
Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, комиссын гишүүн П.Оюунчимэг нараас зарим асуултад хариулт авлаа.
-Гадаадад Монгол Улсын иргэд амь насаа алдах тохиолдол тасрахгүй байна. Саяхан Малайзанд Монгол эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарлаа. ХЭҮК энэ асуудлын хүрээнд ямар ажил хийж байна вэ?
-Ж.Бямбадорж: ХЭҮК төдийгүй Засгийн газар, Гадаад харилцааны яам иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах чиглэлээр хангалттай ажиллаж чадахгүй байна. Учир нь аливаа улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох боломж байхгүй. Мэдээжийн хэрэг Монголын төр иргэдийнхээ төлөө ажиллахаас өөр аргагүй. Гэхдээ тухайн улсын дагаж мөрддөг хууль тогтоомж зэргээс хамаараад тэр болгон хамгаалж чадахгүй байна. Нэг үеийг бодвол 2011 онд комисс Гадаад харилцааны яамтай уулзаад эрх нь зөрчигдсөн амь нас нь хохирсон иргэддээ тусламж үзүүлэх төсвөө нэмэгдүүлээч гэдэг саналыг хэлж байсан. Одоо харьцангуй дээрдсэн юм шиг байна.
-П.Оюунчимэг: Энэ сарын эхээр Малайзад хүний наймааны золиос болсон байж болзошгүй Монгол эмэгтэй амь насаа алдсан тухай гомдол ХЭҮК-т ирээд удаагүй байна. Хэргийг Монголын ГХЯ, Эрүүгийн цагдаагийн газар мөрдөн шалгаж байсан, одоо үргэлжлүүлэн шалгаж байгаа. Гадаад харилцааны яамнаас эмэгтэйн шарилыг авчирахад Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулиар зургаан сая төгрөг шийдвэрлэсэн. Манай ХЭҮК-ын хувьд Малайзын Хүний эрхийн комисст хүсэлт тавьж байна. Талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн хэл мэдэхгүй учраас аюулгүй байдлаа хангах үүднээс туслахыг хүсч бидэнд хандсан. Хүндрэл маш их байна. Шарил чандарлагдаагүй. Хохирогч эмэгтэй нас барахынхаа өмнө ар гэрийнхэнтэйгээ харилцсан байдаг. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Өнгөрсөн баасан гаригаас эхлээд холбогдохоор өнөөдөр цаг аваад байна.
-Цалин хөлсний ялгавартай байдлыг хүний эрхийн зөрчилд тооцдог. Энэ төрдийн гомдол ирж байна уу?
-Ж.Бямбадорж: Тухайн хүний ажлын онцлогоос хамаарна. Төрийн байгууллагад ажилласан жил зэргээс хамаараад цалин зэрэглэлтэй бол хувийн хэвшлийнхэн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээсээ хамаараад харилцан адилгүй байгаа. Үүнд бид оролцох боломжгүй. Харин адил ажил мэргэжил дээр өөр цалин авч байгаа бол ялгаварлан гадуурхалт мөн. Ялангуяа бизнесийн салбарт ийм зөрчил гарч байна гэх гомдол ирдэг. Үүрэн телефоны компаниуд, барилгын компаниудад шалгалт хийж байхад ойр дотны хүмүүстээ илүү цалин өгдөг зөрчил ажиглагдсан. Энэ төрлийн зөрчил гаргасан аж ахуй нэгжид шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг хүлээн авахгүй гэсэн зарим газрыг шүүхэд өгөх хүртэл арга хэмжээ авна.
-ХЭҮК-т ямар төрлийн гомдол ихэвчлэн ирж байна вэ?
-П.Оюунчимэг: Урьдчилан хорих байранд хоригдож буй хүмүүс, хорих газар ял эдэлж буй иргэдийн гомдол хамгийн их байдаг. Үүнээс гадна хөдөлмөрийн харилцаа, ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой гомдол ч ирж байна. Жендэрийн тухай хуулиар ХЭҮК жендэртэй холбоотой гомдол хүлээн авах, шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед өргөдөл гомдлын өнгө төрх өөрчлөгдөж байгаа. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хугацаа хэтрүүлж хорьсон, мөрдөн байцаагчийн ёс зүйтэй холбоотой гомдлууд ирэх болсон. Үүнээс гадна ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой гомдол сүүлийн үед ирж байна. Өнөөдрийн байдлаар энэ төрлийн гурван өргөдөл ирсний нэгийг нь шалгаж шийдвэрлэсэн, хоёр өргөдөл дээр ажиллагаа хийгдэж байна. эмэгтэйчүүд ажлын байрандаа чөлөөтэй ажиллах эрх зөрчигдөж байгааг харуулж байна. Мөн өмчлөх эрхийн маргаан сүүлийн хэдэн жил өсөх хандлагатай байна. Комисс байгуулагдаж байхад жилдээ 60 гаруй өргөдөл ирдэг байсан бол 2013 оны 11 сарын байдлаар 600 гаруй өргөдөл ирсэн байх жишээтэй.