Нийгмийн ардчиллын хүрээлэнгээс саяхан хийсэн судалгаагаар судалгаанд оролцсон таван хүн тутмын нэг нь буюу 24,2 хувь нь одоогийн эрхэлж буй бизнесээ зогсоох, орхих эсвэл өөр чиглэлийн бизнес рүү орно гэжээ. Энэ нь олон компани, аж ахуйн нэгж үүд хаалгаа барих, улмаар ажилгүйдэл, ядуурал өсөх нөхцөл байдал үүсч болохыг харуулсан дохио аж. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, олон тооны тусгай зөвшөөрөл, лицензийг цөөлж, давхардсан хяналт шалгалтыг цэгцлэхийг судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчид хүсчээ. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл саадын хамгийн эхэнд валютын ханшийн өсөлт орсон байна. Түүнчлэн арилжааны банкны зээлийн хүү өндөр, түрээсийн дарамт их, элдэв тусгай зөвшөөрөл, Засгийн газрын бизнесийг дэмжсэн бодлого сул, татварын буруу тогтолцоо, авлига, хувь тооцдог буруу жишиг зэрэг нь бизнест дарамт болсоор байна. Бизнес эрхлэгчид нэн тэргүүнд төрийн дарамт, шахалтаас ангид байхыг хүсч байгааг судалгаа харуулжээ. Түүнчлэн гадаад валютын ханшийг тогтворжуулах нь бизнес эрхлэгчдийг дэмжихийн зэрэгцээ ядуурал, ажилгүйдлийн хэмжээг бууруулах, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг өсгөх нэг хүчин зүйл болно гэж үзжээ.
Бизнес эрхлэх таатай орчин улам бүр хумигдсаар байгаа өнөөгийн нөхцөлд МАН эрх ашиг нь зөрчигдсөн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, үндэсний эв эе, зөвшилцөл, ойлголцолд суурилсан баялаг бүтээх таатай орчныг бүх талаар бүрдүүлэх зорилгоор бүлгийн хуралдаанаа нээлттэй хийсэн нь энэ аж. Үүний үр дүнд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, бизнес эрхлэгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, зөвлөмж гаргалаа.