Мөсний авиралтад Эверестийг эзэлсэн дөрвөн уулчин оролцов

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Мөсний авиралтад Эверестийг эзэлсэн дөрвөн уулчин оролцов

Монголын уулын хөтөчдийн холбоо, Адал явдалт аяллын “Монголиа Экспедишнс” компаниас зохион байгуулсан мөсний авиралт арванхоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд амжилттай болж, өндөрлөлөө.

Өвөрхангай аймаг,  Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээнд жил бүр зохион байгуулж хэвшээд буй эл авиралт Монголын уулчдын техник ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, шинэ залуу уулчдыг бэлтгэх, мөсөн хананд авирах спортыг хөгжүүлэх зорилготой юм.

Уулчид болон аялагчдыг нээлттэй оролцуулсан мөсний авиралтад эрэгтэй 55, эмэгтэй 30 гаруй тамирчин хамрагджээ. Ингээд багийн дүнгээр Хүүхэд, залуучуудын спорт авиралтын холбоо тэргүүлж, Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клуб, “Монголын уулын хөтөчдийн холбоо”-ны тамирчид удаах байрт шалгарсан байна. Харин хувийн авиралтад эрэгтэйчүүдээс “Сутайн бор” клубын тамирчин Б.Баасандорж, эмэгтэйчүүдээс мөн “Сутайн бор” клубын тамирчин Д.Баярцэцэг нар тэргүүн байр эзэлжээ.

“Монголиа Экспедишнс” компани, Монголын уулын хөтөчдийн холбоо энэхүү авиралтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн авиралт өмнөх авиралтуудаас илүү олон хүнийг хамруулж, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ, Б.Цэвээндаш нарын дэлхийн дээвэр Эверестийн оргилыг эзэлсэн дөрвөн шилдэг уулчид тэргүүтэй уул, ханан хадны спортын олон арван тамирчид оролцсоноороо онцлог байв.






Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж