Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

МАН-ын шинэ ахлагч

МАН-ыг удирдах бүлгийн даргаар С.Бямбацогт сонгогдлоо. МАН-ын бүлгийн хуралд оролцсон 25 гишүүнээс 16 нь С.Бямбацогтод итгэл хүлээлгэж, ирэх гурван жилд УИХ дахь намын бүлгээ удирдах үүрэг олголоо. 2008 оноос хойш хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэрээр сөрөг хүчин дотроо л дуутай, шуутай гэгддэг заргач гишүүдийн нэг билээ. Бас тэр олонхи болоод Засгийн газартай хамгийн их маргаан үүсгэдэг гишүүн.

С.Бямбацогтын хувьд УИХ-д МАН-аас хоёр удаа нэр дэвшиж, ховдчууд түүнд хоёр удаа итгэл хүлээлгэсэн юм. МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүн С.Бямбацогт бүлгийн даргад Ж.Энхбаяр гишүүнтэй өрсөлдөж, олонхийн санал авсан юм.

Боловсрол:

– 1992 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль,

– 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж,

– 2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистер зэрэг хамгаалсан.

Ажилсан байдал:

– 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал,

– 2000- 2006 онд “Нью прогресс” ХХК-ийн захирал,

– 2006-2008 онд “Нью прогресс” группын ТУЗ-ийн дарга,

– 2008 онд “Нью прогресс” группын Ерөнхийлөгч, МАХН-ын Бага хурлын гишүүн,

– 2006-2008 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж