Ерөнхийлөгч Өмнөд Африкийг зорих боломжгүй байлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Өмнөд Африкийг зорих боломжгүй байлаа

Л.Пүрэвсүрэн: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөд Африкийг зорих боломжгүй байлаа

Дэлхийн түүхэнд тодорсон гарамгай удирдагч, Ардчиллын төлөөх эрхмүүдийн нэг Нельсон Мандела тун саяхан таалал төгссөн. Манделатай салах ёс хийхээр дэлхийн олон орны удирдагчид эмгэнэл илэрхийлж, Өмнөд Африкт биечлэн очиж байгаа.Үүнтэй холбогдуулан Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч агсан Нельсон Манделатай салах ёс гүйцэтгэхээр олон орны төр, засгийн тэргүүнүүд тус улсыг зорьж байна. Манай улсын Ерөнхийлөгч тийш явах уу?

-Нелсон Манделла, Махатма Ганди гээд дэлхийн түүхэн дэх сод эрхмүүдийг монголчууд бид эртнээс сургаар мэддэг ард түмэн. Бид аль социализмын үед амьдарч байхдаа ч ардчиллын төлөөх түүний үйл хэргийг маргах зүйлгүй дэмжиж байсан. Ийм тэмцэл, үйл хэргийг бид хүндэтгэдэг. Үүний адил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч мөн адил Ардчилал, эрх чөлөөний төлөө амьдралаа зориулсан хүний хувьд олон орны удирдагч нартай найрсаг харилцаатай явж ирсэн. Нельсон Манделатай салах ёс хийх арга хэмжээнд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсаас манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржыг оролцохыг урьсан урилга ирсэн. Харамсалтай нь улс орны дотоодын хойшлуулж боломгүй төлөвлөсөн олон ажил байснаас үүдэн Нельсон Манделатай салах ёс гүйцэтгэх ёслолд явах боломжгүй байлаа. Ямар ч байсан төрийн тэргүүний хувьд албан ёсоор эмгэнэл илэрхийлсэн. Иргэд маань харсан байх. Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулж байгаа “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн чуулган, түүнтэй холбоотой олон ажил өрнөж байгааг анзаарсан байх. Өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд энэ асуудлаар парламентийн гишүүдтэй уулзлаа.

-Тэгэхээр цаг хугацааны хувьд оролцох боломжгүй гэсэн үг үү?

-Тийм. Ямар ч байсан Нельсон Манделатай салах ёс хийхээр дэлхийн 60 гаруй орны төр, засгийн тэргүүн өндөр дээд хэмжээний зочдоос бүрдсэн 90 гаруй улсын төлөөлөгчид оролцохоор болсон байна. Энэ нь өөрөө Ардчиллын төлөөх олон улсын эв санааг нэгтгэж өгч байгаа хэрэг.

-Манай хоёр улсын хувьд алс хоёр тивд оршдог. Харилцаа, хамтын ажиллагаа хараахан өргөжөөгүй байгаа байх.

-Тун саяхан тус улсын Дэд Ерөнхийлөгч нь манайд айлчилсан гэдгийг мэдэж байгаа байх. Өмнөд Африк улстай бид харилцан Элчин сайдын яамаа байгуулж, харилцаагаа өргөжүүлье гэж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жекоб Зуматай Давосын уулзалт болон бусад олон улсын хурал чуулганы үеэр хэд хэдэн удаа тааралдаж улс орныхоо тухай ярьж байсан. Тэгэхээр ирэх жилүүдэд хамтын ажиллагаа өргөжих байх.

Т.БЭХ

Эх сурвалж: www.time.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж