Бидний зорилго маш энгийн байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Бидний зорилго маш энгийн байх хэрэгтэй

Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг улсын хэмжээний нийт 40 сургууль дээр туршиж байгаа юм. Энэ хүрээнд сургалтын үйл ажилагаанд хөндлөнгийн мониторинг, үнэлгээ хийх, үр дүнг хэмжих, сайжруулахад санал зөвлөмж өгөх, арга аргачлалаар хангахаар арга зүйч, болон мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногт нийт 18 аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр ажиллаад ирлээ.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг туршиж байгаа Дархан-Уул аймагийн ”Оюун ирээдүй сургууль”-ийн сургалтын менежер н.Мядагмаа хөтөлбөрийн талаар дараах тодруулгыг өглөө.

-Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжсэнээр багш нарын хандлага хэрхэн өөрчлөгдөж байна. Мөн сурагчдын сурах арга барилд өөрчлөлт гарч байна уу?

– Манай сургууль өнгөрсөн 2012-2013 оны хичээлийн жилд Боловсролын шинэчлэл хөтөлбөрийн хүрээнд, тав дугаар ангийн  хоёр бүлэг дээр Математик, Байгалийн ухаан гэсэн хичээлийг  туршсан. Туршилтанд хамрагдсан хоёр бүлгийн сурагчдын хувьд сурах арга барил, бие даах чадварын хувьд бусдаасаа  арай өөр болж байгаа нь ажиглагдаж байна. Мөн тус хичээлийг орж байсан багш нар ч бусад багш нараас заах аргын хувьд илүү байгаа нь батлагдсан.

-Энэ хичээлийн жилд танай сургуулийн нийт бага ангийнхан “Шинэчилсэн хөтөрийн” дагуу хичээлээ явуулна. Хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Энэ хичээлийн жилд шинэчилсэн хөтөлбөрт нийт 50 гаруй багш, 42 бүлгийн сургчид хамрагдаж байна. Өнгөрсөн нэгдүгээр улиралд бид бүгд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бүгд л дор бүрнээ хичээж ажиллалаа. Гэхдээ засаж сайжруулах, дахин төлөвлөх гээд алдаа оноо их байна. Манай сургуулийн энэ хичээлийн жилийн зорилго маш энгийн. Сурагчдыг сонсгож, яриулж, бие даалгаж сургая гэсэн зорилготой. Бид өмнө нь сургуулийн зорилго гаргах болохоор зөвхөн сургуулийн удирдлагын түвшинд л гаргадаг байж. Энэ маш буруу туршлага гэдгийг ойлгосон. Хамгийн энгийн зүйлээс л боловсролын шинэчлэл хийгдэнэ гэж бодож байна. Тиймээс бид зорилгоо багш нарынхаа саналд тулгуурлаж гаргана.

-Сургууль бүр өөрийн гэсэн онцлогтоо тохируулан хичээллэх боломж бүрдсэн. Гол нь хүүхэд бүр сурлага, урлаг гээд ямар нэг байдлаар хөгжсөн байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Танай сургуулийн тухайд ямар онцлогтойгоор хичээлээ явуулах гэж байна вэ?

-2013-2014 оны хичээлийн жилд шинэчилсэн хөтөлбөрийг туршиж байгаа 40 сургууль дээр “Ёс суртахууны” хичээл орж байгаа. Манай сургууль дээр ч мөн адил. Тиймээс бид сургууль дээрээ ёс суртахуунтай холбоотой орчин бий болгосон. Ингэснээр сурагчид ямар зорилготой байгаагаа, мөн хэнд баярлаж талархаж байгаагаа, хэнээс уучлалт гуйхийг хүсэж байгаа бичгээр илэрхийлэх юм. Ер нь зөв хүн байна гэдэг ёс суртахуутай байхыг хэлдэг. Тиймээс бид энэ хичээлд ихээхэн ач холбогдол өгч байна. Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн туршилтын багийнхан орон нутагт ирж ажиллаж, зааж зөвлөж байгаа нь үнэхээр сайшаалтай. Сургалтын хугцаанд бид эргэлзэж байсан зүйлээ мэргэжилтнүүдээс асууж, зөвлөлдөж чадлаа. Тиймээс дараа дараагийн улиралд улам сайжирна гэдэгтээ итгэлтэй байна.

Г.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж