Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Африк тив нэгэн их хүнээ алдаад удаагүй байна. Түүний араас эмгэнэх хүмүүсийн гашуудал тайлагдаагүй байхад африк тивийн нөгөө хэсэгт эмх замбараагүй байдал газар аваад байна. Төв Африкийн Бүгд Найрамдах улс /ТАБНУ/-д сүүлийн хэд хоногт эмх замбараагүй байдал газар авч дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй. Асуудал юунд байна вэ? Иргэдийн дийлэнх нь баталгаагүй орчинд амьдарч, цалин хангамж тааруу байгаатай холбоотой. ТАБНУ-ын удирдлагууд нэгэнт хүчрэхээ байсан учраас нэгэн цагт тэжээлгэж байсан Францад хандахаас өөр аргагүй болсон. Яагаад энэ улс бүх Африкт хамаатай гэж? Яагаад гэвэл Арабын хаврын хувь заяа давтагдахад тунчиг ойрхон ирээд байгаа.

Асуудлын учир

Бүх юм 2012 онд эхэлсэн. Франсуа Бозизегийн засаглалыг эсэргүүцэгчид маш их болсон. Тийм ч учраас дотоодын самуун эхэлсэн. Энэ самуун одоо ч үргэлжилж байна. Эсэргүүцэгчдийн тэргүүн эгнээнд одоогийн ерөнхийлөгч Мишель Жотодиа явж байлаа. Гэтэл Бозизегийн дэмжигчид гэх хэсэг бүлэг хүмүүс энэ улсын өмнөд хэсгээр ихэвчлэн амьдардаг. Асуудлын гол нь ердөө л популист хандлага, улстөрийн хуваагдал. Энэ улсын сүүлийн гурван ерөнхийлөгчийг хараад үзвэл шударга сонгуулиар гарч ирсэн ерөнхийлөгч бараг л байдаггүй. Нэг нэгнийгээ хүч түрэмгийлэх замаар түлхэн унагаж, суудалд суудаг тогтолцоотой болоод удаагүй байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт эхэлсэн эмх замбараагүй байдлын ард Бозизег дэмжигчид байх магадлал өндөр. Тэгээд ч хөрш улсууд нь ТАБНУ-гийн тогтвортой байдлыг ганхуулахад хангалттай “тусладаг” гэж хэлж болно. Ангол, Камеруун, Чад улсын сөрөг хүчний хэт даврагсад, үеийн үед энэ улсын сөрөг хүчнийхэнд тусладаг байсан. Одоо ч тэр. Тийм ч учраас энхийг тогтоох нэрийдлээр Францтай хүч хавсран дайтаж буй.
ТАБНУ-ын эдийн засаг тийм ч чадавхтай биш. Хэдийгээр 1952 онд 100 гаруй жил Францын эрх мэдэлд байсныхаа дараа тусгаар тогтнолоо зарласан ч мөнгөний эх үүсвэр нь Франц байсаар ирсэн. Түүнээс хойш хэд, хэдэн удаа “шударга” сонгууль болсон ч хэдхэн жилийн дараа цэргүүд босч, түлхэн унагаасаар байлаа. Угаасаа бүх африкийн улсууд ийм хоббитой гэж хэлж болно. Олон удаагийн бослого самууны хөлд дарлуулсан энэ улсын эдийн засаг тун сул, жилийн өсөлт нь нэг хувьд хурдэггүй. Нэг хүнд ногдох ДНБ ердөө 440 доллараар хэмжигддэг. Энэ улсын дотоодын нийт бүтээгдэхүүн жилдээ 3,1 тэрбум доллар. ДОХ болон Маларийн халдварын тархалт тэнгэрт тулсан үзүүлэлттэй. Томоохон компани гэхээр зүйлгүй. Эдийн засгийг чирч явдаг үйлдвэрлэгчид бараг үгүй тул гадны тусламж, туслалцаагаар амь зогоодог гэж ойлгож болно.

Морокко & Мозамбик

ТАБНУ-аас гадна Мали, хоёр Конго, хоёр Суданд байдал амаргүй байна. Мороккод эрх баригчдаа түлхэн унагаах эхний алхам хийгдээд эхэлчихсэн. Мозамбик улсын тухайд бас л эвгүй байгаа. Египед сүүлийн үед л гайгүй байдалтай байна. Хэдийгээр олон нийтэд мэдэгдэж байгаа нь эдгээр улсууд ч бусад улсуудад байдал хүнд байгааг дэлхийн хэвлэл мэдээллүүд шил, шилээ даран мэдээлж буй. Эдгээр улсын эдийн засаг нийлээд Өмнөд Африкийн эдийн засгаас ганц, хоёрхон хувиар давж байгааг харвал ямар хүч сул улсууд вэ гэдгийг харж болно.  Цэргийн гэмт хэрэг болоод авилгалын төвшнөөрөө эдгээр улсууд дэлхийд дээгүүр байрыг эзэлнэ. Олон улсын аялал жуулчлалын индексээр эдгээр улсыг хамгийн аюултайд тооцон, аялахаа азнахыг сануулдаг. Дээрээс нь европийн Франц, Испани, Их Британи, Голланд зэрэг улсууд энэ тивийн ихэнх улсыг хуваан эзлэсэн байдаг. Тэгээд ч сүүлийн 60 жилийн дотор л энэ улсууд тусгаар тогтнолоо зарласан нь түүхэнд нэгэнт бичигдэж үлджээ. Одоог хүртэл эдгээр улстай ямар нэгэн байдлаар холбоотой байдаг нь маргашгүй үнэн.



Том гүрнүүдэд ашигтай юу?

Мэдээж ашигтай. Хэдийгээр энхийг сахиулж, хүний эрхийг дээд зэргээр дэмжих ёстой гэж  цээжээ дэлддэг ч том гүрнүүдэд энэ бүх маргаан ашиг болон хувирах магадлалтай. Тусгаар тогтнолоо зарлаад хагас зууны нүүрийг үзэж буй ч том гүрнүүдийн халааснаас авах мөнгөний тоо нь буураагүй л байгаа. Тэгээд ч европийн жижиг үйлдвэрүүд африк руу гараа сунгадаг болохоор эдийн засгийн тодорхой хувийг эдгээр улсууд эзэлж байгаа. Энэ бол маргашгүй үнэн. Ийм байхад тэд африкийг тогтвортой байлгана гэж хэд ч амлаад хэрэгжихгүй нь тодорхой. Сүүлийн 20 жилийн хугацаанд африк тивийн эдийн засаг ердөө зургаа хүрэхгүй хувиар өссөн байгаа нь байдал өөрчлөгдөөгүйг илтгэх маш том баримт. “Бид Африк тивийн эдийн засгийн тогтворжилтыг сүүлийн 30 жилд багтана гэж харж байгаа. Магадгүй үүнээс илүү цаг хугацааг зарцуулж болох л юм. Хамгийн гол нь хэт их авилгажсан улстөр, хүн амын боловсрол, нийгмийн халамжийн тогтолцоо хамгийн доогуур үзүүлэлттэй байгаа болохоор эдийн засгийн тогтворжилтийг хүлээхэд тун бэрх. Нэг ёсондоо баялаг хэдхэн хүний гарт төвлөрсөн байгаа болохоор сайн мэдээлэл хэдэн арван жилдээ гарахгүй л болов уу” Африкийн хөгжлийн агентлагын эдийн засгийн ахлах мэргэилтэн Гбемисело Олужоби ярьжээ.

Сүүлийн хэдхэн сарын хооронд Африкийн 20 гаруй улсад улстөрийн ямар нэгэн асуудал шил шилээ даран гарлаа. Хэдийгээр Африкийн холбооноос ойрын 20 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах талаар ярилцаж, нэгдсэн төв банкыг босгохоор тохиролцсон ч бодит байдал дээр хэрэгжихэд тун хангалтгүй болоод байгаа билээ. НҮБ-аас ТАБНУ-д дэгдээд буй эмх замбараагүй байдлыг дарахын тулд туслахаа амлаж, улсууд улстөрийн асуудлаа шийдэхдээ хүний эрхийг зөрчихгүй байхыг анхааруулж байгаа юм. Гэхдээ одоо Мозамбик, Морокко, Судан, Өмнөд Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Бүгд найрамдах Конго улсад байдал маш хүнд байна. Сүүлийн гурван сард 200 илүү хүн тус улсуудад амиа алдаад байна. Гадны хэвлэлүүд үүнийг Африкийн хямрал хэмээн нэрлээд байгаа билээ. Энэ тив дэлхийд ямар хамаатай гэж. Хамаатай. Учир нь дийлэнх алтыг энэ тивээс олборлодог болохоор тэр…

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж