МоАХ-ныхон ухаалаг төрийн төлөө зүтгэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

МоАХ-ныхон ухаалаг төрийн төлөө зүтгэнэ гэв

Монголын Ардчилсан хувьсгалын өдрүүд энэ өдрүүдэд болж буй билээ. Үүнд зориулж өнөөдөр МҮЭСТО-нд хүндэтгэлийн хурал болж өндөрлөлөө. Хурлыг нээж МоАХ-ны дарга Х.Баттулга илтгэл тавьсан бөгөөд “Ухаалаг төртэй болох үйлсэд Монголын ардчилсан холбоо оролцох ёстой. Ухаалаг төр авлигагүй байхыг уриалсан. Авлига буурсаар энэ жилд дахин 11 байраар урагшилж чадлаа. Бид үйлдвэржилтийг хангах бодлого гаргасан. Одоо хэрэгжүүлэх л ёстой. Үйлдвэржилтийн бодлого хэрэгжиж чадвал 200 мянган ажлын байр бий болно. Өнөөдөр нэг аймгийн театрын барилгыг барина гэж гурван тэрбумаар эхлүүлээд 10 тэрбумаар дуусгаж байна. Гэтэл арван тэрбумд цогцоороо баригдах шинэ сум төслийг дэмжихгүй байна гэдэг ухаалаг төр биш ” гэсэн байна.

Дараагаар  нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлсэн бөгөөд “Та бүхний тэмцлээр олж авсан үр дүн бол өнөөдөр. 24 жилийн өмнөх өнөөдрийнхтэй адил жавартай тэр өдрүүд Монголчууд өөрчлөлт хийх ёстойг мэдэрсэн халуун өдрүүд байсан. 24 жилийн дараа ардчилагчдад дахин ачаа ирж байна. Энэ бол албан тушаал биш, энэ бол үүрэг хариуцлага” гэсэн байна.

Энэ өдөрт зориулж МоАХ-ны анхдагчдийн нэг Д.Сосорбарам илтгэл тавихыг хүссэн бөгөөд нэлээд шүүмжлэлт үгийг хэлсэн юм. Тэрээр “Би үг хэлэхгүй байж тэвчихгүй. Ардчиллыг бий болгоход сэтгэл биеээ зориулсан нөхдийн маань 30 хувь нь өнөөдөр бидний дунд байхгүй нь. Тэд маань юуны төлөө тэмцсэн юм бэ. Бусдын хөрөнгийг булаадаг ийм нийгмийг хүсээ юу. Энэ өдөр алга ташиж баясах өдөр биш. Баялаг бүтээгчдийг хүндэтгэдэг байх ёстой. МоАХ бол ардчиллын vндэс юм.Тvvнээс олон мөчир ургасан нь намууд.Нам ашиглаж луйвар хийгчдийг цэвэрлэх хэрэгтэй. Ардчилсан намаар халхавч хийх гэсэн увайгүй хүмүүс олон байна. Бидний дунд газрын хулгайчид, хүүхдийн паркийг зүгээр л булаачихдаг улс байна. Бид ухаалаг төртэй амьдрах ёстой. Гэтэл ССАЖЯ зэрэг нь нам намын шахаанууд очдог газар болж. Шоронгоос гарангуутаа намын бөөрөнд наалдсан О.Магнай, Ж.Банзандан нарт ч эксрэмист бодлого ярьж, явуулж байгаад нь хариуцлага тооцох ёстой” гэсэн байна.

Энэ өдрийг тохиолдуулан намын дээд шагнал болох Чингис хааны одонгоор Л.Гүндалай, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга Д.Батбилэг, Хишигбат нарын гишүүдээ шагнасан байна.

Э.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж