
Гэхдээ одоо зарим нэг зүйл нь хэрээс хэтэрч эхлэв. Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойн хүндэтгэлийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайд Чингисийн одон хүртээдэг юм байна. Түүнийг Ардчилсан намд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэн, намынхаа дээд шагналыг хүртээж буй юм байх. Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороог юу ч биш болгож, бужигнуулсан хүн ардчилалд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн болоод хувирчих нь тэр. Ер нь ингэхэд Ардчилсан намд намаа бужигнуулдаг, ажил өгсөнгүй гэж элдэв шантааж хийдэг, өөрт ашигтай алхам ирвэл “дайсны” талынхантайгаа ч хуйвалдаад юу л бол юуг ч хийж болдог урвагч, шантаажчин хүмүүсээ шагнадаг болчихсон юм биш үү. Дээрх шагнал эрх баригч намын гишүүд дунд ийм дүгнэлт хийхэд хүргээд байна. Ардчиллын төлөө шөнө, өдөргүй зүтгэсэн, намынхаа ялалтыг орон нутагт бэхжүүлэхийн төлөө тууштай тэмцсэн, Л.Гүндалай мэтийн бусниулагчидтай эцсээ хүртэл үзэлцсэн мянга, мянган гишүүдийн үнэлэмж, Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойн энэ өдөр ингэж хөсөр хаягдав бололтой.
Намаас өгсөн энэ шагналыг тодорхойлохдоо намын даргаасаа асуусан л байж таараа. Урваач шарваачтай хатуу тэмцэхээ мэдэгддэг Н.Алтанхуяг дарга яаж яваад энэ шагналыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайд өгөхийг хүлээн зөвшөөрдөг байна аа.
Хэдхэн хоногийн өмнө түүний дүү Хөвсгөл аймгийн ИТХ-д ямар хор найруулсныг дуулаагүй юм байх даа. Ардчилсан нам ингэж ч олон мянган гишүүнээ гомдоох гэж… Шагнал хүнээ олохгүй бол юу ч болж мэднэ шүү.