Улсын Онцгой комиссоос талархал илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Улсын Онцгой комиссоос талархал илэрхийллээ

Цас зудтай хүнд нөхцөлд байгаа малчдад сайхан сэтгэлээрээ тусалсан иргэд байгууллагуудад хандан Улсын онцгой комиссоос талархал илэрхийллээ. Уг талархалд

2009-2010 оны өвлийн улиралд манай орны ихэнх нутгаар эрс хүйтэрч, их хэмжээний цас унасны улмаас эх орны эдийн засгийн гол салбар болох мал аж ахуй байгалийн гамшигт өртөн, малчин өрхийн амьжиргаа муудаж, нийгмийн халамж хүргэх боломж  хомсдон, олон тооны мал хорогдож, байгаль, цаг агаарын давагдашгүй хүчний өмнө хөдөөгийн малчид маань хүчин мөхөсдөж буй хүнд үед хөрш зэргэлдээ улс орнууд болон гадаад, дотоодын олон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс их хэмжээний тусламж үзүүлсээр байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын уриалгыг халуун дотноор хүлээн авч дэмжин, эх оронч санаачлага гарган сэтгэл санааны хийгээд эд материалын болон мөнгөн тусламж үзүүлж, зудын хүндрэлийг даван туулахад ямагт бидэнтэй хамт байж эрч хүч, итгэл зүтгэл, урам зориг хайрлан хамтран ажиллаж, өгөөмөр сэтгэлийн хандив өргөсөн байгууллага, хамт олон, иргэн Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, аймаг орон нутгийн удирдлага, малчин түмнийхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Та бүгдийн сэтгэл шингэсэн хандив, тусламжийг хэрэгцээтэй газарт нь түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэх ажлыг Улсын Онцгой комисс зохион байгуулан ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Та бүхний ажил үйлс, амжилт бүтээл өгөөмөр сэтгэл шигээ өөдрөг, ач тус шигээ арвижин дэлгэрэх болтугай.

Хүндрэлийг хамтдаа туулж, Хөгжлийн төлөө хамтран зүтгэе.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд гэжээ.

Тусламж, хандив үзүүлсэн байгууллагуудад дараах газрууд багтаж байна.

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар
2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
3. Авлигатай тэмцэх газар
4. Хүний эрхийн үндэсний комисс
5. Монгол Улсын яамд
6. Төрийн өмчит 18 үйлдвэрийн газар
7. Төрийн бус 22 байгууллага
8. БНХАУ
9. ОХУ
10. Япон Улс
11. БНТурк Улс
12. НҮБ
13. БНТУ-ын “Улаан хавирган сар” нийгэмлэг
14. “Оросын Төмөр зам” НХК-ийн нийгэмлэг
15. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг
16. Дэлхийн банкны “Малын индексжүүлсэн даатгал” төсөл
17. НҮБ-ын Монгол Улс дахь Хүн амын сан
18. НҮБ-ын Монгол Улс дахь Хүүхдийн төлөө төв
19. АНУ-ын “Дэзэрет”олон улсын хүмүүнлэгийн байгууллага
20. Манай улсын 40 аж ахуй нэгж, байгууллага
21. Худалдаа хөгжлийн банк
22. ХААН банк
23. Нэр бүхий монгол болон гадаадын иргэд
24. Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл болно хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.
    
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж