“Стандарт банк”-ны зөвлөхийг Монголоос гарахыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

“Стандарт банк”-ны зөвлөхийг Монголоос гарахыг хоригложээ

“Жаст” групптэй зээл эргэн төлөлтийн асуудлаар маргаан үүсгэсэн гадаадын “Стандарт” банкны зөвлөх Шинэ Зеланд улсын иргэнийг Монгол Улсыг орхиж явахыг хоригложээ. Африкийн томоохон зээлдэгч банкны зөвлөх Крис Брэдли зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн арваннэгдүгээр сард 131 сая ам.долларын зээлийн асуудлаар Монгол Улсад ирсэн тухай түүнтэй ижил нөхцөл байдалтай байгаа нэрээ нууцлахыг хүссэн хоёр хүн мэдээлжээ. Тэд Монголын “Жаст” группт зээлдүүлсэн мөнгөнийхөө эргэн төлөлтийн асуудлаар Монголын Засгийн газартай уулзалт хийхээр ирсэн байна. Харин энэ арванхоёрдугаар сарын 4-нд зөвлөх Крис Брэдлиг албаныхан Монгол улсыг орхин явахыг хориглосон болохыг Өмнөд Африкийн Йоханнесбург хотод төвтэй тус банкны зөвлөх Росс  Линстром олж тодруулсан аж.  Крис Брэдли энэ арванхоёрдугаар сарын 2-ны өдөр утсаар хийсэн мэдэгдэлдээ арваннэгдүгээр сарын 29-нд манай орныг орхих ёстой байсан ч албаныхан түүнийг явуулаагүй гэнэ. Түүнчлэн цагдаагийн газраас түүнийг сэжигтнээр татаж, шалгаж байна хэмээн тайлбарлажээ. Үүнээс хоёр хоногийн дараа энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Н.Төгсбаяраас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Харин Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг энэ арванхоёрдугаар сарын 3-нд “Стандарт” банкинд ирүүлсэн имэйлдээ зээлийн маргааныг шүүхээс гадуур шийдвэрлэхийг хүсч буйгаа илэрхийлжээ.

Крис Брэдли нь Монголд ирсэн зөвлөхийн багийнхан дундаас “Стандарт” банкинд шууд харъяалагддагүй ганц гишүүн нь гэнэ. Тэрээр 1999-2001 оны хооронд Стандарт банкинд ажиллаж байсан аж

Үүний зэрэгцээ “Стандарт” банк нь зээлийн эргэн төлөлтийг хийж чадаагүй Монголын компанийн эсрэг өнгөрсөн долдугаар сард Английн нийслэл Лондон хотын шүүхэд зарга мэдүүлжээ. “Жаст” групп нь 2007-2010 оны хооронд “Стандарт” банкнаас зээл авахдаа төрийн өмчийн “Эрдэнэт” олборлолтын корпораци болон “Улаанбаатар төмөр зам”-ыг барьцаалсан гэж “Bloomberg”-т мэдээлсэн байна. Түүнчлэн “Жаст”  группын захирал Ш.Батхүү нь өнгөрсөн 2011 оноос хойш өөрийн компаниудаараа дамжуулан авсан их хэмжээний зээлийнхээ эргэн төлөлтөө хийж чадахгүй болсныг Монгол Банкны Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганбат өнгөрсөн долдугаар сард мэдэгдсэн юм. Үүний дараа тэрээр Монголын урдаа барьдаг таван банкны нэг болох “Хадгаламж” банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр гаргасан билээ.

Үүнээс өмнө “Өмнийн Говийн элс” компанийн экс захирал Жастин Каплаг өнгөрсөн жилийн сүүл хүртэл Монголоос явахыг хориглосон бөгөөд тэрээр өдгөө ч манай улсад байгаа гэнэ. Түүнийг Авилгатай тэмцэх газраас компанийн олборлолтын лицензүүдэд шалгалт хийсэн аж.  

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж