С.Бямбацогт: Хийх ажил олон байна

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Хийх ажил олон байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг сонгосон юм. Бүлгийн хуралдаан өндөрлөсний дараа МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ.

Намын дарга М.Энхболд бүлгийн даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар өрсөлдсөнөөс олонхийн дэмжлэгийг С.Бямбацогт гишүүн хүлээсэн тухай онцлоод, бүлгийн дэд даргыг бүлгийн дарга болно чинээ бодоогүй байсан учраас удахгүй дэд даргыг сонгоно. МАН-ын бүлгийн дарга байсан Н.Энхболдын хувьд өөрийн хүсэлтээр бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэлээ.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг бүлгийнхээ ажлыг юунаас эхлүүлэх вэ гэсэн асуултад "Сөрөг хүчний буюу цөөнхийн дарга хийнэ гэдэг бол амар ажил биш. Хариуцлагатай, санаачлагатай, идэвхтэй байх ёстой. Дарга гэхээс илүүтэйгээр зохицуулагч менежер гэж ойлгож байгаа. МАН-ын XXVII их хурлаас хойш бүлгийн гишүүд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажилласан. Энэ үеэр бүлгийн гишүүдийг илүү санаачлагатай ажилла гэсэн хүсэлтийг манай намын гишүүд дэмжигчид тавьж байсан. Тийм болохоор бидний өмнө хийх олон ажил байна. Цөөнхийн буюу сөрдөг бүлэг гэхээс илүүтэйгээр бүтээлч бүлэг байлгахын тулд өөрөөс хамаарах бүгдийг хийнэ гэж бодож байна. МАН-ын 2016 оны сонгуулийн ялалт бүлгийн үйл ажиллагаанаас хамаарна" гэж хариуллаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж