
ХБНГУ, ИБУИНВУ, Япон улсаас Монголд суугаа Элчин сайд, мөн зарим аймгийн ИХТ дарга, Засаг дарга нар Ухаа худаг уурхайн ажилтай танилцлаа. Тэд уурхайчдын кемп, ашиглаж байгаа техник технологи, уурхайг тойрсон нөхөн сэргээлтийн талбайтай танилцав. Мөн нүүрс баяжуулах үйлдвэр болон дулааны цахилгаан станцын барилга зэрэг бүтээн байгуулалтын явцтай ч танилцлаа. Энэ багт багтсан албаны хүмүүсийн төлөөлөл болгож ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пиус Фишерийн сэтгэгдлийг сонирхлоо. Тэрээр “Ухаа худаг уурхай дөнгөж өнгөрсөн жил үйл ажиллагаагаа эхэлсэн гэхэд төслийн ажил чамлахааргүй ахицтай явж байгааг нүдээр харлаа. Төслийн цар хүрээг өргөтгөж, ойрын ирээдүйд 10 сая тонн нүүрс олборлоно гэсэн том зорилт тавьсан нь энэ хамт олон хийж бүтээх ирмүүн хүсэлтэйг харуулж байна. Энэ нь бидний сэтгэлийг их хөдөлгөлөө. “Энержи ресурс” компани Австралийн “Лэйтон холдинг”-той хамтран ажиллаж байгаа нь сайн хэрэг. Австралийн энэ компани бол уул уурхайн салбарт хүчтэй, өрсөлдөх чадвар өндөртэй, технологийн ноу хау сайтай, санхүүгийн өндөр чадвартай компани юм. Цаашид Гашуунсухайтын боомттой холбосон хар зам юм уу төмөр зам тавьсан цагт Ухаа худагийн уурхайн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцнэ. Том оврын ачааны машинаар олон сая тонн нүүрс тээвэрлэсний уршгаар гарч буй байгаль орчны хор хохиролоос сэргийлэх шаардлагатай. Тийм учраас “Энержи ресурс” компанийн төлөвлөсөнөөр Гашуунсухайтын боомт хүртэл төмөр зам барих нь туйлын чухал. Хэрвээ зам тээвэртэй холбоотой энэ төслөө хэрэгжүүлж чадвал Ухаа худаг уурхай хариуцлагатай уул уурхайн загвар төсөл болж чадна гэдэгт би итгэлтэй байна гэж ярилаа.