Сэтгүүлч бидний үгийг сонсож, үйл ажиллагаа болгон хэрэгжүүлсэн Хүний Эрхийн үндэсний комисс болон Дархан-Уул аймгийн ИТХ, аймгийн Засаг дарга С.Насанбатад юутай ч талархал илэрхийлэх нь зөв болов уу. Тэрбээр аймгийн БСГ-аас “Багш хөгжлийн төв” болгосон хүүхдийн “Зулзага” зуслангийн хоёр байрыг буцаан авсан. Хүүхдийн төлөө төвөөс хуучин 3-р цэцэрлэгийн байрыг эргүүлэн авч шинээр 7-р цэцэрлэгийг байгуулсан нь оройтсон ч гэсэн хүүхдийн төлөө хийсэн буянтай үйлс байлаа.
Харин 3-р цэцэрлэгийн байрыг чөлөөлсөн Хүүхдийн төлөө төв буюу Хүүхэд гэр бүл хөгжлийн төв нь төсвийн 650 сая төгрөгөөр Хүүхдийн паркийн хашаан доторх хуучин “Эрхэс” баар буюу христийн “Баптист” сүмийн байрыг худалдан авсан. Хүүхэд гэр бүлийн төв энэ байрныхаа засвар тохижилтын ажлыг төсвийн 150 сая төгрөгөөр хийхээр төсөвлөсөн боловч тус мөнгө энэ жилийн төсөвт суугаагүй. Ирэх 2014 оны улсын төсөвт суулгахаар болжээ. Тийм учраас Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй “Солонго” чуулга, циркийн “Шонхоодой”, уран нугаралтын “Угалз” төвийн хүүхэд багачууд хичээллэх анги танхимгүй болчихоод байгаа юм.
Аймгийн удирлагууд энэ бүхэнтэй газар дээр нь ирж танилцаж, хүүхдийн дугуйлангуудыг энэ өвөл ЕБС-ийн заал, аймгийн захиргааны спорт зааланд сургалтаа явуулах боломж гарцийг нээн өгчээ. Эдгээр байгууллагууд ер нь цаашдаа яах вэ. Үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд тэдэнд өөрийн гэсэн байр буюу “Хүүхдийн ордон”-той болох зайлшгүй шаардлага урган гарч байна. Тэртээ 1970-1980-аад оны үед хүүхдийн амралт чөлөөт цаг, авьяас билгийг хөгжүүлэх залуу техникчдийн нисэх, авто, усан онгоцны загварын клуб, “Залуу байгальчдын дугуйлан Пионерийн зөвлөл болон Залуучуудын холбооны дэргэд байв. Харин “Залуучууд” театрын дэргэд дуу, хөгжим, бүжиг, жүжгийн дугуйлан байсан бол 3-р сургууль дээр циркийн дугуйлан, спортын бүх төрлийн дугуйлан БТСХ дээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ бүх дугуйланг нэгтгэн 1990 онд Хүүхдийн ордон байгуулах эхлэлийг тавьж “Дэвшил”-ийг “Хүүхдийн хотхон” болгож байлаа. Гэтэл томчууд хувьчлал нэрээр хүүхдүүдээс “Дэвшил”-ийн “Хүүхдийн хотхон”-ыг булааж авсан юм.
Үүний дараа 1992 онд Ц.Баатар багш “Зулзага” зуслангийн дэргэд “ХАСТ” буюу Хүүхдийн амралт соёлын төвийг байгуулан дуу, хөгжим, бүжиг, зураг, таэквондо, ширээний теннис, самбо, жүдо бөх, оёдол, гар урлал, фото зураг зэрэг 10 гаруй дугуйланг амжилттай ажиллуулж байв.
Энэхүү төв нь 1997 онд Хүүхдийн төлөө төвийн дарга нарын албан тушаал, эрх мэдлийн төлөөх далд тэмцлийн золиос болж устсан билээ. Харин УИХ-ын гишүүн асан Цэвээнжав Хүүхдийн ордон барина гэж хүүхэд багачуудыг баярлуулсан боловч тэр ордны барилга нь “Хүүхдийн номын ордон” болж жижгэрсэн түүхтэй. Түүнээс хойш хүүхдийн ордон барих асуудал ахиж сөхөгдөлгүй 2012 оны сонгуультай золгосон. Харин Дархан-Уул аймгийн МАН-ын орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүүхдийн ордон барина гэсэн амлалт бий. Энэ амлалтыг ажил хэрэг болгохын төлөө хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн шаардах цаг болжээ. Багш хөгжлийн ордонтой болно гэж хийрхэж байхаар хүүхэд, залууст зориулсан том цогцолбор ордонтой болмоор байна.
Аймгийн удирдлагууд минь Христийн сүмийн барилгыг 650 сая төгрөгөөр худалдан авч христийн байгууллагад хөрөнгө оруулалт хийж байхаар 250 саяар зарагдсан “Хаадууд” компанийн барилгыг худалдан авч болох л байж дээ. Заавал хуучин барилга худалдан авах ёстой юм бол Орос клуб, хуучин Дарханы кино театр, Үйлчилгээний төвийн кино театр, Хуучин Дарханы холбооны газрын байрыг Хүүхэд, залуучуудын ордон болгож болох л байсан. Үүнд жаахан сэтгэл дутаж дээ. Хүүхдийн ордонтой болох хамгийн их тохиромжтой хуучин барилга гэвэл мэдээж Спортын ордны барилга болон “Хаадууд” компанийн дутуу баригдсан барилга л байна. “Хаадууд” компанийн дутуу баригдсан барилгыг худалдан авсан иргэн хүүхэд, залуучуудын ордон болгон энэ барилгыг төрд худалдахад нэг их цааргалахгүй биз ээ. Гэхдээ зориулалтын Хүүхэд, залуучуудын ордныг шинээр барих нь илүү үр дүнтэй байх аа.
Эх сурвалж: http://darkhantimes.com