Н.Энхболдыг хэн орлох вэ?

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Н.Энхболдыг хэн орлох вэ?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өөрийн хүсэлтээр бүлгийн даргын суудлаасаа огцрохоор өргөдлөө өглөө. Энэ нь МАН-ын бүлгийн гишүүдэд  тийм ч шинэ, гайхам мэдээ байгаагүй нь лавтай.

МАН-ын XXVII их хурлаа хийж, намын удирдлагуудыг бүхэлд нь шинэчилсэн. Энэ шинэчлэлийн хүрээнд МАН-ын Их хурлын дараа Н.Энхболд суудалдаа үлдэх эсэх нь яригдаж эхэлсэн. Учир нь МАН-ын дүрмийн шинэчлэлд тусгаснаар "МАН-ын  дарга нь Удирдах зөвлөлөө эсвэл УИХ дахь намын бүлгээ удирдана" гэж тусгаснаар Н.Энхболдын суудлын яриа гарч эхэлсэн билээ. Гэвч МАН-ын шинэ дарга М.Энхболд Удирдах зөвлөлөө тэргүүлэх болсноор Н.Энхболд бүлгийн даргын суудалдаа үлдсэн.  Гэвч намын шинэ дарга М.Энхболдтой таарч тохирохгүйгээс ажлаа өгч байна гэж хардах хүмүүс олон байгаа юм. Учир нь намын дарга болж, намын Удирдах зөвлөл, Бага хурлаа хотын фракциар бүрдүүлсэн М.Энхболдтой Н.Энхболд гар нийлж чадахгүйд хүрсэн бололтой.  Өөрөөр хэлбэл, М.Энхболд "өөрийн"  хүмүүсээр намын удирдлагаа шинэчилсэн нь Сү.Батболд тэргүүтэй  бусад фракцийнхантайгаа "түнжин хагарахад" хүргэсэн гэж үзэх хүмүүс бас байна.

Н.Энхболд даргынхаа суудлаас огцрох хүсэлтийг МАН-ын Удирдах зөвлөлөөр шийдвэрлэнэ. Хэрэв Удирдах зөвлөлөөс Н.Энхболдын хүсэлтийг хүлээж авбал, түүний оронд 1-2 хүнийг намын бүлгийн даргад нэр дэвшүүлэн УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцүүлнэ. Одоогоор УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт болон Д.Оюунхорол гишүүн нарын нэр бүлгийн даргад яригдаад эхэлчихсэн байна. Харин М.Энхболдын фракци энэ хоёрын хэн нэгэнд итгэл үзүүлэх эсвэл намын дүрмийн шинэчлэлийн дагуу М.Энхболд бүлгээ удирдах эсэх нь тодорхойгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдах бололтой.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж