
“Шөнө амталсан нулимс”, “Парисын дарь эхийн сүм”, “Тамгагүй төр”, "Тэнгэрийн хүү" гээд театрын тайзнаа Н.Наранбаатараар овоглосон бүтээл сүүлийн хэдэн жилд тасраагүй. 33 жилийн дараа Монголын тайзнаа морилсон “Гамлет” ч бас түүний бүтээл. Монголын сонгодог урлагийг шат ахиулан буй тэрбээр дэлгэцийн бүтээлд ч хүч сорьж, хоёр жилийн өмнө “Үл таних эмэгтэй” кино туурвисан нь тухайн үеийн сор бүтээл байлаа. Саяхан тэрбээр “Зүүдэнд ч оромгүй явдал” кино бүтээсэн нь өдгөө кино театрын танхимд дүүрэн үзэгчтэй байсаар л байна.
Аливаа уран бүтээлийг зөвхөн нэг хүнд зориулж хийдэггүй. Тиймээс бялуурам сайхан магтаалын үгс, эрч хүч, эр зориг хайрлах урмын үгс, эсрэгээрээ уран бүтээлчдийн нөөц бололцоог шавхах учиртай шүүмж үгс Н.Наранбаатарыг хүрээлэн байна. Олон нийтийн үзэл, үнэлэмж ямар байхаас үл хамааран “Гамлет”-ын баатар энэ цаг мөчөөс эхлэн Төрийн соёрхолт боллоо. Хийж бүтээх хүсэл тэмүүлэл оволзсон цэл залуу насандаа тэр төрийн дээд шагнал хүртлээ. Хүн хүнээс илүүг хийсэн бүтээлд олгодог төрийн эрхэм соёрхол хүртсэн болохоор тэр хожмоо үүнээс ч илүүг хийнэ, бүтээнэ гэдэгт итгэнэм. “Дэлхийн сонгодгуудын оргил руу тугаа бариад мацлаа. Хаана нь хатгахыг хэлж мэдэхгүй юм” гэж тэрээр нэгэнтээ хэлсэн. Тийм ээ, сонгодгийн сарьдаг руу өгсөх түүнд өндрөөс өндөрт өгсөх уртаас урт замд нь дэм болох нэгэн шат, тулах цэг нь энэхүү шагнал болох учиртай мэт…
