Нефть импортлогч компаниуд зээлээ төлөхгүй бол яах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Нефть импортлогч компаниуд зээлээ төлөхгүй бол яах вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Монголбанкнаас хэрэгжүүлсэн "Үнэ тогтворжуулах" дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ахалж бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Гарамгайбаатар, Г.Уянга нарын гишүүд багтаж ажилласан байна.

Ц.Нямдорж гишүүний тодотгосноор нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор энэ онд төв банкнаас жилийн 3.8 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкаар дамжуулан нефть импортлогч компаниудад олгожээ. Гэвч дэд хөтөлбөр хэрэгжихийн өмнө ам.доллар 1384 төгрөгтэй тэнцэж байсан бол өнгөрсөн долдугаар сараас эхлэн ханш тогтмол өссөөр 1760 төгрөгт хүрсэн. Тодруулж хэлбэл, зөвхөн долларын ханшийн зөрүүнээс шалтгаалж нефть импортлогч томоохон компани гэхэд 9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа бол жижиг нефть импортлогч компани 1-1.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн тооцоо байгаа аж. Энэ бол өнгөрсөн есдүгээр сарын байдлаар гаргасан алдагдлын хэмжээ. Үүнээс хойш алдагдал хүлээсээр байгаа. Мөн нефть импортлогч компаниуд арилжааны банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөх бололцоо хумигдмал аж. Гэтэл ирэх онд хэрэгжих мөнгөний бодлогод "Үнэ тогтворжуулах" дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тусгасан. Харин дээрх нефть импортлогч компаниудыг зээлээ төлөөгүй гэх үндэслэлээр бага хүүтэй зээлийг олгоогүй нөхцөлд яах вэ гэдэг асуудал үүсч буй юм байна.  Харамсалтай нь, хямд хүүтэй зээл олгохгүй гэхнээ тэдгээр нефть импортлогч компаниудыг орлох компани байхгүй нь эргээд эдийн засагт хүндрэл үүсгэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа аж. Тиймээс Засгийн газар, Монголбанкны зүгээс яаралтай арга хэмжээ авах шаардлага үүсч буй аж.

Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тайлбараар бол Засгийн газар өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаараа нефть импортлогчидтой холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх хүрээнд нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг татварыг хөнгөлөх зэргээр арга хэмжээ авчээ. Цаашдаа анхаарах асуудал бий гэдгийг мөн онцоллоо.
 
Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар "Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд их хэмжээний мөнгө төсвөөс гадуур эргэлдэж байгаад хяналт тавих ёстой хэмээн ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлттэй санал нэгдэж байгаагаа тэмдэглээд энэ бүхнийг  төсвийн хуульд тусгаад явах чиглэлд УИХ анхаарах шаардлагатай байгаа. Тиймээс УИХ-д тогтоолоор энэ бүх асуудлыг оруулсан байгаа гэсэн тайлбар хэлсэн юм.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж