
Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн том шуугиан нь Европын аварга Испанийн багийн хожигдол болж байна. Өчигдөр Швейцарийн шигшээ баг Дэлхийн аваргад сул баг гэж байдаггүйг тэдэнд харуулж дөнгөлөө. ӨАБНУ-д болж байгаа дэлхийн авргын 19 дэх тэмцээний түрүүлэх магадлалтай хэмээн тооцогдож байсан топ багуудын сүүлийн тоглолт ийнхүү сенсаци тарьсан бөгөөд энэ тоглолтын баатар нь цорын ганц бөмбөгийг оруулсан Швейцарийн тоглогч Желсон Фернандес болсон байна. Испаничууд тоглолтын эхнээс санаачилгыг бага багаар авч байсан ч Швейцарийн сайн зохитон байгуулалттай хамгаалалтыг нэвтэрч чадахгүй байсан юм. Харин Швейцарийн баг тооны зөрүүг илүү хол болгох дөхсөн ч Испанийн багийг хаалганы зүүн булангийн шон аварч байв. Ер нь Швейцарийн багийн сөрөг довволгоон маш аюултай гэдэг нь харагдаж байсан бөгөөд Испанийн баг Фернандо Торресийг сэлгээгээр орж ирснээс хойш бага зэрэг сэргэсэн ч тоглолтын цаг дуустал ямар нэг өөрчлөлт орсонгүй. Тоглолтын дараа Испанийн багийн дасгалжуулагч Висенте де Боске хэлэхдээ “ Бид Швейцарийн тоглолтод тааруулж тоглож чадсангүй. Тэдний хамгаалалт үнэхээр сайн зохион байгуулалттай юм” гэж хэлсэн байна. Одоо энэ хэсгийг хожил авч 3 оноотой болоод байгаа Чили болон Швейцарийн багууд тэргүүлж байгаа бөгөөд Чили ч бас амаргүй өрсөлдөгч болж мэдэхээр байгаа тул Европын аваргууд хурдан “өөрийн өмнөх дүр төрхөө” олж авах хэрэгтэй болж байна. Харин энэ тоглолтын дараагаар болсон Уругвайн шигшээ болон эзэн баг ӨАБНУ-ын тулаан Өмнөд америкчуудын илт давуугаар буюу 3:0-ээр өндөрлөсөн байна. Бас л топ гэгдэж байгаа Францын багтай тэнцсэн Уругвайчуудын хувьд дараагийн шатанд шалгарах боломж 90 хувь боллоо.
М.Наст