Барилгын инженеринг компанийн ажилтан Д.Энхтүвшин:
-Бизнес эрхлэлтийн орчинд таны бодлоор ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Бизнес эрхлэгчдэд тулгараад байгаа хамгийн том асуудал бол авлига. Амжилтанд хүрсэн том бизнес бүрийн цаана авлига тодорхой хэмжээгээр байна. Барилгын салбарт гэхэд барилга эхлүүлэх тусгай зөвшөөрөл авахаас эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл бүх шатанд тодорхой хэмжээгээр хэл аманд өртөх, түүнийгээ ил далд байдлаар зохицуулахын тулд авлига өгөх, авах байдлаар татагдан орчихоод байх шиг байна. Барилга онцгой салбар учраас барилгын ажил эхлүүлэх гэхэд эхлээд газрын зөвшөөрөл хөөцөлдөх, түүхий эдээ татах, тээвэрлэлтээ шийдэх, цаашлаад эцсийн бүлэгтээ улсын комисст хурдан хүлээлгэж өгөх шатанд эрх мэдэлтэнтэй харилцах шаардлага гарна. Цаг хугацаа алдахын хэрээр мөнгө урсах учраас ажлаа гацаахгүйн тулд ингээд наагуур, цаагуур шийдэх зүйл гардаг нь бизнес эрхлэгчдэд тулгардаг нийтлэг асуудал болчихсон байх. Хуучин намын тогтолцооны үеэс ийм гажуудал үүсчихсэн юм шиг санагддаг. Хууль тогтоох байгууллагаасаа эхлээд жижиг компанид авлигын асуудал газар авч, нийгэм даяараа ийм байх ёстой гэдгээр хүлээн авах гээд байх юм. Өөрөөр хэлбэл, нэг нь авлига өгөөд эхлэхээр бусад нь дагаад авлига өгөх ёстой мэтээр ойлгох гээд байгаа тал байна. Энэ нь бизнесийн орчинг булингартуулж, нийтээрээ санхүү, төсвийн асуудалтай байгаа энэ үед хэцүүхэн асуудал болоод байна.
-Бизнесийн салбарыг бүрхээд байгаа авлигаас хэрхэн ангижирч чадах вэ?
-Сонирхлын зөрчлийн тухай хууль өнгөрсөн онд батлагдлаа. Мөн суурь хууль болох Авлигын эсрэг хууль байдаг. Ер нь авлигатай тэмцэх, зогсоох хууль эрх зүйн орчин хангалттай сайн бий гэж боддог. Хэрэгжүүлж л чадахгүй байна. Сүүлд Авлигатай тэмцэх газар идэвхтэй ажиллаж байх шиг. Ихэнх бизнесийнхэн Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд бүртгэлтэй байдаг учраас Авлигатай тэмцэх газар танхимтай хамтарч, яг бизнесийнхний дунд орж ажиллах хандлагатай байгаа нь үр дүн авчрах байх.
Ийнхүү бизнес эрхлэгч нэгэн төлөөлөл ийнхүү авлигыг онцолсон бол мэргэжлийн холбоодын төлөөлөгчөөс энэ талаарх байр суурийг нь мөн сонссон юм.
Монголын барилгачдын холбооны тэргүүн М.Батбаатар:
-Бизнесийн бүлгийнхэнд ялангуяа барилгын салбарт үйл ажиллагаа явуулахад тулгардаг бэрхшээлийг авлига гэдгээр зарим хэсэг үзэж байна. Та үүнийг юу гэж бодож байна?
-Барилгын салбартай холбоотой олон маргаан гардаг. Сүүлд гэхэд 250 барилгыг ашиглалтад оруулалгүй, төсөвт өртөг, хөрөнгийг шалгая гэсэн яриа хөөрөө гарч байна. Үүнтэй холбоотойгоор манайх Аудитын үндэсний газартай хамтраад шалгалт хийх гэж байна. Барилгынхан авлигын хэрэгт бодитоор орооцолдоод байдаггүй гэх үү дээ. Мэргэжлийн байгууллагын хувьд хөндлөнгөөс ажиглахад барилгын гүйцэтгэгч компаниуд өөрсдөө төсөвт өртгөө багаар тооцоод барилгадаа ороод байх юм. Ингэхээр дараа нь барилгаа бариад дуусахад мөнгө дутдагаас илүү гарч, бусдад авлига өгөх хэмжээний болдоггүй. Дандаа л хөрөнгө мөнгө дутчихсан байдаг. Тиймээс улс төрчид хөрөнгө оруулалтыг будилуулдаг юм байна. Жишээ нь, тухайн тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн 250 сая төгрөгийн өртөгтэй сургууль барихын тулд 300 сая төгрөг гэж тооцуулдаг ч юм уу. Цээжээрээ ингээд нэг хөрөнгө төсөвлөчихөөр барилгын явцад өнөөх сургуульд 350 сая төгрөг шаардлагатай байдаг асуудал гардаг. Ийм будилаан гарахаар хардлагад өртдөг. Энэ жишээн дээр гэхэд хөрөнгө нь дутаад ирэхээр манай барилгынхан эрх мэдэлтнүүдээс гуйх, элдэв арга хэрэглэх гэх юм. Өөрөөр хэлбэл, манай барилгынхны авлигад холбогддог гол сэжим нь барилгын төсөв хөрөнгөө үндэслэлгүй, дутуу суулгачихаад, зураг төсөлгүй юм руу хамаагүй дайрч орчихоод, үндэслэлгүй дүн тавьсан тендер рүү үндэслэлгүй тоо тавьж орохоор хөрөнгө оруулалт нь гацаад, мөнгөө эргүүлж авахын тулд ямар нэгэн хэлбэрээр авлигад татагдан орж байна. Барилгынхан дуртай үнээ хэлдэг гэдэг нийтлэг үг байдаг бол барилгынханд дуртай үнээ тулгадаг бас асуудал байна. Энэ бүхэн авлигын нэг арга хэлбэр болоод, бодит ажлын үр дүнг үгүйсгэх, бизнесийн орчинд сөргөөр нөлөөлөх тал бий.
-Ийм үндэслэлгүй төсөвт өртгөөс болж авлигад холбогдож, цаашлаад бизнесийн бүлгийнхэн хямрахад хүрч байгаа бол үүнээс хэрхэн гарах вэ?
-Барилга хот байгуулалтын яам, харьяа агентлаг, мэргэжлийн холбоод хамтарч барилгын суурь үнийг яаравчлан тогтоох хэрэгтэй байна. Мөн анх барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөх шаардлагад тухайн барилгын компанид наад зах нь гурван инженертэй байх ёстой гэдэг асуудлыг тусгахаар болж байгаа. Ингэхээр авлига авах, өгөх нь багасч, бизнесийн байгууллагын хариуцлагатай, үр ашигтай, шударгаар ажиллах нөхцөл бий болох болов уу.