Ө.Энхтүвшин: Мөнгө авсан гишүүдээ зарла

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин: Мөнгө авсан гишүүдээ зарла

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар "Төслийг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзлээ.

Энэ нь хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө хадгалуулаад буцаан авч чадаагүй иргэдийн хохирлыг барагдуулахтай холбоотой асуудал юм. Иргэдийг хохиролгүй болгохын тулд  хураагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах замаар асуудлыг шийдвэрлэхээр эл төсөлд тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "Хадгаламж зээлийн хоршоотой УИХ-ын гишүүд нэр холбогддог.  Хоршооны хохирогчдын зүгээс УИХ-ын гишүүдийг нэр заан тэр, тэр мөнгө авсан гэж хэвлэлийн бага хурал хийсэн. "Баян-Өндөр сан" гэж ямар хадгаламж зээлийн хоршоо байсныг мэдэхгүй, н.эзэн нь Самбалхүндэв гэж хүн байдаг гэсэн.  Түүнээс 50 мянган төгрөг авсан гэж хэлээд байгаа. Тэр авсан 50 мянган төгрөгөө бас хуваасан тухай хохирогчид хэлдэг. Энэ асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүний нэрийг зарлаач ээ гэж би Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд олон удаа хэлсэн, инээгээд л яваад байгаа. Энэ асуудлыг шийдээгүй байж, УИХ-аас хохирлыг барагдуулах хуулийн төслийг баталсан нөхцөлд олон нийтийн дунд "Улстөрчид татвар төлөгчдийн мөнгөөр хохирлоо барагдуулаад авчихлаа гэдэг ч юм уу, ашиг сонирхолдоо нийцүүлээд хууль баталчихлаа" гэх маш буруу ойлголт төрүүлнэ. Тийм учраас эхэлж Хадгаламж зээлийн хоршооноос хэн гэдэг улстөрч мөнгө авсан юм түүнийгээ ил болгож зарласны дараа асуудлыг хэлэлцэх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар дээрх байр суурьтай санал нэгдэхгүй гэдгээ тэмдэглээд, "Арилжааны банкууд дампуурахад татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг барагдуулдаг.  Хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдчихсан иргэдээ болохоор асуудлыг нь шийдэхгүй хойшлуулаад явж болохгүй. Цаана нь хүний эрхийн асуудал байгаа. Төрийн буруутай үйл ажиллагаанаас болоод иргэд хохирчихсон байдаг.  "Гэр хорооллын барилгажилт" хадгаламж зээлийн хоршоо дампуураагүй байхад дампуурсан гэж зарласан байх жишээтэй. Үүнээс болж ноцтой асуудлууд үүссэн. Тус хоршооны эзэмшилд байсан газрыг зарахад өөрсдийнх нь үнэлснээс хоёр дахин өндөр үнэ хүрсэн байдаг. Хэд, хэдэн лиценз байсныг нь  хууль хяналтын байгууллагынхан хурааж авсан нэрийн дор алга болгосон.  Өдий төдий өмч хөрөнгө ийм байдлаар алга болж, хохирогчдын хохирлыг ч барагдуулсан юмгүй үрэн таран болсон. Тиймээс  асуудлыг хойшлуулалгүй шийдэх цаг болсон" гэж үзсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах асуудлыг УИХ-д оруулж ирэх шаардлага Засгийн газарт байгаагүй. Хууль зүйн сайд нь шийдвэрээ гаргаад зохицуулж болох. Болдоггүй юм бол Засгийн газар тогтоол гаргаад шийдчих бололцоотой байхад асуудлыг УИХ руу оруулж ирсэн нь зохисгүй" гэв.

Ийнхүү гишүүд дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж байр сууриа илэрхийлсний дараагаар санал хураалгахад, УИХ-ын гишүүдийн олонхи нь төслийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм.

Сануулахад, хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулахад 36.1 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг. Хураагдсан эд хөрөнгийг зарж борлуулж байж хүмүүсийг хохиролгүй болгоно гэж Засгийн газар үзжээ. Өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн төсөлд  2014 оны төсвөөс хөрөнгө гаргаж хохирлыг барагдуулахаар заагаад байсан ч тийм эдийн засгийн чадавхи улсад байхгүй гэж үзсэн тул Засгийн газар төслөө буцаан татаж дахин өргөн мэдүүлсэн нь энэ аж. 

Мөн УИХ-ын хувьд анх 2007 онд Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулахтай холбоотой төслийг баталж байжээ. Ингэснээр хохирогчдын хохирлын 50 хувийг буюу 36.1 тэрбум төгрөгийг барагдуулж байсан аж. Үлдсэн хохирлыг битүүмжилсэн хөрөнгийг зарж борлуулан барагдуулна гэж уг төсөлд заасан ч хөрөнгүүд үрэгдэж алга болсон, анх тогтоосон үнэлгээндээ хүрэхгүй болсон гэх шалтгаанаар өнгөрсөн жилүүдэд үлдсэн 50 хувийн хохирлыг барагдуулах асуудал бүрэн шийдвэрлэгдэж чадалгүй өнөөдрийг хүргэжээ. Нийтдээ 8301 хохирогчдын хохирлыг барагдуулах ёстой юм байна.

Г.Дарь  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж