Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН 20 ЖИЛИЙН ОЙ


Улс төрийн Боловсролын Академи байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан тус Академид ажиллаж ирсэн үе үеийн захирал, эрхлэгч, багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, удирдах зөвлөлийн гишүүд болон ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн хамт олон, “Шинэ толь” сэтгүүлийн редакции, “Либерти”дээд сургуулийн эрдэмтэн, багш, судлаач, нийт төгсөгч нартаа ойн баярын мэнд хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан  бүхнийг хүсэн ерөөе.

УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М. ЭНХБАТ

Улс төрийн Боловсролын Академийн үүсэл, хөгжил – 20 жил

                                               
Өнөөдөр бид Монгол оронд хүний эрх, эрх чөлөөт байдлыг эрхэмлэсэн ардчилсан үнэлэмжийг төлөвшүүлэх, иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төрийг хөгжүүлэх үйл хэрэгт  дэмжлэг үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон  20 жилийн турш  ажилласан  Улс төрийн Боловсролын Академийн  түүхт ойгоо гадаад дотоодын анд нөхдүүд, төр засгийн удирдлага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, тус Академийн үе үеийн захирал, эрхлэгч, судлаач, эрдэмтэн багш нартайгаа ёслол төгөлдөр тэмдэглэж байгаадаа  баяртай байна.

Улс төрийн Боловсролын Академи нь ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн дэмжлэгтэйгээр 1993 онд байгуулагдсан. Сургалт , гэгээрэл, судалгаа шинжилгээ, хэвлэн нийтлэх гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, нийгмийн шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа хийх, төрөл бүрийн гарын авлага , ном, сурах бичиг, тогтмол хэвлэн нийтлэх чадвар бүхий эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллага юм.

Анх 1992 оны намар Монголын  Ардчилсан хүчний удирдагчид  болох Ц.Элбэгдорж, С.Зориг, Э.Бат-Үүл нар ХБНГУ-ын Христосын Ардчилсан Холбооны урилгаар тус улсад айлчлах үеэрээ иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх  шаардлагатай байгааг үндэслэн Конрад-Аденауэр Санд хандан хүсэлт тавьсан юм.

Ц. Элбэгдорж, С. Зориг, Э. Бат-Үүл нарын МоАХ-ны удирдагчид
ХБНГУ-д 1992 оны намар

Конрад-Аденауэр Сангийн удирдлага Монгол орны насанд хүрэгчдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх талаар хамтран ажиллах хүсэлтийг нааштай хүлээн авч МоАХ-ны ерөнхий зохицуулагч, Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид  КАС-ийн дэргэдэх Улс төрийн Боловсролын Академи хэрхэн ажиллаж байгааг газар дээр нь үзэж судлах үеэрээ  МоАХ Конрад-Аденауэр Сантай хамтран “Монгол оронд Ардчиллыг дэмжих” төслийг хэрэгжүүлэх хүрээнд Улс төрийн Боловсролын Академийг байгуулахаар тохиролцсон.

 1992 оны 12 дугаар сарын 5-нд Улс төрийн Боловсролын Академийн дүрмийг баталж, эрхэм зорилгоо: “… төр, нам, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж болон бусад байгууллагуудын ажилтнуудыг мэргэшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, нийгэм эдийн засаг, улс төрийн болон шаардлагатай бусад асуудлаар судалгаа явуулах, санал зөвлөмж боловсруулах зорилго бүхий сургалт, эрдэм шинжилгээний байгууллага мөн” гэж тодорхойлжээ.

Академийн анхны захирлаар УБХ-ын гишүүнээр  ажиллаж байсан Д.Баярцэнгэл,  сургалт хариуцсан дэд захирлаар УБХ-ын эдийн засгийн бодлогын байнгын хорооны зөвлөх Б.Дэлгэрмаа  нар тус тус томилогдсон
байна.

1993 оны 1-р сарын 1-ээс тус Академи үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж УБХ-ын гишүүн асан Сангажавын Баярцогтыг багш эрдэм шинжилгээний ажилтнаар, төр, нийгмийн ухааны хүрээлэнгийн ажилтан Дамбын Ганбатыг хэвлэл мэдээлэл хариуцсан э.ш.ажилтнаар, эдийн засгийн ухааны доктор Будын Намсрайг зах зээлийн эдийн засгийн багш, э.ш.ажилтнаар, физик-математикийн ухааны доктор Ч.Лхагважавыг төрийн санхүүгийн багш, э.ш.а-наар тус тус авсан нь Академийн анхны багш нар болсон юм.

Академи анхны сургалтуудаа 1993 оны 4 дүгээр сараас орон нутагт явж хийжээ. Эдгээр сургалтыг 6 аймагт зохион байгуулж нийт 366 хүнийг хамруулж, сургалтын  санхүүжилтийг тэр үеийн арилжааны  банкнаас богино хугацаатай зээл авч хийсэн байдаг.

1993 оны 7 дугаар сараас УТБАкадемийн захирлаар Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдоод байсан, УИХ-ын гишүүн асан М.Энхсайхан хавсран ажиллахаар болжээ.

1993 оны 8-р сард ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн суурин төлөөлөгч Вернер М. Проль Монголд ирсэн. Тэрээр Академийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, цаашид сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах бүрэн бололцоотой чадварлаг хамт олон бүрэлдсэн байна гэж дүгнэсэн байна.


УТБА-ийн Удирдах зөвлөлийн дарга Б. Дэлгэрмаа ”Монгол улсын үндсэн хууль, төрийн байгууллын асуудал” сэдэвт онол-практикийн бага хуралд илтгэл тавьж байгаа нь Улаанбаатар, төрийн ордон
1999 оны 10 дугаар сарын 13


УИХ-ын гишүүн Б. Дэлгэрмаа, КАС-ийн анхны суурин төлөөлөгч В. Проль, удаах суурин төлөөлөгч П. Глуховски нар УТБА-ийн ажилтнуудын хамт 1999 он

1994 оны эхээр  Академийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгдсэн бодлогын хүрээнд Монгол улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг шинжиж, нийгмийн сэтгэлгээнд шинэчлэл хийх зорилго бүхий онол- арга зүйн “Шинэ толь“  сэтгүүл гаргахаар тохирч сэтгүүлийн редакцийг Академийн захирал М.Энхсайхан, нийтлэлч Б.Баабар, Э.Бат-үүл, Ц.Элбэгдорж, Б.Дэлгэрмаа, Ч.Лхагважав нарын гишүүдтэйгээр байгуулжээ. Анхны дугаар нь  “Ардчилал ба Эдийн засаг” нэртэйгээр 1000 ширхэг хэвлэгдэн гарсан байна. Энэ ондоо “Шинэ толь” сэтгүүлийн “Ардчилал ба Улс төр”, “Ардчилал ба Эрх зүй”, “Ардчилал ба Нийгмийн бодлого” гэсэн 3 дугаар хэвлэгдэн гарсан  бол өнөөдөр тус сэтгүүлийн 76 дахь дугаар гарч байна.

1994 оны 8-р сарын 1-нээс Улс төрийн Боловсролын Академи Хууль зүйн Яаманд бүртгүүлэн, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэсэн албан ёсны статустай болж  захирлаар нь доктор Б.Дэлгэрмаа томилогдсон байна.

 Академийн багш эша Ч.Лхагважав ахлагчтай багийн хийсэн “1990,1992,1993 оны сонгуулийн дүнд хийсэн анализ” судалгаа, Академийн захирал Б.Дэлгэрмаагийн удирдсан “Монгол дахь хүний улс төрийн ба иргэний эрхийн хэрэгжилт”, ЭША Д.Ганбатын удирдсан “Нийгмийн социал бүлгийн ялгарал, түүний улс төрийн үр дагавар”, ЭША Б.Намсрай ахлагчтай багийн “Трансформацийн үеийн эдийн засгийн байдал, бодлого” судалгаанууд хийгдэж, “Шинэ толь” сэтгүүлд нийтлэгджээ” түүнчлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дахь сонгуулийн тогтолцоо, хууль, хэрэгжилт” сэдвээр олон улсын бага хурал зохион байгуулж 150 гаруй хүн оролцжээ.

1995 онд нийт 20 аймаг Улаанбаатар хотод анхан, дунд шатны 5 хоногийн сургалтыг зохион байгуулж, шалгарсан хүмүүсийг 9,10-р сард Улаанбаатар хотод болсон дээд шатны курст сургаж сертификат олгосон байна.

Түүнчлэн “Сургалтын ур чадварыг дээшлүүлэх нь” сэдвээр насанд хүрэгчдийн сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар багш нар бэлтгэх семинарыг КАС-аас зохион байгуулж, Академийн нийт багш, ажилтнуудыг оролцуулжээ. Энэ үеэр КАС-гийн Гадаад харилцааны хэлтсийн удирдлага Монголд айлчилаж Академийн үйл ажиллагааны чиглэлийг өргөтгөн өөрчлөх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх талаар  зөвлөлгөө өгч,  аливаа нам, улс төрийн хүчнээс хараат бусаар оршин, бие даасан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болсныг сайшааж, КАС-гийн төвөөс шууд санхүүжилт өгөх болсон байна. Академийн үйл ажиллагаа улам өргөжиж, зохион байгуулсан сургалтын сэдэв, тоо, чанар дээшилж, сургалт авах захиалга эрс ихсэх болсон.

Академи 1996 онд “Ардчиллын сургууль” төслийн хүрээнд “Сонгууль – Шинэ сонгогч”, “Эмэгтэйчүүд нутгийн удирдлагад”, Төрийн алба -иргэддээ үйлчлэх алба”, “Нийгмийн тухай шинэ мэдлэг” гэсэн дэд төслүүдийг хэрэгжүүлжээ. Мөн “Улс төрийн нам”, “Сонгууль” гэсэн сэдвүүдээр Улс төрийн намуудад сургалтууд зохион байгуулжээ.

1996 оны сүүлчээр КАС-ийн суурин төлөөлөгч ноён В. Пролийн санаачилга, дэмжлэгтэйгээр Академи Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөнтэй хамтран Европын холбооны ТАСИС хөтөлбөрийн санхүүжилтээр хөдөө, орон нутагт “Иргэдийн оролцоо – Ардчилал” төслийг хэрэгжүүлэх болсон. Энэ төслийн хүрээнд орон нутагт сургагч багш нарыг бэлтгэж эхэлсэн бөгөөд улмаар 1997 оны 7-р сараас Дундговь, Дархан-Уул, Хөвсгөл, Дорнод, Өвөрхангай, Ховд аймгуудад өөрийн салбаруудыг байгуулсан.

Академийн орон нутагт хийж буй сургалтууд нь мэдээллээс хол байдаг хөдөөгийн иргэдэд улам чиглэгдэж, ардчилал, ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх ажилд шинэ ахиц боломж гарч ирсэн юм.

Академи 1998 оноос өөрийн шинэ зорилтот бүлгээр аймаг, сумдын ИТХ, ЗДТГ-ын ажилтнууд, дунд сургуулийн нийгмийн ухааны багш нар, залуучууд,  эмэгтэйчүүдийн байгууллагын идэвхтэн, гишүүдийг сонгож тэдэнд зориулсан “Нутгийн удирдлага”, “Нийгмийн тухай шинэ мэдлэг”, “Иргэдийн боловсрол” сэдэвт  сургалтуудыг бүх аймгийн төвүүдэд зохион байгуулах болсон байна.

2001 оноос нийт иргэдэд хандсан “Иргэний сургууль”, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Шинэ үе-Иргэний төлөвшил”, ЕБС-ийн багш нарт “Ардчиллын үнэлэмж төлөвших үйл явцыг жолоодох нь”, шүүх цагдаа, хууль  хяналтын байгууллагын  ажилтнуудад “Хүний эрхийн хамгаалал”,  орон нутгийн иргэд, хувийн хэвшлийнхэн, нутгийн удирдлагын байгууллагын ажилтнуудад “Орон нутгийн олон талт түншлэл”, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, төр захиргааны  байгууллагын  ажилтнуудад “Иргэн төрийн харилцаа”, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагад “Улс төр дэх залуучуудын оролцоо”, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо”, улс төрийн намуудын идэвхтэн  сонгуультнуудад зориулсан  “Намын дотоод ардчилал, гишүүдийн эрх, үүрэг”,  иргэдэд “Засаглалын нээлттэй байдал, олон нийтийн хяналт”, “Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо”, Улс төрийн намуудад “Сонгуулийн кампанийг амжилттай удирдах нь”, иргэд малчдад “Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлс, тэдгээртэй тэмцэх арга зам” зэрэг сэдэвт сургалтуудыг зохион байгуулж ирлээ.

Өнгөрсөн 20 жилд Академийн зохион байгуулсан сургалтуудад давхардсан тоогоор 160 орчим мянган хүн хамрагдсан нь Монгол улсын сонгуулийн насны иргэдийн 10 гаруй хувь болж байна.

Академи улс төр, нийгэм, эдийн засаг, эрх зүйн салбарыг хамарсан суурь ба хавсарга судалгааг бие даан болон гадаад, дотоодын байгууллагатай хамтран явуулж ирсэн. “Ардчилалын үнэлэмжийн төлөвшил” сэдэвт Азийн Барометр олон улсын судалгаанд 2002-2016 онуудад Монгол улсыг хариуцан ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд сургалтын хэлбэр, хүмүүст хүргэх арга зүйг боловсронгуй болгох үүднээс сургалтын кино бүтээн олон түмэнд хүргэх чиглэлээр ажиллаж байна.  2004 онд “Хэн ч халдашгүй эрх”,  2005 онд “Шинэ алхам”, 2006 онд “Захиргааны байгууллага ба Иргэний эрх”,  2007 онд “Иргэн төрийн харилцаа”, 2008 онд ”Шинэ цагийн иргэд”,  2009 онд “Шинэ сонгогч”, 2010 онд “Иргэний эрх ба шударга шүүх”, 2011 онд “Ардчилалын тухай яриа” зэрэг сургалтын кино бүтээсэн байна.

Академи нь 2002 онд “Азийн Барометр” Олон улсын Судалгааны төслийн багийн гишүүн, 2003 онд Олон улсын Ардчилал Судлалын Хүрээлэнгүүдийн сүлжээний гишүүн, 2005 онд Монголын Улс төрийн Шинжлэх ухааны Холбооны гишүүнээр элсэн ажиллаж байна.

2006 онд Улс төрийн Боловсролын Академийн дэргэд магистрын сургалттай нийгмийн ухааны Либерти дээд сургууль байгуулагдаж менежмент, төрийн удирдлагын магистрын зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Тус сургууль нь нийгэм, эдийн засгийн чиглэлээр судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх, багш, суралцагчдын судалгааны бүтээл, лекцийн эмхтгэл, семинарын бүтээлүүдээр товхимол хэвлэн гаргаж ирсэн.


Либерти дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ц. Элбэгдорж, УИХ-ын гишүүн Х. Баттулга нар төрийн удирдлагын магиструудын хамт. 2008 оны 4 дүгээр сар

Түүнчлэн сургалтын хөтөлбөр, агуулгыг сайжруулах зорилгоор БНСУ-ын Йонсей Их сургуулийн Нийтийн захиргааны дээд сургуультай хамтран ажиллаж, уг сургуулийн профессорын багийн оролцоотой Бага хурал, сургалтуудыг зохион байгуулж ирсэн. Тус сургууль нь 2006 – 2012 оны хичээлийн жилийн хугацаанд нийт 150 гаруй магиструудыг бэлтгэн гаргажээ.

Өнөөдөр бид бүхэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн ажилдаа үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрхэн  яаж ажиллах талаараа хэлэлцэн ярилцаж, бусад орны туршлага зэргийг судалж байна.

Монгол Улсын улс төрийн намуудын тухай хууль, улс төрийн санхүүжилтийн тухай  хуулийн төслүүд Улсын Их хурал дээр хэлэлцэгдэж буй энэ цаг үед ХБНГУ-ын холбогдох хуулиудад  улс төрийн сангуудын үйл ажиллагааг төрөөс хэрхэн зохицуулдаг  эрх зүйн үндэс, улс төрийн боловсролын асуудлыг холбооны, муж улсын болон орон нутгийн түвшинд улс төрийн сангаар дамжуулан хэрхэн яаж шийдвэрлэж байгаа зэргийг судалж,  цаашид өөрийн орны нөхцөлд энэ асуудлуудыг  хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагааны туршлагыг судалж байна.

Ийнхүү тэртээх 1993 оны 1-р сарын 1-ний өдөр анх байгуулагдсан манай байгууллага эх орондоо хүний эрх , эрх чөлөөт байдлыг түгээн дэлгэрүүлэх, олон ургальч үзэлд тулгуурласан нээлттэй нийгэм бүрдүүлэх, иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төрийг төлөвшүүлэх, парламентын засаглал, олон намын тогтолцоог бэхжүүлэх их үйл хэрэгт 20 гаруй жил хүчин зүтгэж ирлээ.

1990 оны Цагаан морин жилийн өвөл  өрнөсөн Ардчилсан Хувьсгал нь Монгол орны  нийгмийн амьдралыг  үндсээр нь өөрчилж, ардчиллын шинэ үнэт зүйлс түгэн дэлгэрэх эхлэлийг тависан билээ. Монгол орны нийгэм, улс төр, эдийн засаг, эрх зүйн хүрээнд өрнөсөн энэ шинэчлэл өөрчлөлтийн утга санааг иргэд олон түмэндээ хүргэх эрхэм хүндтэй үүрэг нь манай хамт олонд оногдсон бөгөөд энэ үүргээ бид бүхэн амжилттай биелүүлж ирлээ.

Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд  20 жилийн турш  хамтран ажиллаж, тусалж дэмжиж ирсэн ХБНГУ-ын Конрад Аденауэрийн сангийн хамт олондоо гүн талархлаа илэрхийлье. Энэ  үйлсийг хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэж ирсэн тус Академийг үүсгэн байгуулагч МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Академийн удирдах зөвлөлийн гишүүн Да.Ганболд, Б.Дэлгэрмаа, Р.Бурмаа, Д.Ганбат нар болон үе үеийн захирал, эрхлэгч, эрдэмтэн, багш, судлаач  нартаа  чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлье.

Та бүхэндээ  Монгол оронд Ардчилсан Хувьсгал өрнөсний 24 жил, Улс төрийн боловсролын Академи үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн баярын мэндийг ахин дэвшүүлж, ажил хөдөлмөрт  нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2013-12-09. Улаанбаатар хот.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж