
Д.Энхтайван: Энэ хэргийг нарийвчлан шалгуулахаар болсон
Энэхүү хэргийн талаар ГХЯ-ны Хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Энхтайванаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Талийгаачийн ар гэрийнхэн танай яаманд энэ хэрэг гарахаас өмнө нь хандсан уу?
-Үгүй, манайд энэ хэрэг гарсан талаар Бээжин дэх Монгол Улсын элчин сайдын яамнаас мэдэгдсэн. Тэр үед л бид мэдсэн. Тэгээд ар гэрийнхэнтэй нь холбогдож хэргийн талаар мэдэгдсэн. Тэр үед гэрийнхэн нь цагдаагийн бүх шатны байгууллагаар явсан талаараа болон уг хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.
– Талийгаач хүний наймааны золиос болсон байж магадгүй талаарх мэдээлэл цацагдаж байгаа. Энэ хэргийн талаар манай талаас шалгаж байгаа юу?
-Малайзын талаас амиа хорлосон байдалтай олдсон гэж мэдэгдсэн. Харин бид энэ хэргийг дахин нарийвчлан шалгах хүсэлт гаргах гэж байгаа. Талийгаачийг бусдын гарт амиа алдсан уу, амиа хорлохыг оролдсон уу гэдгийг тодруулахаар холбогдох албанд хандаад байгаа. Тайландад суугаа Монголын Элчин сайдын яам Малайзын асуудлыг хавсран эрхэлдэг. Тиймээс Тайландын элчин сайдын яаманд чиглэл өгөөд байгаа. Мөн Хууль зүйн яам болон холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн.
Тэрбээр ийнхүү ярьсан юм. Талийгаачийн ар гэрийнхэн хүнд байдалд орсон охиноо аврахын тулд хорооны цагдаагаас эхлээд дүүрэг, нийслэлийн цагдаагийн байгуулагад хүртэл хандсан байна. Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо буюу Хонхор өртөөний хэсгийн байцаагч н.Баяр-Эрдэнээс энэхүү хэргийн талаар тодруулахад “Би саяхан ажлаа авсан. Манайд ийм хэрэг бүртгэгдээгүй байгаа. Би сайн мэдэхгүй байна” гэсэн юм.
Хэргийн талаар талийгаачийн ээжтэй утсаар холбогдож зарим зүйлийг тодруулахад тэрбээр доорх хариултыг өгсөн юм.
-Та бүхэнд гадаад харилцааны яам болон холбогдох байгууллагууд туслахаар болсон гэж байсан. Хэзээ Малайз руу явах гэж байгаа вэ?
-Хүний эрхийн үндэсний комиссынхон Малайзын хүний эрхийн байгуулагад биднийг очих талаар мэдэгдэх гэсэн боловч тухайн байгуулагынхантай холбогдож чадаагүй гэсэн. Ямартай ч ирэх долоо хоногоос явна гэж байсан. Манай гэр бүлээс хоёр хүн Малайз явахаар болсон. Гадаад харилцааны яамнаас очоод холбоо барих албаны хүмүүстэй нь ярьж байгаа гэсэн.
-Талийгаач та бүхэнтэй хэзээ хамгийн сүүлд холбоо барьсан бэ?
-Манай хүү дүүгийнхээ дууг утсаар ярих болгонд нь утсан дээрээ хурааж авсан. Охин маань хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 10-нд бидэнтэй холбоо барьсан. Үүнээс хоёр хоногийн дараа амиа алдсан байсан гэж Малайзын цагдаагийн байгууллагынхан мэдэгдсэн юм билээ. Малайзын хуулийн байгууллагаас миний охиныг амиа хорлосон байдалтай байна гэж мэдэгдсэн байсан. Юу гэж амьд гарах гэж тэгтэлээ тэмцэж байсан хүүхэд амиа хорлох вэ дээ. Манай улсад хүний эрхийн талаар хуулийн байгууллагууд мэдээлэлгүй байдаг нь бидний явсан газар бүрт мэдэгдэж байсан.
-Талийгаач хэдэн настай байсан юм бэ?
Миний охин 1989 онд төрсөн. Одоо 24 настай шүү дээ. Би өдөр болгон л охинтойгоо уулзах юмсан гэж залбирдаг байсан. Энэ хүсэл маань талаар болж байгаа бололтой. Ямартай ч хурдан тэр Малайзад нь очих юмсан гэж бодож байна. Магадгүй өөр хүнтэй андуурсан ч байж болно шүү дээ. Нүдээр харахаас нааш би энэ бүх явдалд итгэж чадахгүй байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин