ХЗХ-ны хохирогчид суулт хийв

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

ХЗХ-ны хохирогчид суулт хийв

Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид өнөөдрөөс Хууль зүйн яамны гадаа суулт хийж эхлээд байна. Тэд хохирлоо бүрэн барагдуулах хүсэлтийг тавиад байгаа юм. Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулах зорилгоор Засгийн газраас хуулийн төсөл санаачлан УИХ-д мэдүүлсэн ч одоо хэр нь хууль батлагдаагүйд суулт зарлагсад гомдолтой байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн хавар хохирогчдын төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ хохирлыг бүрэн барагдуулахад анхаарч шаардлагатай хөрөнгийг 2014 оны төсөвт суулгахаа амласан ч одоо хэр нь ажил хэрэг болгоогүй  аж. Тиймээс хохирогчид 36 тэрбум төгрөгийн хохирлоо барагдуулахыг шаардан суулт зарлаж эхэлжээ. 

Сануулахад, 2006 онд нэр бүхий 26 хадгаламж зээлийн хоршоо дампуурлаа зарлаж байжээ. Улмаар 2007 онд УИХ-аас тус хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор хууль баталсан байна. Ингэснээр 7397 хохирогчид 36.1 тэрбум төгрөг олгосон аж. Үлдсэн хохирлыг битүүмжилсэн хөрөнгийг зарж байж барагдуулахаар төлөвлөсөн боловч авто машинууд нь тоногдсон,  компьюетрүүд нь хуучирч элэгдэлд орсон, тэр байтугай лиценз алга болсон зэрэг ноцтой зөрчил гарчээ.

Дээрх байдлыг харгалзан үзэж Засгийн газраас Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн аж. Уг төсөл энэ долоо хоногоос эхэлж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр хэлэлцэх асуудлын дараалалд багтаад байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж