Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАХН-ын нөхдийг, бүр тодруулбал, Сангийн сайд Ч.Улааны “торгон цэргүүд”-ийг албан тушаалаас нь буулгаж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байна. ГЕГ-ын дарга О.Ганбатыг Ч.Улаан сайдын хүн гэдэг. Сангийн яаманд газрын даргаар ажиллаж байсан түүнийг Д.Цэвээнжавын оронд “гаалийн дарга”-ын суудалд суулгахад л ийм хар дагаж явсан. Сүхбаатар аймагт дунд сургуулийн багш, Нийслэлийн өмчийн газарт мэргэжилтэн, Сангийн яаманд газар, хэлтсийн дарга, Санхүүгийн зохицуулах хороонд ажлын албаны даргаар ажиллаж байсан, хэн ч үл таних “нэгэн эрхэм” гаалийн байгууллагын толгойд суухад хэн хүнгүй гайхаж эргэцэж байсан билээ. Харин хэн хүний ярих нь О.Ганбатад сахилгын хариуцлага тооцсон нь МАХН, Ч.Улаан хоёртой холбоотойгоос гадна Замын-Үүдийн гаалийн дарга нартай холбоотойгоор зэмлэл хүртсэн гэх. Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан Замын-Үүдийн гаалийн ажил байдалтай газар дээр нь очиж танилцсан. Ирмэгцээ О.Ганбатад “Гаальд шахсан МАХН-ынхан ажлаа мэдэхгүй байна, ажлаа мэддэг хүмүүсээр соль” гэж анхааруулсан. Гэвч тэднийг халж сольсонгүй. Засгийн газрын хуралдаан дээр Ч.Улааных нь нүдэн дээр О.Ганбатыг дуудаж ирүүлэн сахилгын шийтгэл оногдуулсан нь Ерөнхий сайдын хувьд авч чадах хамгийн энгийн арга хэмжээ байв. Сангийн сайд Ч.Улаан ч гаальд шахсан О.Ганбатыг ажлаа сайн хийж чадахгүй байна, нэр хүндийг нь унагах нь гэдгийг эрт мэдсэн. Өнгөрөгч аравдугаар сард О.Ганбатад үүрэг өгсөн байдаг. Энэ дагуу О.Ганбат тушаал гаргаж гаалийн байгууллагын хэмжээнд 2013 оныг дуустал санхүүгийн онц байдал зарласан. Улсын төсөв алдагдалтай байгаа. Энэ алдагдлыг нөхөх үүргийг Сангийн сайд гаалийнханд өгсний дагуу авсан арга хэмжээ, зарласан онц байдал ямар ч үр дүнгүй байсан нь даарин дээр нь давс нэмсэн бололтой. Гаалийн байгууллага төсвийн орлогын багагүй хувийг бүрдүүлэх ёстой ч ядаж нормоо ч биелүүлээгүй яваа гэнэ. О.Ганбат даргын тушаалаар ГЕГ-ын ихэнх байцаагч орон нутагт ажиллаж, гаалийн газар, хорооноос зөрчил илрүүлж, улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээжээ. Гэвч амжилтад хүрээгүй болоогүй. Гаалийнхан хоол, унаа, утасны нэгж, сонин захиалга, урамшууллын мөнгө гэж цалингаасаа тусдаа авдаг. Энэ мөнгийг нь ГЕГ-аас түр хугацаагаар түдгэлзүүлээд байгаа. Энэ мэтчилэн хариуцлага ярих асуудал багагүй байжээ. Гэтэл О.Ганбат дарга сахилгын шийтгэл хүртсэндээ бантаж, уураа гаалийн байцаагч нарт гаргаж эхэлжээ. Хачир, чимэгтэй энэ уур уцаар гаалийнхныг хүндхэн байдалд оруулаад байгаа гэх. “Энэ шийтгэл миний гав дөнгийг үгүй болголоо, Гаалийн байгууллага намын томилгоогоор дүүрсэн. Олон жил бугшсан энэ үзэгдлийг Замын-Үүдийн гаалиас эхэлж арилгана. Замын-Үүдийн гаальд олон жил ажиллаж, хууль бусаар хөрөнгөжсөн олон байцаагч бий” хэмээн О.Ганбат дарга хэлсэн байна. Тэр энэ үгэндээ эзэн болж Замын-Үүд дэх гаалийн дарга Д.Баярмагнай, орлогч дарга болох хоёр хүн, 10 гаруй байцаагчийг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ. Түүнчлэн гаалийн байгууллагаас 40 гаруй хүнийг өөр газарт шилжүүлэн ажиллуулахаар болсон гэнэ. Энэ бүгд Ч.Улаан сайдын шахааны хүмүүс бололтой юм. Тэгэхээр О.Ганбат Ч.Улаан “ах”-ынхаа эсрэг хөдөлж эхэлсэн гэсэн үг. “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр О.Ганбат нэгэн цагт шадарлаж явсан “нөхөртөө” эсэргүүцлээ илэрхийллээ.
Харин энэ эсэргүүцлийг “ах сайд” зөвөөр ойлгох эсэх нь цаг хугацааны л асуудал билээ. Бүр эгдүү нь хүрээд албан тушаалтай нь ярина гэхгүй л байгаа даа.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин