Р.Амаржаргалыг хэн явуулахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргалыг хэн явуулахыг хүсэв

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өнгөрөгч арваннэгдүгээр сарын 11-ний өдөр гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгсөн. Сар гаруйн хугацаанд хүлээлт үүсгээд байсан энэ асуудлыг энэ долоо хоногт хэлэлцүүлэхээр болж, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүд Р.Амаржаргал гишүүний талаар ямар байр сууриа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд хэлсэн юм. Түүний талаар гишүүд  ямар байр суурьтай байгааг хүргэе.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Миний бие Р.Амаржаргал гишүүний шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Хувь хүний шийдвэр гэхээс илүү Монголын улс төрд сигнал өгсөн том ухамсрын шанаа гэж ойлгож байна. Монголын төр дампуурсан, механизм нь ажиллахгүй  байгаа гэдгийг Р.Амаржаргал гишүүн энэ шийдвэрээрээ анхааруулж байна гэж би ойлгож байна. Түүнээс Р.Амаржаргал албан тушаал аваагүйдээ, намдаа гомдсондоо УИХ-аас гарч байна гэсэн гэнэ дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Миний хувьд Р.Амаржаргал гишүүнтэй санал нэг, сэтгэл нэг байгаа шүү. Монголын төр дампуурч, олигархиудын гарт орчоод байгаа Ерөнхийлөгч ч мөн хэлээд байгаа. Үүнийг өөрчлөх санаачлагыг Ерөнхийлөгчөөё гаргаж, 20 гаруй хуулийг боловсруулах үүргийг УИХ-д өгөөд буй. УИХ энэ өөрчлөлтийг хийж чадахгүй бол тарах хэрэгтэй. Р.Амаржаргал гишүүнийг дэмжиж байна, таныг дэмжиж тодорхой  алхам хийхэд бэлэн байх болно.

УИХ-ын гишүүн Су.Батболд:

-Р.Амаржаргал гишүүний асуудлыг байнгын хороо шуурхай хэлэлцэх байсан боловч нийгэмд хүлээлт үүсгэсний эцэст УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ тайлбарлалаа. Р.Амаржаргал гишүүний хэлсэн дүгнэлтээс эрх баригч хүчин олон зүйлс бодоосой. АН-ынхан хэтэрхий бялуундаа бялуурсан байна. 20 жил төр бариагүй эрхээ яаж олж авах вэ гэсэн өчүүхэн бодолдоо автаад ард түмний юу хүсч байгааг сонсохгүй байна. АН дотроо, өөрсдөө болохгүй байгааг дотроосоо илчилж байна. Р.Амаржаргал туршлагатай улстөрчийн хувьд болсон явдалд үнэн зөв дүгнэлт хийж байгаа. Ялалтын хөөрлөөсөө хөрсөн дээр буух хэрэгтэйг сануулж байгаа үйлдэл. АН-ыханд ардчилалдаа хэр зэрэг үнэнч, энэ нийгмийн байдлыг үнэн зөвөөр үнэлж байгаа бол Р.Амаржаргал гишүүний араас маш олон гишүүн гарна гэж би бодож байна. Би Р.Амаржаргал гишүүний шийдвэрийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

-Би Р.Амаржаргал гишүүний санал, үндэслэлд хүндэтгэлтэй хандаж байгаа.Нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэл дүгнээд нийт Монголын улстөрчдөд сануулга өгөх үүднээс өргөдлөө өгч байна гэж ойлгож байна. Монголд байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш хүмүүс өргөдлөө өгөөд тухай бүрт нь шийдвэрлэж байсан. Зарим нэгийг нь хэлэлцээд чөлөөлөхгүй байх шийдвэр гаргаж байсан. Р.Амаржаргал гишүүн ёс суртахууны хувьд олон жишиг үзүүлж байсан. Хувь хүнийх нь хувьд асуудалд хүндэтгэлтай хандаж байна. Гэхдээ улстөрч болсон хүн өөрөө өөртөө харьяалагдахгүй, ард түмэн, тодорхой намд харьяалагдаж,  улстөрд орж ирдэг учраас зарим нэг шийдвэрийн хувьд зөвхөн хувь хүний хувьд шийдвэр гаргаж болохгүй. Ийм хүн парламентад байх ёстой учраас хувь хүнийх нь шийдвэрийн хувьд хүндэтгэлтэй хандаж байгаа ч гэсэн УИХ-д олныгоо сөрж үг хэлж, шүүмжилж чаддаг хүн байх ёстой. Тиймээс чөлөөлөх хүсэлтийн эсрэг санал өгнө.

УИХ-ын гишүүн Л.Цог:

-Монголын төрд хүний үг сонсдоггүй, чихгүй толгой шиг ажилладаг  хүн олон бий. Өнөөдөр гэхдээ энэ асуудлыг ярьж байгаа нь сайн хэрэг. Хэн нэгэн, аль нэг бүлэглэлээс бурууг хайх гэсэнгүй. Гэвч өөрсдөө нураачихаад өнөөдөр гэнэт сэхээ орсон юм шиг аашилдаг байх нь аюултай үзэгдэл.

Ард түмнийг ой санамжгүй мэт аашлах нь маш хортой зүйл.

Р.Амаржаргал гишүүний хувьд эрүүл бодолтой хүн ховор учраас гишүүнийхээ өргөдлөө буцаас авах боломж байгаа юу, үгүй бол өргөдлийн дагуу дэмжинэ.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа:


-УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын үйлдлийг хариуцлагын төлөөх тэмцэл гэж үзэж байна.

24 жил ардчилалыг анхнаас нь босголцож, сайд хүртлэх албан тушаал хашиж байсан хүн болохгүй байгаа зүйлийг олон талаас нь харж, дүгнэсэн нь хариуцлагын төлөөх сануулга юм.

Бид одоо хамтдаа ажиллах ёстой байна. Хамтдаа хариуцлагын төлөө хууль санаачилж, хамтдаа зүтгэе гэдгийг хэлмээр байна. УИХ-ын гишүүнээрээ үлдэж, хамтарч ажиллая.


УИХ-ын гишүүн  Н.Батцэрэг:

-Өргөдөл өгч байгаа үйлдэл олон зүйлийг Монголын нийгмийн анхаарлын төвд авчирч байна. Ялангуяа өргөдлөө өгсөн үндэслэлүүд бол бодууштай, чухал үндэслэл гэж бодож байна. Р.Амаржаргал гишүүний хувьд дарламентад бус хаана ч байсан нийгмийн анхаарлын төвд үгээ хүргэж чадах зиндааны хүн. Өргөдөлд дурьдсан зүйлийг эх барьж байгаа нам анхаарах хэрэгтэй. Яг үнэндээ эх баригч нам ийм үзэл баримтлал, асуудал дээр хэн нь ярихгүй байгаа. Бие биенийгээ давах гэж цэцэрхэж байгаа болохоос улсаа хөгжүүлэхийн төлөө бодитой зүйлийг аль ч намын дарга гаргаж ирээгүй. Улстөрийн өрсөлдөөнд биш, бие биенийгээ шатаадаг тоглоомон дунд орсон яваагаа улстөрчид, намууд анхаарах хэрэгтэй. Дэмжих, дэмжихгүй асуудлыг бодож байгаад хариу хэлнэ. Эсвэл Р.Амаржаргал гишүүн улстөрөөс гадна байж байгаад удахгүй том ажиол, сорилтод толгойлуулахыг үгүйсгэхгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Г.Батхүү:

-Р.Амаржаргал бол Монголын улстөрд чухал үйл хэргийг эхлүүлж, идэвхитэй явж байгаа хүн. Монгол Улсад болж бүтэхгүй зүйл олон байна. Үүнийг засч, залруулая гэж байгаа бол Р.Амаржаргал гишүүнийг энд байлгаж, хамтарч, дэмжиж ажиллах ёстой. Ер нь бол болохгүй зүйл олон байна.

Улс төрийн нам, аль нэг фракцийн эрх ашгаас илүү дээгүүр үзэх ёстой олон зүйл бий.

Монголын төрд ажил хийх боломжгүй, хэн нэгэн хүний эрх ашигт нийцэхгүй бол олон аргаар зогсоох, ухраах үйл ажиллагааг хийдэг байдал бий болсныг хэлэе.

Энэ асуудал Р.Амаржаргал гишүүний өргөдлөө өгсөн шалтгааны нэг гэж бодож байна. 

Тэгэхээр бид өнөөдөр үүнээс ухарвал өөр хийх хүн олдохгүй. Ард түмний сонголтоос ухрах эрх танд байхгүй.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Р.Амаржаргал гишүүний асуудлаар бид нэлээд ярьлаа. Зарим гишүүд маань хүний эрхэд дуртай болсон байна. Ардчилсан нам, төдийгүй энэ нийгэмд үнэ цэнэтэй зүйл хэрэгтэй. Тэр дундаа үнэ цэнэтэй хүн хэрэгтэй. Р.Амаржаргал гишүүн өнөөдөр хариуцлага хүлээнэ гэж байна. Хэний төлөө, хэний өмнөөс яах гэж хариуцлага хүлээж байгааг ойлгохгүй байна. Түүний ярьсан Монголын төрд болохгүй байгаа зүйлтйэ би 100 хувь санал нэглэж байна. Гэхдээ өнөөдөр үүссэн зүйл биш. Улстөр, нийгэм, эдийн засагт 10 гаруй жил явсан гаж тогтолцоо АН гарч ирснээрээ илэрч байгаа гэж би үзэж байна. Р.Амаржаргал гишүүн энэ үгээ АН-ын бүлгийн хуралдаанд нэг удаа орж ирээд хэлсэн бол би өөр хандах байсан. Харамсалтай нь энэ үгээ хэлээгүй. Энэ хүн ажлаа хийх ёстой, хамтарч хийх,  туршлагатай хүн нь хамгийн түрүүнд ухарч байгаад гайхаж байна. Үнэхээр энэ нийгмийг өөрчлөх хэрэгтэй. Гэвч өөрчлөлтийг зугатаж биш тэмцэж хийдэг. Энэ танимд эрүүл, зөв сэтгэдэг хүн байх ёстой болохоос энэ хүний эрх гэдгээр төр хөөж явуулж болохгүй учраас би хэлж байна. АН-ын гишүүд таныг чөлөөлөхгүй гэдгийг хэлэхийг хүсч байна.

УИХ-ын гишүүн А.Бакей:

-Журмын нөхөртөө өөрийн саналаа нэмэрлэе. Түүний хувьд чөлөөлөгдөх хүсэлтээ дөрвөн зүйлийг шалтгаанаар тайлбарлаж хэллээ. Үүн дотор бид хүлээж авч, төрийн ажлыг сайжруулахтай холбоотой олон санаа байгааг зөвшөөрөх ёстой. Р.Амаржаргал гишүүн чөлөөлөгдсөн ч, үлдсэн ч бидний ажлаа сайжруулах том дохио болж байна. Гэхдээ Р.Амаржаргал гишүүний хөндөж буй асуудлыг УИХ-ын халууэн тогоонд  ярьж шийддэг талбар дээр ярих ёстой юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн байж энэ асуудлыг хийхэд хувь нэмрээ оруулаарай. УИХ-ын гишүүд өөрсдийн үзэмж, оюун ухаанаар хандах ч энэ асуудалд ухаалаг хандаасай гэж хүсч байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж