Н.Батцэрэг: Мөрдөх албаны хууль дээр эргэж харах зүйлс байна

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг: Мөрдөх албаны хууль дээр эргэж харах зүйлс байна

УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдаж, Ерөнхий сайд Х.Тэмүүжин, Шадар сайд Д.Тэрбишдагва нарын мэдээллийг сонссон байна. Тодруулбал, Мөрдөх албаны тухай хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна. Мөрдөх албаны тухай хуультай холбогдуулан мэрэгжлийн байгууллагууд болох  Улсын мөрдөн байцаах газар, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын удирдлагуудаас энэ хуулийн төсөлтэй холбогдуулж санал авчээ. Мөн Консулын газрын Гэрээ, эрхзүйн хэлтсийн удирдлагуудыг оролцуулж Мөрдөх албаны тухай хуульд Хууль зүйн атташег гадаадын Элчин сайд, Төлөөлөгчдийн газарт ажиллуулж болох тухай зохицуулалт үүсэх гэж байгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна.

Мөн УИХ-д Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Шадар сайд Д.Тэрбишдагвын мэдээллийг сонссон байна. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийн Засгийн газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий  газрын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргахаар болсны хүрээнд энэ хуулийн төслийг өргөн барьсан юм. Тэгвэл эвслийн бүлгээс Шадар сайдаас болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, удирдлагуудыг байлцуулан хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсчээ. Үүний зэрэгцээ Улс төрийн намуудын тухай хуульд эвслийн бүлгээс ямар байр суурьтай оролцох талаар мэдээлэл солилцсон байна. Харин Мөрдөх албаны тухай хуулийн төслийн хүрээнд Л.Цог гишүүнээр ахлуулсан бүлгийн ажлын хэсгийг байгуулахаар болжээ. Энэ үеэр "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Мөрдөх албаны тухай хуулийг эвслийн зүгээс дэмжиж байгаа юу?

-Мөрдөх абаны хуулийн гаргах нь зүйтэй гэж эвслийн бүлгийн гишүүд үзэж байгаа. Гэхдээ энэ хууль дээр эргэж харах, ажлын хэсэг дээр дахин ярих зүйл байна. Тухайлбал, Мөрдөх албаны тухай хуульд Хууль зүйн атташег гадаадын Элчин сайд, Төлөөлөгчдийн газарт ажлуулахаар хуульд тусгасан байгаа. Консулын газрын өгсөн мэдээллээр бол дипломат төлөөлөгчийн газар байгаа бүх газарт Хууль зүйн атташег томилох нь тийм ч тохиромжтой зүйл биш гэж үзсэн байна. Сүүлийн үед гараад буй үндэстэн дамнасан хүний наймаа, хар тамхитай холбоотой хэргүүдэд монголчууд холбогдож байгаа ч тухай улсын хуулиар зохицуулагдаад явдаг учраас дипломат төлөөлөгчийн газруудад Хууль зүйн атташег томилох нь хийх ажилгүй, ашигтай бус орон тоог нэмэгдүүлэх хэрэг болоод байна гэлээ. Гэхдээ энэ бүхнийг эргэн харж, ажлын хэсэг дээр дахин ярих шаардлагатай гэж үзсэн.

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгана гэсэн зүйл яригдаж байна. Энэ журмын төслөөр бүтэц нь ямар байхаар тусгасан байна вэ?

-Одоогийн байгаагаас өөрчилье гэж байгаа юм байна. Хяналт, шалгалт явуулдаг объектуудын тоог багасгах юм байна. Нөгөөтэйгүүр хяналт, шалгалтыг хамруулах хүрээг бууруулж, соён гэгээрүүлж, зөвлөдөг чиг үүргийг илүү нэмэгдүүлэхээр тусгаж. Гэхдээ хяналт, шалгалтаа эрсдэлд суурилсан байдлаар байлгах нь зөв. Түүнчлэн зарим хяналтын чиг үүргийг салбаруудыг шилжүүлье гэж байгаа юм байна. Хүнс, хөдөлмөр гэсэн нийтлэг зүйл рүү хяналт шалгалтаа түлхүү хийхээр авч үлдье гэж байгаа. Үүнтэй холбогдуулаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг байгуулах засаглалын хувьд нэлээд өөрчлөлт оруулъя гэж үзэж байгаа юм байна.  Хэдийгээр аль асуудал Засгийн газрын аль нэг гишүүний эрхлэх асуудлын хүрээнд байх ч Мэргэжлийн ерөнхий газрын дэргэд Үндэсний зөвлөл байгуулах нь. Үүнд нь тухайн салбарын мэргэжлийн холбоод, ТББ-уудын төлөөллийг оруулцуулсанаар улсын байцаагчдын ажлын байрны тодорхойлт, чиг үүргийг нь гаргаж өгөх. Харин түүнд таарсан томилгоог Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь хийдэг байхаар өөрчилж байгаа юм байна.

-Бүлгийн зүгээс энэ хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Г.Уянга гишүүнээр ахлуулсан ажлыг хэсэг байгуулсан. Хуулийн бүхэлд нь дэмжих бололцоотой гэж үзэж байгаа. Гэхдээ дотор нь ярих зүйл байгаа. Мэргэжлийн хяналтын бүтцийн үйл ажиллагааг багасгах нь буруу гэж үзэж байгаа. Энэ талаар саналаа хэлж байгаа гишүүд бий.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж