69 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэг шалгасан

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

69 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэг шалгасан

Авлигатай тэмцэх олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг угтаж “Авлигын эсрэг хүчин чармайлтад хувийн хэвшлийн оролцоо, санаачлага” дугуй ширээний хэлэлцүүлэг хийлээ. Энэ үеэр АНУ-ын Азийн сангийн явуулсан Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгааг танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцсон АТГ-ын дарга Н.Ганболдоос энэ үеэр цөөн асуултад хариулт авлаа.

-Бизнес эрхлэлтийн орчинд авлига ямар түвшинд байна вэ. Энэ төрлийн хэргийн шийдвэрлэсэн байдлын талаар тодруулаач?

-Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиож байгаатай холбогдуулан өнгөрсөн хугацаанд АТГ-тай төрийн байгууллага, орон нутгийн байгууллага, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагууд хэр түншилж ажиллав, үр дүнд хүрэв үү гэдгийг дүгнэдэг.  Ерөнхий дүнгээр АТГ 69 тэрбум төгрөгийн хохиролтой 140   гаруй хэрэг шалгасан. Өнөөдрийн байдлаар 2013 онд хийсэн ажлын нэгдсэн тайлан хараахан гараагүй байна.

-Хууль эрх зүйн хүрээнд ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Бид  Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын  зөрчлийн хууль гэсэн хоёр хуулийг  үндсэндээ дагаж мөрдөж байгаа. Үүн дээр нэмээд  Мэдээлэл олж авах эрхийн тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль гэх  зэрэг ач холбогдолтой хуулиуд батлагдаж эхэллээ. Авлигыг бууруулахад ач холбогдолтой хуулийн төсөл хэлэлцэх шатандаа явж байна. Үүний үр дүнд төрийн алба хаагч хариуцлагатай бай, авлигаас татгалзах ёстой  гэдэг хандлага бий болсон байна.

-Авлига өгөх шаардлага  бизнесийн салбарынханд яагаад тулгараад байна?

-Бизнесийн салбарынхан ажлын байр бий болгож, улс орны бүтээн байгуулалтад хувь нэмэр  оруулж байна. Тэгэхээр бизнесийн үйл ажиллагаа явуулах орчинг сайжруулах нь чухал. Үүний тулд төртэй харьцах, зөвшөөрөл авахаас эхлээд асуудал гарч байгаа. Төрийн байгууллага хүнд суртал гаргаж, чирэгдэл учруулдаг нь үнэн. Энэ нь цаанаа авлига өгөх үндэс суурийг бий болгоод, бизнесийн салбарынхан ийм нөхцөлд ажиллаж байна  л даа. Зарим газар сайжирч байгаа ч  бизнесийн салбар дахь авлига  амь бөхтэй  байна.  Үүнийг маш богино хугацаанд өөрчлөх боломжгүй. Эхлээд хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох хэрэгтэй. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хууль сурталчлах, тухайн иргэн ямар эрхтэй болохыг ойлгуулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Бизнес эрхлэгч, жирийн иргэн хэн ч  бай ажлаа амжуулахын тулд  хэн нэгний гарыг дээш доош харуулах ёстой мэт хандлагыг өөрчилмөөр байна. Төрийн алба хаагчтай харьцах зарчмаа хуулийн хүрээнд ойлгосон байх ёстой болохоос хэн нэгний гарыг цайлгаж байж ажил бүтдэг  гэдэг  ойлголтоос салмаар байгаа юм.

-Уул уурхайн салбарт  авлига их байна гэдэг. АМГ-ын дарга асан М.Батхуягийн хэрэг  энэ салбарын авлигын тод жишээ гэдэгтэй санал нийлэх үү?

-Бид маш тодорхой хэргүүд дээр ажиллаж байгаа. Таны хэлсэн хэрэг  нэг жишээ нь мөн. Төрийн хяналт сул байснаас лизенцүүд зарагддаг, хувь хүний гарт очдог  асуудал бий.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж