-“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан бичиг баримт нь хуурамч гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон-
Монгол,
Оросын хамтарсан үйлдвэрүүдийн зөвлөлийн 50 дугаар хуралдаан
арванхоёрдугаар сарын 4-6-нд Улаанбаатар хотноо үргэлжилж, хурлаар хоёр
улсын хамтын хөрөнгө оруулалттай “Эрдэнэт”, “Монголросцветмет”
үйлдвэрүүдийн талаар түлхүү хэлэлцсэн нь олны анхаарал татсан үйл явдлын
нэг байв. Ялангуяа “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн эргэн тойронд
цөөнгүй асуудал хөндөгдсөн бөгөөд энэ талаар “Эрдэнэт” үйлдвэрийн
захирал Ц.Даваацэрэнтэй уулзаж, ярилцлаа.
-Юуны өмнө таниас
“Жаст” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж,
Өмнөд Африкийн банкнаас их хэмжээний зээл авсан гэсэн мэдээлэлтэй
холбоотойгоор асуулт асууя. Энэ үйл явдлаас иргэдэд “Эрдэнэт” үйлдвэр
зээлийн барьцаанд байгаа гэх ойлголт төрөөд байгаа.
-“Эрдэнэт”
үйлдвэрийг барьцаанд тавьсан бичиг баримт нь хуурамч гэдгийг цагдаагийн
байгууллага шалгаж тогтоосон. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдрийн байдлаар ямар
ч өр зээлийн болон аль нэгэн банкны барьцаанд байхгүй гэдгийг хэлье.
-Та
саяхан ирэх онд хамтарч ажиллах гэрээ хийхгүй иргэд, аж ахуйн нэгжийн
жагсаалтыг олон нийтэд дэлгэсэн. Эдгээр компаниудын хувьд ямар алдаа
дутагдал гаргасан юм бэ. Гэрээ хийхгүй гэсэн шалтгаан юу байв?
-“Эрдэнэт”
үйлдвэртэй хамтран ажилладаг, бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч
компаниудаас нийлүүлсэн бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангаагүй
болон урьдчилгаа мөнгө шаардсан, гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй
итгэл алдсан компани, хувь иргэдийн жагсаалтыг нийтэд танилцуулсан.
Эдгээр компаниудын буруугаас үйлдвэрт хохирол учруулахыг ч үгүйсгэхгүй
учраас бид цаашид хамтарч ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Бизнесмен хүн бол зах зээлийн хуулийн дагуу хүлээсэн үүргээ цаг тухайд
нь чанартай биелүүлдэг байх ёстой. Гэтэл харилцан санал тавьж, гэрээ
байгуулчихаад, эсвэл хэн нэгэн хүний нөлөөн дор, улс төрийн шахалтаар
гэрээ хийчихээд хамтрагчаа хууран мэхэлж, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй
байна гэдэг хариуцлагагүй хэрэг. Бизнесийн соёл эзэмшээгүйн илрэл.
-Итгэл алдсан нь 105 байна гэхээр нийт харилцагчдын тоо хэд байдаг юм бэ?
-Ер
нь бол “Эрдэнэт”-тэй түншлэн хамтран ажилладаг компанийн тоо маш олон.
Ялангуяа орон нутгийн үйлдвэр, компаниудыг идэвхтэй хамруулахыг бид
хичээдэг. 50 сая төгрөгөөс доош хэмжээний гэрээ хэлэлцээрт орон
нутгийнхныг голчлон сонгодог. Энэ удаагийн гэрээ цуцлалт, жагсаалт бол
зүгээр нэг сүржигнэл биш. Цаашид хамтран ажиллах компаниудад ч сургамж
болно.
-“Эрдэнэт”-д шахааны бизнесийн улмаас хэрэглэгдэхгүй
бараа бүтээгдэхүүн олноор нь нийлүүлсэн байдаг гэдэг. Тэдгээр
бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргана гэж байсан. Энэ үзэсгэлэн гарсан уу.
Хэрэглэгдэхгүй бараа бүтээгдэхүүний үнийн дүн 10 тэрбумд хүрсэн гэх юм.
Энэ их шахааг хэн хэзээ хийснийг та зарлах уу?
-Одоогийн
байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад 6,8 тэрбум төгрөгийн
хэрэглэгдэхгүй, шаардлагагүй бараа бүтээгдэхүүн хадгалаастай байгаа.
Энэ бол маш их хэмжээний бараа. Тийм болохоор түүнийг “Эрдэнэт”-ээс
Улаанбаатар руу тээвэрлэн авчирч, үзэсгэлэн гаргана гэж байхгүй. Маш
олон жилийн өмнөөс олон арван компанийн нийлүүлсэн бараа учраас нэг
бүрчлэн нэрлэх бас боломжгүй юм. Гэрээний дагуу нийлүүлсэн ч шаардалга
хангахгүй бүтээгдэхүүн байхаас гадна итгэл алдсан компаниудаас өр
авлагаа барагдуулахын тулд аргагүйн эрхэнд авсан бүтээгдэхүүн ч бий.
Эдгээр бараа бүтээгдэхүүн бидэнд хэрэггүй ч бусдад хэрэгцээтэй зүйлс
байгаа учир харилцагч компаниуддаа нээлттэйгээр худалдаж байна.
-Монгол,
Оросын хамтарсан үйлдвэрүүдийн зөвлөлийн хурлаар “Эрдэнэт” үйлдвэрт
оруулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хөрөнгө
оруулалтыг юунд зарцуулах вэ?
-Хамтарсан үйлдвэрүүдийн
зөвлөлийн 50 дугаар хуралдаан амжилттай боллоо. Энэ жил манай үйлдвэрийн
35 жилийн ой тохиож байгаагийн дээр хамтарсан үйлдвэрүүдийн зөвлөлийн
хурал ч 50 дахь удаагаа хуралдаж, тэгш тоо тохиож байна. Энэ удаагийн
хуралдаанаар 2013 оны эхний есөн сарын байдлаар бидний хийсэн ажлыг
дүгнэж цэгнэсний дээр ирэх оны бизнес төлөвлөгөөг баталж өглөө. Оны
эхний есөн сард бид төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлсэн. Зөвлөлийн хурлаар
шийдсэн гол асуудал бол “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалт юм. Ирэх
онд хөрөнгө оруулалтын хэмжээг энэ оныхоос зургаан сая ам.доллараар
нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. 2013 онд 37 сая ам.долларын хөрөнгө
оруулсан бол ирэх 2014 онд 43 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болж
байна. Энэхүү хөрөнгөөр бид үйлдвэрийн өөрөө бутлах цехийг өргөтгөх юм.
Одоогийн байдлаар тус цехийн тоног төхөөрөмж, техникийн шийдлийг
хийчихсэн байгаа. Ирэх онд барилга байгууламжийн асуудлыг шийднэ.
Зөвлөлийн хурлаар хөрөнгө оруулалтыг бүрэн шийдсэн болохоор ирэх оны
төгсгөл гэхэд өргөтгөлийн ажил бүрэн дуусах боломжтой. Үйлдвэрийн өөрөө
бутлах цехийн өргөтгөл ашиглалтад орсноор үйлдвэрийн хүчин чадал
зургаан сая тонноор нэмэгдэнэ. Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хоёр
үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ
харьцангуй доогуур байгаа учир борлуулалтаа өсгөх зайлшгүй шаардлага
байна. Хоёрдугаарт, манай үйлдвэрийн олборлож буй хүдэр дэх зэсийн
агууламж буурч байгаа. Ордыг анх нээгээд ашиглаж байх үед 0,89-1 хувийн
агууламжтай байсан бол одоо хүдэр дэх зэсийн агууламж 0,59 болчихсон
байна. Хойшид олборлолт гүн рүүгээ орох тусам хүдэр дэх зэсийн агууламж
буурах хандлагатай байгаа. Саяхан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс
зэсийн агууламжийг 0,42 хувь байхаар баталж өгсөн. Тиймээс олборлолтоо
өсгөж, борлуулах бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарахаас
аргагүй байна.
-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс
уурхайнуудын нөөцийг тогтоодог. “Эрдэнэт”-ийн хувьд эдийн засагт
өгөөжтэй нөөцийн хэмжээ нь хэд вэ?
-Эрдэс баялгийн мэргэжлийн
зөвлөлөөр оруулаад баталгаажуулсан нөөцийн хэмжээ бол 800 гаруй мянган
тонн цэвэр зэс. Энэ бол 6-7 жилийн баталгаат нөөц юм. Геологи хайгуулын
урьдчилсан дүнгээр 20-25 жил ажиллах таамаг нөөц бий. Ер нь цаашид
“Эрдэнэт” үйлдвэрийн хувьд геологи хайгуулын ажлаа өргөтгөх, уурхайн гүн
рүүгээ нарийвчилсан хайгуул хийх шаардалагатай байгаа. Тиймээс ч энэ
удаагийн зөвлөлийн хурлаас ирэх онд найман сая ам.долларын геологи,
хайгуулын ажил хийх төсөв баталж өглөө.
-Энэ онд “Эрдэнэт”-ээс хэдий хэрийн хөрөнгө улсын төсөвт төвлөрүүлээд байна?
-Энэ
оны арваннэгдүгээр сарын байдлаар орон нутаг болон улсын төсөвт
“Эрдэнэт “үйлдвэрээс 370 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Ондоо багтаан
2012 оны ногдол ашиг болох 66 тэрбум төгрөгийг нэмж улсын төсөвт
төвлөрүүлэх ёстой. Үүнийг гүйцээж төсөвт оруулахаар бид ажиллаж байна.
-“Эрдэнэт” үйлдвэрийн ашиг орлого хэдий хэмжээнд байгаа вэ?
-Дэлхийн
зах зээл дээр зэсийн үнэ бидний урьдчилан төлөвлөж, харж байснаас
хамаагүй доогуур үнэтэй байгаа нь манай үйлдвэрийн ашиг орлогод нөлөөлж
байгаа. 2013 оны төсвийг батлахдаа нэг тонн зэс дэлхийн зах зээл дээр
8000 ам.доллараас буухгүй гэж тооцоолсон. Манай үйлдвэр ч гэсэн зэсийг
8150 ам.доллар байхаар төлөвлөж бизнес төлөвлөгөөгөө хийсэн байдаг.
Гэтэл энэ онд нэг тонн зэс 6900-7000 ам.долларт хэлбэлзэж байгаа.
Үүнээс болж зэсийн үнэ тонн тутамдаа 1100 ам.доллараар бага
арилжаалагдаж, бидний төлөвлөгөө 110 сая ам.доллараар тасалдахад хүрсэн.
Тиймээс манай үйлдвэр санхүүгийн хүндрэл, мөнгөний хомсдолтой байгаа нь
үнэн.
-Ирэх онд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэмэгдэх
хандлага байна уу. 2014 оны төсөв болон танай бизнес төлөвлөгөөнд зэсийн
үнийг хэдээр тооцсон бэ?
-Ирэх оны төлөвлөгөөг харьцангуй
бодитойгоор тооцоолсон. Нэг тонн зэс 6900 ам.доллар байхаар тусгасан.
Энэ нь зах зээлийн өнөөгийн бодит үнэтэй нийцэж байгаа юм. Эдийн
засагчид 2014 оны эхний хагас жилд зэсийн үнэ одоогийн ханшийн орчимд
байна гэсэн таамаглал дэвшүүлж байгаа юм билээ. Харин оны хоёрдугаар
хагасаас бага зэрэг өсөх болов уу гэсэн горьдлого байна.