Сод уран бүтээлчдийн бар зургийн эх хувь Монголд

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Сод уран бүтээлчдийн бар зургийн эх хувь Монголд

976 галерей дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлуудын эх хувийг анх удаа Монголын урлагт шимтэгч, олон нийтэд дэлгэн, үзүүлэх гэж байна.

Уг үзэсгэлэнгийн хүрээнд Сальвадор Дали, Виктор Вазарели, Жорж Брак, Сэм Фрэнсис, Карл Отто Гёц, Мэл Рамос, Валтер Вомака, Хэнри Мүүр, А.Р.Пенк, Ханс Хартунг, Фернанд Лежер, Отто Пийнэ, Антони Тапиес нарын дэлхийд данстай, сод уран бүтээлчдийн бар зургийн 23 ажлын эх хувийг Монголын урлаг сонирхогчид, олон нийтэд анх удаа дэлгэх юм. Энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 15-нд хувийн хаалттай үзвэр, 16-нд Vernissage буюу нээлтийн өмнөх ёслол, 17-оос 2014 оны нэгдүгээр сарын 4 хүртэл олон нийтэд төлбөртэй үзвэр зохион байгуулна.

Эдгээр уран бүтээлүүд нь Германы иргэн, Доктор Гуннар Энгхусений цуглуулгын дээжис юм. Доктор Энгхусен нь 1970-аад оноос эхлэн орчин үеийн урлагийн бүтээлүүд цуглуулсан бөгөөд А.Р.Пенк, Петер Маколис зэрэг нэр хүндтэй, олон уран бүтээлчдийн дотнын нөхөр, Германы Урлагийн Их Сургуулийг Дэмжих Нийгэмлэгийн гишүүн, 2005 он хүртэл германы томоохон банкны удирдах зөвлөлийн гишүүн байсан хүн юм. Тэрбээр Германы томоохон цуглуулагчдын тоонд зүй ёсоор багтдаг аж.

Түүний цуглуулга нь импрессонизм, экспрессионизмийн үеийн герман уран бүтээлчдийн бүтээлээс эхлээд Европ, Америкийн орчин үеийн болон нэн орчин үеийн сонгомол бүтээлүүдийг хамардаг. Тэгвэл 976 Art Gallery дээр толилуулах үзэсгэлэнд сюрреализм, абстракт экспрешнизм, оп арт, арт информел урсгалуудад хамаарах уран бүтээлчид, бар зургийн бүтээлийг гол төлөв сонгосон байна. Бар зураг нь Дорнод манай эриний  VI зуун, Өрнөд сэргэн мандалтын эхэн үеэс бий болжээ. Барлах аргаар туурвихдаа зургийг шууд цаас, зотон дээр буулгах бус харин мод, төмөр, метал эд дээр дүрсийг урвуу харуулан сийлбэрлэж, гаргаснаа цаасан дээр буулгадаг. Тус үзэсгэлэнд гол төлөв etching буюу металыг хүчлээр идүүлэн, хээ, дүрс гаргах болон чулуун барын аргаар гүйцэтгэсэн ажлуудыг дэлгэх юм.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж