Амьд уулзах гэж залбирсан ээжийн хүсэл биелсэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Амьд уулзах гэж залбирсан ээжийн хүсэл биелсэнгүй

Өнөөдөр Хүний эрхийн өдөр, бас Ардчилсан хувьсгалын ойн өдөр. Монгол Улс бол хүний эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан улс гэдэг нь нэгэн өдөр тохиодог дээрх хоёр тодотголоос харагдана. Гэвч эдгээр нь ердөө л чимэг төдий тодотгол гэдгийг биеэрээ мэдэрсэн нэгэн гэр бүлийнхэнтэй уулзлаа. Тэд Малайзад барьцаалагдсан Э бүсгүйн гэр бүлийнхэн юм. Ээж Ш, ах Б нар хүнд байдалд орсон хөөрхий бүсгүйг аврахын тулд  хорооны цагдаагаас эхлээд дүүрэг, нийслэлийн цагдаа, эцэст нь Эрүүгийн цагдаагийн газарт хүртэл ханджээ.

Тэднийг Хүний эрхийн үндэсний комиссынхонтой уулзаад гарч явахад нь цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Та бүхэнд Хүний эрхийн үндэсний комиссынхон хэрхэн туслахаар болов. Хэзээ Малайз явах вэ. Өөрсдийнхөө аюулгүй байдал болоод хамгаалалтын талаар бодолцсон уу. Орчуулагч хамт явах уу?

-Хүний эрхийн үндэсний комиссынхон Малайзын Хүний эрхийн комисстой холбогдож, биднийг очих талаар мэдээлэл өгөхийг хичээсэн боловч харамсалтай нь чадсангүй. Өнөөдөр Хүний эрхийн өдөр тохиож байгаа болохоор Малайзынхан  завгүй байгаа бололтой. Ер нь бол өмнө нь манай цагдаагийнхан  Малайзын интерполтой ч холбоо тогтоож чадаагүй. Тэгэхээр ямар аймшигтай битүү хатуу газар болох нь харагдаж байна. Дээрээс нь манай хууль хяналтынхан үнэхээр санаачлагагүй хандсан. Бид хэн гэдэг цагдаад хэрхэн яаж хандсанаа энэ удаа хэлмээргүй байна. Хамгийн гол нь гадны улс орныг зорьсон Монгол хүн ямар ч хамгаалалтгүй юм байна шүү гэдгийг хүмүүст сануулъя. Манайхан гэрээс хоёр хүн л Малайз руу явна. Хамгаалалтын талаар хэнд хэрхэн хандахаа мэдэхгүй л байна. Хандаж болох бүхий л хүмүүстэй уулзлаа. Баттай хамгаалалт амлаж байгаа газар алга.  Гадаад харилцааны яамны Консулын газраас ажлын хэсэг гарган хамт явуулж болох юм гэсэн. Гэвч бид яараад л байна. Нээрэн орчуулагчийн талаар бодоогүй л яваа юм байна шүү.

-Эндээс орчуулагч хөлслөхөөр өндөр төлбөртэй байх болов уу. Тэнд суралцагчдаас хөлсөлбөл яадаг юм бол?

-Харин л дээ. Яг үнэндээ гадаад руу зорчсон монгол хүмүүс хариулгагүй мал шиг л болсон байна. Яагаад Монгол Улсын төр засаг хэн хэзээ хаашаа явсан, аль улсад хичнээн нь аж төрж, сурч боловсорч байгааг яг таг мэдэхгүй байгаад маш их гайхаж байна. Дүүгийн маань хэлснээр Малайзад лав мянга орчим монголчууд орж гарч байдаг гэсэн. Дүүг маань хорьж цагдсан тэр газарт хар шар охид бүсгүйчүүд бас байсан гэсэн. Нэг жижигхэн шар охиныг бас хорьж байгаа, бүүр шоконд орчихсон байна гэж надад хэлсэн л дээ. Тэгэхээр дүү маань хүний наймаанд л өртчихөв үү гэж бид бодож байгаа. Эс бол том хэргийн гэрч болсон уу. Ямартай ч амьд үлдэх гэж их л хичээсэн дээ.

-Харин маш харамсалтай байна л даа. Та бүхэн цагдаад хандахын хажуугаар Гадаад харилцааны яаманд давхар хандахгүй дээ. Тэгсэн бол шуурхай ажиллах байсан ч бил үү?

-Шууд яаманд хандсан ч биднийг хүлээн авах байсан гэдэгт эргэлзэж л байна л даа. Бид цагдаад хандсанаараа төрдөө хандлаа гэж л бодож байсан. Цагдаагийн байгууллага нь холбогдох байгуулллагад хандана гэж итгэж байсан. Гэвч манай төрийн байгууллагад тийм уялдаа байдаггүй юм байна. Бүүр ирсэн мессежийг нь үзүүлээд “Дүү маань хүний наймаанд л өртчих шиг боллоо” гэхэд “Хүний наймаа гэдгийг чи яаж мэдсэн юм” гээд хөдлөөгүй. Үнэхээр харамсалтай. Дүү маань аврал эрж, зөндөө ярьсан. Ах нь яваад очъё гэхээр “Энэ харанхуй өрөөг хаана гэж та ирэх вэ. Олоод ирсэн ч таныг буудаж л орхино. Улсаа төлөөлсөн хүн л ирвэл арай өөр. Түүнээс наашаа ганцаараа бүү ирээрэй” гээд байсан л даа.

-Талийгаач хамгийн сүүлд хэзээ утсаар ярьсан бэ?

-Дүүгийнхээ наашаа ярьсан бүхнийг нь бид хадгалсан байгаа. Яг сарын өмнө холбоо барьснаас хойш дахин холбогдоогүй. Арваннэгдүгээр сарын 10-нд. Түүнээс хойш хоёр хоногийн дараа нас барсан юм билээ. Нас бараад бараг сар болчихлоо. Тиймээс бид маш их яарч байна. Талийгаачийг амьд байхад нь нас барсан гэж мэдээлж байсан гэсэн. Тэгэхээр өөр хүнтэй андуураад амьд байх юм биш байгаа гэсэн горьдлого бас төрөх юм гэлээ.

Талийгаачийн ээж Ш охиноо хоригдож байх хугацаанд их хэмжээгээр турж эцсэн гэдгийг хүү нь хэлж байлаа. Амьд уулзчих юмсан гэж залбирч байсан ээжийн маань хүсэл биелсэнгүй гэж Б яриагаа өндөрлөсөн юм. Талийгаач Э гурван хүүхэдтэй айлын бага охин ажээ. 1989 онд төрсөн 24-хөн настай залуу охин хүний газарт амиа алдлаа. Түүнд тохиолдсон энэ аймшигт явдалд монгол хүн дахин өртөх вий гэсэн болгоомжлолыг гэрийнхэн нь дахин дахин хэлж байлаа. Гэвч гэрийнхнийг нь хамгаалах, талийгаачийг хэрхэн нас эцэслэсэн талаар дүгнэлт гаргах албаны хүн ч томилохгүй байгаа нь бас л түгшүүр төрүүлсэн хэрэг бус уу.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж