1918 оны долдугаар сарын 18
Ирээдүйн удирдагч мэндэллээ
Ролихлала Далибхунга Мандела Өмнөд Африкийн зүүн хэсэгт орших Мвезо хэмээх жижгэвтэр тосгонд төржээ. Эцэг эх нь түүнд ийм нэр заяасан ч хожим нь сургуулийн багш нь түүнийг Нелсон хэмээн нэрлэх болж, зарим үед түүнийг омгийн уламжлалт Мадиба гэх нэрээр дууддаг байв.
1939 он
Боловсрол ба Апартейдийн эсрэг тэмцэл
Мандела Форт Хэйрийн их сургуульд элсэн оров. Тус сургууль тухайн цаг үедээ Өмнөд Африкийн хар арьстнуудад зориулсан цөөн хэдэн сайн сургуулийн нэг байлаа. Гэвч Оливер Тамботой нийлж бойкотын арга хэмжээд оролцсон шалтгаанаар удалгүй сургуулиасаа хөөгждээ. Тамбо хожим нь түүний хамгийн дотны нөхөр, апартейд буюу арьс өнгөөр ялган тусгаарлах хуулийн системийн эсрэг тэмцэх үйлст үнэнч хамтрагч нь болсон юм.
1944 он
Улстөрд хөл тавьсан нь
Мандела Африкийн Үндэсний Конгресст нэгдэв. Энэ нь апартейдийн эсрэг үйл ажиллагаа явуулах Өмнөд Африкийн улстөрийн нам юм. Намын бодлого, намын хөгшин зүтгэлтнүүдэд сэтгэл ханамжгүй байсан Мандела, Тамбо нар хэсэг нөхдийн хамт АҮК-ийн Залуучуудын лиг гэгчийг үүсгэн байгуулав. Энэ бол Манделагийн Өмнөд Африк дахь апартейдийн дэглэмийг нуран унагаах их үйлсийнх нь дөнгөж эхлэл нь байлаа. Тэр жилдээ Мандела Эвелин Нтокотой гэрлэсэн юм. Хосууд 13 жил хамт амьдрахдаа дөрвөн хүүхэдтэй болжээ.
1952 он
Хүчирхийллийн бус тэмцлийг удирдсан нь
Шударга бус хуулийн эсрэг АҮК-ийн хөдөлгөөнийг Мандела удирдах болов. Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн энэ хөдөлгөөнийг хамгийн чухал нь хүч хэрэглэхгүй, ямар нэг хүчирхийлэлгүйгээр энхтайванч замаар өрнүүлэх нь түүний амин гол зорилго байлаа. Хожим нь түүнийг Засгийн газрыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр баривчилжээ.
1956 оны арванхоёрдугаар сарын 5
Эх орноосоо урвасан хэргээр баривчлагдав
Мандела, түүний хамт 155 хүнийг Засгийн газрын эсрэг өдүүлсэн тэмцлийн арга хэмжээ нь эх орноосоо урвасан үйлдэл гэх үндэслэлээр хэрэгт татав. Шүүх хурал таван жил үргэлжилж, эцэст нь гэм буруугүй гэж үзжээ.
1958 он
Уиннитэй гэрлэв
Эвелин Нтокогоос салсны дараа Мандела залуу ажилчин бүсгүй Номзамо Уинифред Мадикизелатай гэрлэжээ. Тэд хоёр охинтой болсон юм. Хожим нь Мандела 1995 онд хэвлүүлсэн “Long Walk to Freedom” хэмээх намтар номондоо “Анхны харцаар дурласан эсэхийг би хэлж мэдэхгүй юм. Ямартай ч би анх Уинни Номзамог олж хараад түүнийг эхнэрээ болгохыг хүсч буйгаа мэдэрсэн” хэмээн бичжээ.
1960 оны гуравдугаар сарын 21
АҮК хууль ёсны эрхээ хасуулав
Өмнөд Африкийн Шарпевилл хотод цагдаагийн газрын гадна болсон жагсаалыг тараах гэж цагдаа нар 69 хар арьст залууг будаан хороосон билээ. Шарпевиллийн аллага хэмээн түүхэнд үлдсэн тэр үйл явдал дэлхий нийтийг цочроож, шүүмжлэлийн бай болов. Өмнөд Африкийн Засгийн газраас дээрх үйл явдлын дараа АҮК-ийн хууль ёсны эрхийг хасч, Мандела энх тайванч аргаар тэмцэх хүслээ хаяв.
1961 оны зургадугаар сар
Апартейдийн эсрэг зэвсэгт тэмцэл
Апартейдийн эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлэхээр Мандела “Үндэсний жад” гэх хөдөлгөөнийг удирдах болов. Тэрбээр Африк, Европоор аялж, зэвсэгт тэмцэл хэрхэн хийх тухай судлах болжээ.
1962-1964 он
Өргөст торны цаана
Мандела 1962 онд Өмнөд Африкт эргэн ирээд шууд баривчлагдав. Улс орныг зэвсэгт тэмцэлд уриалсан, хууль бусаар улсын хил давсан хэрэгт түүнийг буруутгаж байлаа. Ингээд Мандела таван жил хорих ялаар шийтгүүлэв. Өргөст торны цаана хоёр жилийн хугацаа өнгөрөхөд Өмнөд Африкийн Засгийн газраас түүнийг дахин эх орноосоо урвасан хэрэгт буруутган, Роббен Айланд дахь шоронд бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ.
1968-1969 он
Эхийгээ, ууган хүүгээ алдав
Түүнийг шоронд хоригдож байх үед ээж нь таалал төгсч, удаахь жил нь ууган хүү нь цэл залуудаа авто ослоор нас баржээ. Гэвч Манделаг ээжийнх нь, хүүгийнх нь ч оршуулгын ёслолд оролцохыг зөвшөөрсөнгүй.
1980-1982 он
Манделаг чөлөөлөх хөдөлгөөн
Йоханнесбургийн “Sunday Post” сониноос Манделаг чөлөөлөх хөдөлгөөн санаачлав. Мандела болон АҮК-ийн бусад зүтгэлтнүүдийг суллахыг шаардсан мэдээ, нийтлэл тус сонингийн хуудаснаа хэвлэгдэх болжээ. Хоёр жилийн дараа Манделаг Поллсмур дахь чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлэв. Энэ үед Мандела Роббен Айландад хэдийнэ 18 жилийг өнгөрүүлсэн байлаа.
1988 он
Чанга дэглэмтэй хорихоос энгийн дэглэмтэй рүү
Мандела 70 нас хүрдэг жил сүрьеэгээр өвчилж, эмнэлэгт хүргэгдэв. Түүнийг эдгэсний дараа Виктор Верстерийн шорон руу шилжүүлжээ. Тэр нь энгийн дэглэмтэй шорон байсан тул Мандела эргэлт авч, өөр бусад хүмүүстэй уулзах боломжтой болсон байна.
1990 оны хоёрдугаар сар
Шоронгоос суллагдлаа
Тухайн үеийн Өмнөд Африкийн ерөнхийлөгч Клерк бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас зургаан сарын өмнө АҮК болон ижил төрийн бусад олон нийтийн байгууллагын эрхийг сэргээж, апартейдийн дэглэмийг нураах ажлыг эхлүүлэв. Ингээд дараа өдөр нь, хоёрдугаар сарын 11-нд Мандела шоронгоос суллагдлаа. Тэр амьдралынхаа 27 жилийг шоронд өнгөрүүлжээ. Эрх чөлөөт Манделагийн эхний үг нь түүнийг сулласан нь Засгийн газартай хийсэн тохироо биш тухай байв. Тэр цаашид ч үзэл баримтлалынхаа төлөө, хар арьст хүмүүсийн эрхийн төлөө тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ.
1990 он
Манделагийн аялал
Мандела их аялалд мордов. Тэрбээр Их Британийн ерөнхий сайд Маргарет Тетчер, АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буштай уулзжээ.
1991 он
Мандела АҮК-ийг тэргүүлэх болж, Мандела гэр бүлээ цуцлуулав
Африкийн үндэсний комисс 1960 онд эрхээ хасуулснаас хойш Өмнөд Африкт анхны үндэсний чуулганаа хуралдуулж, Нелсон Манделаг АҮК-ийн ерөнхийлөгчөөр сонгов. Тэр жил түүний эхнэр Уинни Мандела нийгмийн идэвхтэн, 14 настай Стомпи Сейпей гэгчийг хөнөөсөн хэрэгт буруутгагджээ. Гэрийнх нь ойролцоогоос Сейпейгийн цогцос олдсон тул Уинни зургаан жил гянданд хоригдох ялаар шийтгүүлжээ. Гэхдээ давж заалдаад, ялыг хөнгөрүүлж, торгуулийн арга хэмжээ авсан байна. Үүнээс хойш жилийн дараа Нелсон, Уинни Мандела нар гэр бүлээ цуцлуулав. Манделаг шоронд хоригдож байх хугацаанд Уинни үнэнч бус байсан нь нэгэнт тодорхой болсон тул тэд 1996 онд салжээ.
1993 оны арванхоёрдугаар сарын 10
Нобелийн энхтайвны шагналтан болов
Өмнөд Африкийн апартейдийн дэглэмийн үеийн сүүлчийн ерөнхийлөгч Клерк, Нелсон Мандела нарт Нобелийн энхтайвны шагнал хүртээв. Үүнээс зургаан сарын өмнө Өмнөд Африкийн улстөрийн намууд ард иргэдэд нээлттэй, хар, цагаан ялгалгүй тэгш эрхтэй оролцох сонгууль явуулахаар зөвшилцөлд хүрсэн байлаа.
1994 оны дөрөвдүгээр сарын 29
Мандела Өмнөд Африкийн ерөнхийлөгчөөр сонгогдов
Өмнөд Африкийн түүхэн дэх анхны нээлттэй сонгуульд Нелсон Мандела ялалт байгуулав. Дараагийн сард нь тэр ерөнхийлөгчийн тангараг өргөжээ.
1998 онд
Грака Мачелтай гэрлэв
Уиннигээс салснаас хойш хоёр жилийн дараа Мандела Грака Мачелтэй гэрлэв. Тэрбээр Мозамбикийн ерөнхийлөгч асан Самора Мачелийн бэлэвсэн эхнэр нь байжээ. Удаахь жил нь түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч, Табо Мбекид халаагаа шилжүүлэв.
2003 оны арваннэгдүгээр сарын 29
ДОХ-ын эсрэг тэмцэл
ДОХ/ХДХВ-ын хор хөнөөлийг урьдчилан таниулах, үхлийн аюултай энэ өвчнөөс сэргийлэхэд уриалах зорилготой хүмүүнлэгийн тоглолтын үеэр Нелсон Мандела Кейптаун хотын “Ногоон цэг” цэнгэлдэхэд илтгэл тавьжээ. Түүний илтгэлийг сонсохоор 30-40 мянган хүн цугласан гэдэг. “46664” нэртэй тэрхүү хүмүүнлэгийн тоглолт нь бүхэлдээ ДОХ-ын халдвараас сэргийлэх, энэ өвчний аюулыг урьдчилан таниулах зорилготой байв. 46664 гэдэг нь Манделагийн шоронгийн хүмүүжигчийн дугаар ажээ.
2005 оны нэгдүгээр сарын 6
ДОХ-ын эсрэг тэмцлээ идэвхжүүлэв
Манделагийн хүү Макгато ДОХ-ын улмаас амиа алдсан болохыг тэрбээр олон нийтэд зарлав. Дараа жил нь “46664” оддын тоглолтыг дахин Өмнөд Африкт болон Европт зохион байгуулж, орлогыг ДОХ-той тэмцэх ажилд бүрэн зориулжээ.
2007 оны долдугаар сарын 18
Дэлхийн лидерүүд энхтайвны төлөө
89 насныхаа төрсөн өдрөөр Мандела “Elders” хэмээх бүлгэм байгуулснаа зарлав. Үүнд нь АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер, АНУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан гээд дэлхийн лидерүүд багтсан бөгөөд тэд дэлхий нийтийн энхтайвны үйлст хүчин зүтгэхээр болжээ.
2009 оны долдугаар сарын 18
Манделагийн өдөртэй болов
Нелсон Манделагийн сангаас жил бүр түүний төрсөн өдрөөр Манделагийн өдрийг тэмдэглэж байхаар болов. Энэ өдрийн гол зорилго нь нийгмийн нэгдмэл байдлын төлөө дэлхий нийтийг уриалах явдал аж. Тухайн жилийн арваннэгдүгээр сард НҮБ-аас долдугаар сарын 18-ныг Нелсон Манделагийн нэрэмжит олон улсын өдөр болгон тунхаглажээ.
2009 оны арванхоёрдугаар сарын 11
Мандела Холливудын дэлгэцнээ
Манделагийн ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийн амьдралыг өгүүлсэн “Invictus” хэмээх кино дэлгэцнээ гарав. Гол дүрд нь, Манделагийн дүрийг жүжигчин Морган Фриман бүтээжээ. Хуваагдсан ард түмнийг нэгтгэх гэсэн түүний хүсэл тэмүүлэл, ажил үйлсийн талаар тус кинонд өгүүлдэг. Фриман хожим нь Манделагийн дүрийг бүтээх амаргүй даваа байсныг дурссан байдаг.
2010 оны хоёрдугаар сарын 11
Эрх чөлөөтэй болсноос хойш 20 жил
Нелсон Мандела шоронгоос суллагдсаны 20 жилийн ойн өдрийг африкчууд сүр дуулиантай тэмдэглэв. Түүнийг хүндэтгэж, улстөрийн ахмад зүтгэлтнүүд олны өмнө гарч, парламент нь хүндэтгэлийн чуулган зохион байгуулжээ. Энэ үеэр тус улсын ерөнхийлөгч Жакоб Зума “Ерөнхийлөгч асан Мандела хүйсийн ялгаваргүй, арьс өнгөний ялгаваргүйгээр эрх чөлөөт, ардчилсан улс болгохыг зорьж, улс орныг нэгтгэж чадсан” хэмээн олон нийтэд хандан хэлжээ.
2010 оны зургадугаар сар
Дэлхийн аваргын баяр цэнгэл, гэр бүлийн уй гашуу
Манделагийн 13 настай ач охин хөлбөмбөгийн ДАШТ-д зориулсан оддын тоглолтыг үзчихээд гэр рүүгээ харих замдаа авто ослоор амиа алдлаа. Гэр бүлд нь ийм уй гашуу тохиосон тул Мандела Өмнөд Африкт анх удаа зохион байгуулсан хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэд оролцсонгүй. Харин нэг сарын дараа болсон хаалтын ёслолд нь оролцжээ.
2010 оны долдугаар сарын 18
Мандела 92 нас хүрлээ
Мандела 92 насны төрсөн өдрөө ач, зээ нарынхаа хамт Йоханнесбург дэх гэртээ өнгөрүүлэв. Тэрбээр биеийн байдлаас шалтгаалан олон нийтийн өмнө гарахаа больжээ.
2010 оны аравдугаар сар
Шоронд өнгөрүүлсэн он жилүүд ном болон хэвлэгдэв
Манделагийн шоронд өнгөрүүлсэн 27 жилийн амьдралыг хүүрнэх “Conversations with Myself” хэмээх ном худалдаанд гарав.
2012 оны гуравдугаар сар
Цахим архивын төсөл
Нелсон Манделагийн цахим архив төсөл хэрэгжүүлж, албан ёсоор нээлээ. Уг ажилд “Google” компани 1,25 сая ам.долларын тусламж үзүүлжээ. Төслийн хүрээнд түүхийн чухал баримт болсон хэдэн арван мянган баримт бичиг, зургийг цахимжуулсан байна.
2012 оны арванхоёрдугаар сарын 12
Манделагийн эрүүл мэнд доройтож эхлэв
Мандела 2012 оны Зул сарын баярыг эмнэлэгт угтав. 94 настай удирдагч байнгын эмчийн хяналтад байх болж, тогтмол урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх болов. Өдөр ирэх бүр түүний эрүүл мэнд дордож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь ихэсчээ.
2013 оны долдугаар сарын 18
Мандела 95 насыг зооглов
Нелсон Манделагийн бие чилээрхэж, Өмнөд Африкийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеэр дэлхий нийт түүний 95 насны төрсөн өдрийг тэмдэглэж, янз бүрийн байдлаар түүнд хүндэтгэл үзүүлж байлаа. Өмнөд Африкийн сургуулийн хүүхдүүд их удирдагчдаа зориулж, төрсөн өдрийн дуу дуулцгааж, Претория дахь түүний хэвтэж байсан эмнэлгийн гадна хүмүүс цэцэг, лаа цуглуулж, түүнд сайн сайхныг ерөөж байв.
2013 оны арваннэгдүгээр сар
Манделагийн амьдралаас сэдэвлэсэн кино Өмнөд Африкт гарав
Удаан хугацаанд хүлээлгэсэн “Mandela: Long Walk to Freedom” кино Йоханнесбург хотноо нээлтээ хийв. Хэдэн арван жилийн турш бүтээгдсэн тус кинонд Британийн жүжигчин Идрис Элба Манделагийн дүрийг бүтээжээ. Өнгөрсөн есдүгээр сард нь эмнэлэгт эмчлүүлээд гарсан Мандела биеийн байдлаас шалтгаалан киноны нээлтийн ёслолд очиж чадаагүй байна.
2013 оны арванхоёрдугаар сарын 5
Мөнхийн амар амгалан
Нелсон Мандела 95 насандаа Йоханнесбургийн Хауфтон дахь гэртээ таалал төгслөө. Одоо тэр мөнхийн амар амгаланд нойрсох болно.