Дэлхийн аваргуудын хэсгийг дугаарлахуй

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргуудын хэсгийг дугаарлахуй

Бидний хүсэн хүлээсэн 2014 оны Дэлхийн аварга эхлэхэд ердөө хэдхэн сарын хугацаа үлдлээ. Хоног тоолон хүлээх шалтгааныг тэмцээний сугалаа бас бэлдээд өгчихлөө.

Томоохон тэмцээн болгоны сугалааны дараа "ҮХЛИЙН" хэсэг аль болох тухай яриа өрнөдөг. Харин энэ удаа бүр 2-3 ийм хэсэг тодроод байна. Ингээд та бүхэнд Бразилын дэлхийн аваргын хэсгүүдийг өрсөлдөөнөөр нь дугаарлан сонирхуулж байна.

8. E ХЭСЭГ

ФРАНЦ, ШВЭЙЦАРЬ, ЭКВАДОР, ХОНДУРАС

Сугалааны дараа Франц хамгийн жаргалтай байсан нь нууц биш. Швэйцарь хэсгээ тэргүүлэгчдийн дундаас хамгийн сул нь байсан учраас 4-р потны багууд тэдэнтэй таарахыг нууцхан залбиран хүсч байлаа.

Гэтэл Францыг аз дайрсан төдийгүй нэмээд Эквадор, Хондурасыг "бонус" болгоод өгчихлөө. Ийм хэсгээс нэгээр гарахгүй бол өөрсдөдөө гомдохоос өөр яахав. Тэдний араас Луйс Валенсия тэргүүтэй Эквадор гарах магадлал өндөр байгаа. Ямартай ч энэ хэсэгт хүчтэй өрсөлдөөн өрнөхгүй гэж олон хүн бодож байна.

7. С ХЭСЭГ

КОЛУМБИ, ГРЕК, КОТ"Д ИВУАР, ЯПОН

4-р потноос бусап багуудын төдийлөн эмээхүй байсан баг нь Грек. Тэдний 2004 оны Европын аваргын ихэнхи баатрууд зодог тайлж, шинэ үеийн өмнөх завсрын үедээ явж байгаа.

Харин энэ хэсэгт Радамель Фалькао, Фрэдди Гуарин, Куадрадо гэсэн хүчирхэг довтолгоотой Колумби "даам" гарч мэднэ.

Дрогбагаар ахлуулсан "Заанууд" ч гэсэн чанга өрсөлдөгч. Гэхдээ энэ хэсэгт бусдаасаа хол тасарсан лидер байхгүй. Ер нь жигд багууд учир "Амьдрал цэцэглэх" хэсгүүдийн нэг.

6. F ХЭСЭГ

АРГЕНТИН, БОСНИ, ИРАН, НИГЕРИ

Мэдээж хэрэг финалаас өөр зорилгогүй ирж байгаа Аргентиний санааг Босни, Иран, Нигери төдийлөн зовоохгүй байгаа. Мөн E хэсгээс 1-р гарах баг Аргентинийг дагаж гарах багтай нүүр тулах учир сэтгэл амар байх буй.

Ихэнхи хүмүүс Лео Месси болон түүний хамтрагчид бусад багуудаа "шүүрдээд" өнгөрнө гэж таамаглаж байгаа. Гэхдээ анх удаа ДАШТ-д оролцож байгаа Боснид Бегович, Пьянич, Ибишевич, Жеко гэсэн Европын топ лигүүдэд тоглодог туршлагатай залуус бий. Тэд ирэх тэмцээний "битүү морь" байх магадлал өндөр. Мөн Африкийн цомын шинэхэн аварга Нигери бусдынхаа "амьдралыг" бүрхэг болгохыг хүсч буй.

5. H ХЭСЭГ

БЕЛЬГИ, АЛЖИР, ОХУ, ӨМНӨД СОЛОНГОС

Маш олон талаараа энэ хэсэг бол Аргентиний F хэсэгтэй төстэй. Хэсгийн лидер Бельги 1-р байрыг эзэлж үлдсэн эрхийн төлөө бусад нь эн тэнцүү "үзэлцэх" учиртай. 2002 онд талбай дээрээ "шүүгчийн" тусламжтай хагас шигшээд шалгарсан ч гэсэн Солонгосууд дэлхийн тавцанд арай балчирдана.

Дараагийн шатанд хүчирхэг G хэсгийн багуудтай таарах учраас шөвгийн 16-гаас хойш эдгээр багуудыг харах магадлал бага. Гэхдээ Бельги сенсаац таривал асуудал өөрөөр эргэнэ.

4. А ХЭСЭГ

БРАЗИЛ, МЕКСИК, ХОРВАТ, КАМЕРУН

Бүх юм эндээс эхэлнэ. Зохион байгуулагчид явж явж өөрсдийгөө хамгийн хэцүү хэсэгт оруулчихлаа. Бразил үл ялиг бусдаасаа чансаа өндөр боловч алийг нь ч басч болохгүй эн тэнцүү 3 баг ард нь байна. Энэ хэсгийн ямар ч багаас 3 оноо салгана гэдэг амархан асуудал биш.

Это"о, Сонг, Ассу-Экото тэргүүтэй Камерун хамгийн аюултай байж мэдэх юм. Урьдчилсан шатанд гаргасан амжилт нь ч гэсэн хэр хүчирхэг байгааг нь харуулна. Хорват, Мексикийг хэсгээс гарахад ч гэсэн гайхах юм байхгүй.

3. D ХЭСЭГ

УРУГВАЙ, АНГЛИ, КОСТА РИКА, ИТАЛИ

Сугалааны дараа хамгийн түрүүнд сэтгэлээр унасан баг нь Коста Рика байх нь дамжиггүй. Ийм хүчирхэг 3 багийн дундаас тэсч үлдэнэ гэдэг хэцүү асуудал. Дэлхийн аваргын 7 цом энэ хэсэгт байна.

Гэхдээ бусад нь ч гэсэн ялгаагүй. Нэг ялагдал амсахад л дараагийн шат худлаа болоод ирнэ. Тиймээс энэ бол тэмцээний турш үзэгчдийн хамгийн их анхаарал хандуулж, чих тавих хэсэг.

Уругвай, Италийг дор хаяж шөвгийн найм хүртэл явах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Харин Англи эхлээд хэсгээс гарсны дараа хэр хол явж чадахыг нь төсөөлөх аргагүй.

2. B ХЭСЭГ

ИСПАНИ, НИДЕРЛАНД, ЧИЛИ, АВСТРАЛИ

2010 оны дэлхийн аваргын финалаас энэ хэсэг нээлтээ хийнэ. Ямархуу хэсэг вэ гэдэг нь эндээс л харагдаж байна. Чилийг зарим хүмүүс дутуу үнэлж болох ч саяхан Английг Уэмблид хожсон гэвэл бодлоо өөрчлөх байх.

Австрали ч гэсэн дэлхийн аваргын арвин туршлагатай дутуу үнэлж болохгүй байг.
Гэсэн хэдий ч Испани, Нидерланд хэсгээс гарахгүй бол гайхах бизээ.

1. G ХЭСЭГ

ПОРТУГАЛ ,ГЕРМАН, ГАНА, АНУ

G хэсгийг "ҮХЛИЙН" хэмээн тодотгож болно. Хэсгээс шалгарах магадлал сул багуудаас эхлээд эхлэе. Гана тэмцээний арвин туршлагатай бол өөрийнхөө бүсдээ "даам" гардаг Америкчууд авьяастнуудаар дутахгүй.

Тэгээд яг одоо дэлхийн хамгийн шилдэг тоглогчоор нэрлэгдэж байгаа Роналду тэргүүтэй Португал байна. Хэрвээ Португал сенсаац дэгдээх аваас Роналдутай 100 хувь холбоотой байх болно.

Гэхдээ G-г яагаад үхлийн хэсэг болж байгаа шалтгаан нь Германчууд. Зохион байгуулалт, авьяас чадвар, бүрэлдэхүүн гээд бүх талаараа төгс Германы машин. Ийм хүчтэй Германыг ойрын хэдэн жил харсангүй гэж Клинсманн дуу алдсан байдаг.

Эх сурвалж:  SCORE STUDIO
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж