн үеийн сонгуулийн штабыг Ганбат ах маань удирдаж байсан. Ганбаа ахтай ярьж байгаад, залуучуудруу чиглэсэн зүйл хийе гээд. Бас манай төслийг санаачилсан гол хүмүүсийн нэг нь Ганболд гээд залуу байгаа. Бидний эхний зорилт бол залуучуудаа бүтээх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Залуучуудыг "Чи Ардчилсан намыг дэмж, чи тэр намыг дэмж" гэхээсээ илүү өөрөө оролц, хэнийг дэмжих нь тухайн хүний эрх гэдэг өнцгөөс нь хандсан. Тэр нь ч залуучуудад таалагдсан. Хамгийн түрүүнд "Залуучуудаа бүтээх – тийм сэдэл бий болгох" байсан. Түүний хүрээнд I Love New UB гээд бугуйвч хийсэн. Шинэ хотын төлөө гээд. Тэр бугуйвч нь загварлаг, гоё харагддаг. Залуучууд маань их өнгөлөг, шинэлэг зүйлд дуртай байдаг. Тэр ч утгаараа хуучинлаг стилээр юм хийх, зохиолын дуу гаргах, эсвэл нэг тийм том самбар тавьж болохгүй байсан. Залуучуудыг өөрсдийг нь дурлуулах тийм зүйл бодож олох хэрэгтэй байсан. Энэ нь бугуйвч болсон. Үндсэндээ бугуйвч маань бараг 40000 ширхэг хувь борлогдсон. Нэг бугуйвчаа 500 төгрөгөөр зарсан. Яагаад зарсан юм бэ гэхээр, хүн мөнгөө өгчих юм бол оролцоотой болдог, үнэ цэнэтэй болдог. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Бид залуучуудыг стрессгүй, хөгжингүй, шинэ хотын төлөө та нар нэгдээч ээ, уриалаач гээд эхлээд урлагийн одуудтай хамтраад кампанит ажлыг хийж байсан. Улаанбаатар хотын хэмжээнд хандивын 60 цэг ажиллуулж, залуучууд Улаанбаатар хотдоо 500 төгрөг хандивлаад оронд нь бугуйвч авсан. Тэр бугуйвчтай залуучууд бол бидний гаргасан New UB төслийн кодыг дэмжигч болж байна гэсэн үг. Энэ нь бие биенээ хүндэлдэг байя, замын хөдөлгөөнд соёлтой оролцоё, хоггүй цэвэр орчинд амьдарцгаая зэрэг хотод тулгараад байгаа асуудлуудыг кодчилсон юм. Тэгсэн, манай төслийг дэмжигч залуус бусад залуучуудаас ялгараад эхэлсэн. Хамгийн түрүүнд ярьдаг, ялгарлын тухай асуудал. Би I Love New UB-г дэмждэг гээд бугуйвч зүүгээд ялгарчингуут тэр залуугийн идэвх нь нэмэгдэж байгаа юм. Нэгт бол тэр хүн хандив өгсөн, бугуйвчаа авсан. Бугуйвчаа "зараад" босгосон хандивын мөнгөөрөө залуучууддаа зориулаад бид 1 сар тасралтгүй арга хэмжээнүүдийг зохиосон. Нийт 40000 гаруй хүн бүртгэсэн. Тэгээд тэд нартаа зориулж 3 хоног болгон янз бүрийн жижиг, том арга хэмжээнүүдийг зохиож эхэлсэн. Киноны нээлт, номын сангийн нээлт, автомашины парад гэх мэт. Энэ нь залуучуудад тасралтгүй мэссэжийг, тасралтгүй оролцоог бий болгож байсан. Төгсгөлийн үед нь бид нэгдсэн маягийн парад хийгээд, хотоо үнэхээр өөрчлөхийг хүсч байна уу гэхэд тэд бүгд хүсч байсан. Нэг сар New UB кодыг сонсоод, оролцоод явчихсан хүмүүс сэтгэлзүйн хувьд шийдвэр гаргахад бэлтгэгдчихсэн байсан. Эцэст нь бид "Та нар сонгуульдаа идэвхтэй оролцооч" гэсэн. Бидний зүгээс "Ардчилсан намыг дэмж" гээгүй, зүгээр л "Идэвхтэй оролц" гэсэн. Үүгээрээ маш олон залуус сонгуульдаа идэвхтэй оролцож, энэ нь эргээд сонгуульд эерэгээр нөлөөлсөн.
-Тэгвэл 2012 оны сонгуулиар ямар кампанит ажил өрнүүлж, ямар амжилтанд хүрсэн бэ?
-2012 оны сонгуулиар бид тойргууд дээр ажилласан. Бие даан нэр дэвшигч нар дээр. Ажилласан нэр дэвшигч нар бүгдээрээ ялсан. Гол нь ялах. Ялна гэдэг нь хамгийн бага зардлаар, хамгийн эрсдэлгүй замаар ялах. Хууль зөрчихгүй байх хэрэгтэй, дээрээс нь хамгийн бага зардлаар ялах хэрэгтэй.
– Манай сэтгүүлийн уншигч захиалагчдын хувьд ихэнх хувь нь бизнесийн байгууллагын удирдлагууд, маркетингийн менежерүүд байдаг. Тиймээс та уншигчдад зориулж ПиАр-ын кампанит ажлыг зохион байгуулахад хамгийн чухал анхаарах ёстой зүйлсүүдийг өөрийн туршлага дээрээ үндэслэн хэлж өгвөл?
-Хамгийн түрүүнд сэдвээ зөв сонгох хэрэгтэй. Яг юу хийх вэ гэдэг. Эхний сэдэв чинь л буруу байвал бүх юм худлаа болно. Гол мэссэжээ зөв өгөх хэрэгтэй. 2012 оны орон нутгийн сонгуулиар бид "Мөрөөдөл биелнэ" гэдэг кампанит ажлыг хийсэн. 9 дүүргийн 6 дүүрэгт үндсэндээ ялсан. Яагаад ийм том амжилтыг бий болгож чадав гэхээр үнэхээр Э.Бат-Үүл дарга өөрөө нийслэлд "Бид өөрчлөгдөж чадна, бид орон сууцанд амьдарч болно" гэдэг мөрөөдлийг бий болгож чадсан. Тэгээд, бидний мөрөөдлийн туйлын эцсийн цэг хэрэгтэй байсан. Жишээ нь: нэг юмруу заах ёстой байсан. Социализмын үед коммунизмд очно гээд заачихлаа. Үүгээрээ тасралтгүй, хэдэн арван жил нийгмийн сэтгэлзүйг барьж чадаж байна. Тэгээд, зааж байгаа бидний цэг нь хотоо хөгжүүлээд, Олимп зохион байгуулах хэмжээний хот болгоё. 2040 онд Улаанбаатар хотыг Олимп зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх хот болгох зорилт тавьсан. Энэ зорилт нь өөрөө бодитой зорилт байсан. Үүнийгээ бид задлаад, Олимпын хот болоход юу хийх ёстой юм? Энэ бүх мөрөөдөл биелэхэд юу саад болж байгаа юм? Авлига саад болж байна, хүнд суртал саад болж байна, энэ олон газрын зөвшөөрөл, төлөвлөлтгүй хот зэрэг олон асуудлууд гарч ирсэн. Энэ бүгдийг цэгцлэхийн тулд мөрөөдлөө бид хамгаалах ёстой юм байна. Мөрөөдлөө хамгаалах шийдэл нь бид нар мөрөөдлийг биелүүлэхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсийг сонгох ёстой юм байна гэдэг логикт хүрсэн. Тэгэхээр бид эхлээд мөрөөдлийнхөө цэгийг тодорхойлж байгаа юм, дараа нь мөрөөдлөө хамгаалах ёстой гэдгийг ухамсарт бий болгож байгаа юм, дараа нь яаж хамгаалах вэ гэхээр оролцох хэрэгтэй. Орон нутагт Ардчилсан намыг сонгох хэрэгтэй. Яагаад гэхээр Нийслэлийн удирдлагуудын хэрэгжүүлэх гэж байгаа ажлуудыг орон нутаг нь дэмждэг байх ёстой. Нийслэл бол өөрөө маш том. Нийслэлчүүдийн мөрөөдлийн төлөө тэмцэж байна гэдэг логикоор явсан. Тэгэхээр, би юу хэлэх гээд байна вэ гэхээр гол мэссэжээ зөв өгөх ёстой. 2040 онд Монгол улсад Олимп болбол гоё шүү дээ. Тэгэхээр, сэдэв чинь өөрөө хүнд таалагдах ёстой. Хоёрт нь, баг их чухал. Болж өгвөл мэргэшсэн хүмүүстэй ажиллахыг би хичээдэг. Зураг авахад хүртэл мэргэшсэн, видео хийхэд мэргэшсэн багтай байх хэрэгтэй. Улс төрийн кампанит ажил маш богино хугацаанд явдаг учир мэргэшээгүй хүмүүстэй ажиллах юм бол тэгээд л дампуурна. Нэг хулдаасан хэвлэл буруу байвал тэгээд л дуусна. 1 сая төгрөгний ажлаас болоод 200 сая төгрөгний кампанит ажил нурах ч тохиолдол гарч болно.
-Таны хэлсэнчлэн баг буюу хамт олон маш чухал. Харин та багийг бүрдүүлэгч удирдагч хүн. Та өөрийн удирдаж буй байгууллагынхаа маркетингийн багийг хэрхэн бүрдүүлсэн бэ? Таны хамгийн чухал тавьдаг шаардлагууд юу байдаг вэ?
-Миний хувьд баг удирдах гэхээсээ илүү маш том, туршлагатай багт орж ажиллах хувь тохиож байсан. Гурван л зүйлийг эрмэлздэг. Нэгд, үнэхээрийн хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Хүсэл эрмэлзэлгүй бол бүх юм нуран унадаг. Мөнгөнөөс илүү хүсэл эрмэлзэл их чухал. Ажилдаа дуртай байх ёстой. Өглөө ажилдаа ирэхдээ гоё инээгээд ирдэг байх ёстой. Хоёрт, жоохон ч гэсэн гарын эв дүйтэй байх хэрэгтэй. 1% байхад л хангалттай. Хүсэл эрмэлзэлтэй хүн бол аяндаа авьяас нь тодорчихдог л доо. Гуравт нь, энэ бүхний ард тэр хүн орлоготой байх ёстой, сайхан амьдрах ёстой. Амьдралдаа хариуцлагатай хүнтэй хамтран ажиллах дуртай. Ээж, ааваар тэжээлгэдэг, мөнгө чухал биш хүн ажилд хариуцлагагүй ханддаг. Цалингаасаа хасуулчихгүй байя гэсэн айдастай байдаг хүнийг хэлж байна. Би бол үргэлж орлого багасах үеэс айдаг. Яагаад гэвэл би бүхэл бүтэн амьдрал хариуцаж байна. Тэгэхээр, нэгт хүсэл эрмэлзэл, хоёрт, бага ч хэсэн эв дүй, авьяастай байх хэрэгтэй, гуравт, хариуцлагатай, амьдралын төлөө тэмцдэг байх ёстой. Тэрнээс биш их сургууль төгссөн эсэх нь тийм чухал биш.
-Залуу маркетеруудад хандан өөрийнхөө үнэт зөвлөгөөг өгөөч гэвэл?
-Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг хүний хувьд бид маркетингийн сувгуудаа анхаарахгүй бол болохгүй болчихлоо. Үнэндээ бол телевизээр цацах нь утгагүй болж байна. Бид илүү төрөлжүүлмээр байна. Мэдээг хэн үздэг юм? Яг тэр үздэг хүмүүст нь зориулаад, үнэхээр хэрэгтэй бүтээгдэхүүн өөрт чинь байгаа бол явуулдаг. Солонгос киног хэн үздэг юм? Тэр хүмүүст нь зориулаад. Тэгэхгүй бол хуваарилалтыг нь харахад жигд тараачихдаг. Нөгөө талаар, хэвлэл мэдээллийн байгууллагууд нь шантааж хийгээд байдаг байх л даа. Сурталчилгаа өгөхгүй бол бид нар мууллаа ч гэдэг юм уу. Гэхдээ, маркетингийн энэ залуу үе, менежерүүд цэвэрлэж өөрчлөхгүй бол болохгүй байна. Энэ бол хандаж хэлэх үг гэхээсээ илүү миний хүсэлт л дээ. Та бүхэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ сурталчилгаагаа цацаж буй сувгуудаа сонгохдоо илүү төрөлжсөн, эцсийн хэрэглэгч нартаа хүргэхэд илүү ач холбогдол өгөөч ээ. Хэвлэл мэдээллийн салбарыг та нар жаахан өөрчлөхгүй бол болохгүй байна. Бид ч гэсэн дотроо өөрчлөхийг хичээгээд ажиллаж байна. Жишээ нь, 20 телевизээр 20 адилхан реклам гардаг байж болохгүй биз дээ? /инээв/.
-Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Ярилцлагынхаа сүүлийн асуулт болгож нэг сонирхолтой асуултыг асууя. Таны бодлоор Монголд хамгийн сайн амжилттай хэрэгжсэн маркетингийн кампанит ажил (аль ч салбарт байж болно). Мөн яагаад та амжилттай гэж үзэж байна вэ?
-Миний бодлоор уриа үг их чухал байдаг. Хамгийн сайн уриа бол "Өргөө” кино театрын “Гайхамшиг үргэлжилсээр" гэж уриа. Сүүлд би “Өргөө” кино театрт “Gravity” гэдэг кино үзсэн. Миний дотоод ертөнцөд гайхамшгийг эхлүүлчихэж байгаа юм. Энэ уриа үнэхээрийн оновчтой, сайн уриа болж чадсан гэж үздэг. Компани дундаас бол би “Юнител” компанийн маркетингийн алба хамгийн сайн гэж үздэг. Маш хэцүү өрсөлдөөн дундаас гарч ирж байна. “Юнител”-ийн өнгө эзэмших тактик, өгүүлбэр байршуулах аргууд нь сайн. Жишээ нь, "Амжилтаараа ялгар". Үүгээр хэрэглэгчдийн дунд мэссэж байршуулж чадаж байна. Ихэнх компаниудын реклам компанийнхаа логогоор төсөөлөгддөг. Миний бодлоор лого гэхээсээ илүү өгүүлбэрээр төсөөлөгдөх ёстой, мэссэж байрших ёстой. Хэрэглэгчдэд ойлголттой болгох хэрэгтэй Тэрнээс биш, тэр компани гоё, энэ компани гоё гэхгүйгээр утга авч үлдэх ёстой. Тэгэхээр, явуулж байгаа бүх рекламны утга үлдээдэг. Сүүлийн нэг жишээ хэлье. "Миний фэйсбүүк" гээд реклам. Сонсоход төвөгтэй юм шиг ч гэсэн их амжилттай болсон гэж үздэг. Фэйсбүүкээр дамжуулж, борлуулалтаа өсгөнө гэдэг логик нь өөрөө зөв байгаа юм. Дэлхий нийт үг рүү явж байна, агуулга руу явж байна. Техник чухал биш болж байна.Эцэст нь хэлэхэд, би тийм мундаг хүн биш. Харин маш олон мундаг хүмүүсээс суралцахыг хичээдэг, суралцдаг. Намайг түшиж байсан, тусалж байсан, зааж байсан тэр бүх хүмүүст баярлалаа гэдэг үгийг танай сэтгүүлээр дамжуулан хэлмээр байна. Баярлалаа.
-Баярлалаа таны цаашдын ажилд тань амжилт хүсье.