Ч.Улаан: Далавчгүй төсөв болсон

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Ч.Улаан: Далавчгүй төсөв болсон

2014 оны улсын төсвийг батлаад сар шахам болох гэж байна.  Зарим нь сайн төсөв болсон хэмээн магтаж байгаа бол зарим нь тааруухан төсвийг баталлаа хэмээн шүүмжилж буй.  Тэгвэл энэ асуултад Сангийн сайд хариулт өгч, төсвийн задаргааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Төсөв гэдэг амьдрал.  Монголчуудын  амьдрал төсвийн орлого, зарлагаас хамаарах болохоор амьдрал ойрхон төсөв баталж чадлаа гэж Сангийн сайд үзэж байгаа аж.  Хэдийгээр амьдралд нийцсэн бодитой, орлоготой, тогтвортой төслийг баталсан ч гэлээ цаашдаа анхаарах олон зүйл байгааг дурдаад,  хөгжлийн хөрөнгө оруулалтгүй бол хичнээн амьдралтай төсөв баталсан ч бахь байдгаараа үлдэх болно гэж тэрбээр хэлсэн.

-Ирэх 2014 оны төсвийг та хэрхэн дүгнэж байна. Сайн төсөв баталсан гэдэгтээ санаа нэгдэж байна уу?

– Тоог хараад бодлогыг таньдаг. Бодлогыг бодож, тоог ойлгодог.  Намайг хараад чамайг таньдаг гэдэг дуу байдаг ш тээ. Түүн шиг л. Тоо, бодлого хоёрыг  уялдуулсан бодитой төсөв баталж чадлаа.  2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 6.8 их наяд, зарлага 7.2 их наядаар батлагдсан.   Гэхдээ сүүлийн арван жилд төсвийн зарлага 11 дахин өссөн байна. Жилд нэг дахин өсч байсан гэсэн үг. Тиймээс ирэх жилийн төсвийг   нэлээд танаж, хассан. Ирэх оны төсвийг та юу гэж дүгнэж байна вэ гэж сэтгүүлчид асуудаг. Миний хувьд далавчгүй төсөв боллоо гэж харж байгаа.

-Яагаад далавчгүй төсөв гэж?

-Нэг талаас нь харвал төсөв нисэхгүй гэсэн үг. Өмнөх “нисэлттэй” төсөвтэй харьцуулахад шүү дээ.  Далавчгүйгээр хурдан гүйж болно. Нөгөө талаас хэтэрхий шахагдсан төсөв батлагдсан нь хөгжлийн бодлогыг тодорхойлоход бас тийм ч сайн зүйл биш. Төсөв тогтвортой, бодитой байх нь сайн талтай ч  өрийг ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байна гээд заачихсан нь хөгжлийн хөрөнгө оруулалтыг татахад хэцүү л дээ.  Тэгэхээр хийх зүйл олон байгаа нөхцөлд бодлогоо эргэн харах шаардлагатай болж байгаа юм.

Гэхдээ өрийг ДНБ-ий 40 хувьтай тэнцэхээр баталлаа гээд зүгээр суух ёсгүй.  Ирэх жилийн төсөвт танаж болох бүх зардлаа танаж, олж болох бүх  орлогоо олохын төлөө ажиллана.  Татвар бүрдүүлэлтээ сайжруулна гэсэн үг. Төсвийн мөнгийг үрж байгаа аж ахуйн нэгж, Засгийн газрын яам, агентлагууд нэг  төгрөгийн орлого, зарлагыг тооцоод явна. Энэ жилийн хувьд орон нутагт төсөв зарцуулах эрхийг өгсөн.  Ингэснээр төсвийн төвлөрөл тодорхой хэмжээгээр багасна гэж үзсэн.  Шилэн дансны тогтолцоог Засгийн газар бий болгохоор ажиллаж байна. Шилэн данс гэхээрээ эмзэг хэврэг гэж битгий мушгиарай. Төсвийн орлого, зарлага иргэдэд шил шиг тунгалаг байх болно  гэсэн үг юм.  Өнөөдрийн хувьд таван аймгаас бусад нь төсвөө баталсан. Тэдгээр таван аймгийн хувьд дотоод асуудлаасаа болоод төсвөө баталж чадахгүй байгаа юм. Орлогыг нэмэгдүүлнэ гэдэг маань татвар хураалтыг эрчимжүүлнэ гэсэн үг. Гэхдээ татварыг нэмнэ гэсэн үг биш шүү. Нэг ч төрлийн татвар шинээр бий болохгүй, нэг ч хувиар татвар нэмэгдэхгүй. Үүнийг баталж байна.  Харин төр авах ёстой татвараа авна гэж ойлгож болно. Татварын тогтвортой орчинг бүрдүүлж, НӨАТ-ыг буцаан олгох ч юм уу, татвар төлөгчдөд хандсан таатай бодлогыг хэрэгжүүлж эдийн засгийн бааз сууриа өргөтгөх чиглэлийг барьж ажиллана.

-Татварын багц хуулийн төслийг хэзээ УИХ-д өргөн барих вэ. Энэ баг хуулиар ямар нэгэн татвар шинээр авахгүй, хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ч татварын хувьд одоогийнхоороо байна.  Удахгүй УИХ-аар хэлэлцүүлэх байх.

-Ирэх онд хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Энэ оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг харж байж болно. 2013 онд нийтдээ 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Одоогоор 600 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдээд явж байна. Үлдсэн 500 тэрбумыг нь гаргаж чадахгүй нь нэгэнтээ толдорхой боллоо. Он гарахад арван хэдэн хоног л үлдээд байна шүү дээ.  Тийм болохоор ирэх онд хөрөнгө оруулалтыг багасгасан.  Өнөө маргаашгүй ашиглалтад орох барилгуудын санхүүжилтийг өгнө. Харин нэлээд хэдэн он дамжсан барилгуудын төсвийг царцаасан байгаа.  Манайхан их сонин. Он дуусах нь, мөнгөө хумих нь гээд хийгээгүй ажлаа  хийсэн болгоод цаасан дээр биччихдэг. Энэ жил цаасан дээрх гүйцэтгэлээр мөнгө олгохгүй. Газар дээр нь ажлынх нь явцыг дүгнээд мөнгөө шилжүүлнэ.

-Улсын төсвөөр тэжээгддэг сангуудыг цэгцэлнэ гэсэн юу болж байна?

– Улсын төсвийн дотор  Засгийн газрын сан гэж байдаг. Нийтдээ 40 сан байна. Төсвийн захиран зарцуулагч нар сантай болохыг эрмэлздэг. Учир нь сангийг төсвийг баталдаг хэрнээ зарлагыг нь тооцдоггүй. Тиймээс төсвийн захирагч нар сан байгуулах сонирхолтой байдаг. Улсын төсвийн зарлагын 20 хувийг сангууд эзэлдэг. Тэгэхээр энэ асуудлыг цэгцэлнэ санаа бий.   Хэрэгтэй хэрэггүй сангуудыг журамлаж,  хяналттай болгоё гэсэн санал боловсруулж байгаа.

-Тэвчиж болох бүх зардлаа танасан гэлээ. Яг ямар зардлуудыг танав. Төсвийг 60 хувийг урсгал зардал эзэлдэг гэсэн. Энэ урсгал зардал хэр танагдсан бэ. Тухайлбал, төрийн албаны гадаад, дотоод томилолт, утасны мөнгө гээд элдэв халамж багассан уу?

-Урсгал зардалд улсын төсвөөс 5.3 их наядыг зарцуулахаар ирэх оны төсөвт суулгасан.  Цалин хөлс ба нийгмийн даатгалын шимтгэл, бараа үйлчилгээний бусад зардал, зээлийн үйлчилгээний төлбөр нийлээд шүү дээ.  Урсгал зардлын 30 хувийг төрийн албан хаагчдын цалинд зарцуулана.  41 хувийг нь татаас ба урсгал шилжүүлэгт, 21 хувийг бараа үйлчилгээний бусад зардалд зарцуулах юм.  Төрийн албан хаагчдын гадаад томилолт 3.8 тэрбумаар буурсан.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж