Ухаалаг төрд ухаалаг хүн хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Ухаалаг төрд ухаалаг хүн хэрэгтэй

Таньдаг нь буцаж, таньдаггүйд нь улам хайртай болно

Буурай эмээгийн минь хэлж асан энэ үгийг олонтойгоо хуваалцахсан гэж бодсоор үүнийг бичиж сууна. Эргэх амьдралын жам, үр удмын үргэлжлэлийг энгийнээр агаад хайр энэрэл шингээн өгүүлжээ. Магадгүй эрт үеэс хэлэгдэж ирсэн монгол философи байх л даа.

Буурай маань урт насалсаан. Нэг л өдөр эргэн тойрноо харахад аав нь, ээж нь, ах дүү, амраг садангаас өтөл буурлууд хэдийнэ өөр гэртээ харьж, харин тэдний үр хүүхэд өсөж том болон, ач гуч нь бужигнаж байсан биз. Тэгээд л таньдагууд нь байхгүй болж, танихгүйчүүдэд нь улам хайртай болох хорвоо юм даа гэж хэлжээ. Тийм ээ, яг одоо  миний хажууд аав, ээж хоёр минь алга. Харин тэдэнтэй минь дэндүү адилхан дүүгийн хүүхдүүд надад эрхлэнэ. Буурайгийн хэлснээр танихгүй тэр нөхдөд би хэтэрхий хайртай болж байна. Энэ бол ертөнцийн жам, аав, ээжийн минь амьдралын үргэлжлэл.

Болдогсон бол энэ хорвоог хайраар бялхаах юмсан. Хайр дутсанаас хамаг муу муухайгийн үр гарах аж. Хүмүүс бие биедээ тусалж, сайн сайхныг хүсэж амьдрахсан. Сүүлийн үед монголчууд дэндүү зэрлэгшин, хүний санаа, ой тоонд багтамгүй хэрэг гарах  боллоо. Хамгийн аймшигтай нь тэр хэргийг насанд хүрээгүй хүүхдүүд үйлдсэн тухай ч дуулдах болов. Ингэхэд хүмүүжил боловсрол, хайр энэрлийн талаар дуугарч байгаа томчууд байна уу. Тун ховор, үнэндээ байхгүйтай адил байна. Мөнгө төгрөг, арилжаа наймаа, ашиг хонжооноос өөр зүйл ярьж байна уу. Боловсролтой монгол хүн гэх хуурай үгийг амны уншлагаа болгосон боловч хүнлэг монгол хүн гэж үл дуулдана. Цаана нь нялх үрс нь муур, нохойн зулзага алж зугаацаж, хүн болж байна.

Монголын баялаг-Монгол хүн хэмээнэ. Боловсролтой монгол хүн Монголыг авч явна гэнэ. Эдгээрээс үнэн үг алга. Монгол хүн оюуны чадавхиар хаа ч гологдохгүйг бид олон жишээгээр мэднэ. Дэлхийн хэмжээний пүүс, корпорацид ажиллаж, бүр удирдах багт ордог. Нээлт хийж, нэрээ дуурсгаж байна. Гэхдээ хүн бүр алдар суутан болохгүй. Харин эцэг эх болж, өрх гэр толгойлж, үр удмаа үлдээдэг учраас иргэнээ эхнээс нь сайн хүн болгож, тэдэнд хүнлэг чанарыг суулгах нь чухамдаа дэлхийн зах зээлд  ямар ч  IPO гаргаж, бонд босгохоос алсын ач холбогдолтой билээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас монгол боловсролын тогтолцооны тухай ярьж хэлэх болсон нь сайшаалтай. Бодлого зорилтод нь албан бус сургалтын тухай байна. Тэнд иргэний, гэр бүлийн, гоо зүйн, ёс суртахуун, амьдрах ухааны гэсэн олон чиглэл байх агаад  тэдгээрийг насан туршийн боловсрол хэмээн нэрийдсэн нь сонирхол татав. Мэдээж монгол дэлхийн боловсролоос дутахгүй. Орчин цагийн хүүхдүүд  хэнээр ч хэлүүлэхгүй технологийн дэвшилд шунан дурлаж байна. Тэрүүгээрээ мэргэжин, улсдаа хэрэгтэй сайн боловсон хүчин болох нь дамжиггүй. Харин  хүн чанар, хайр, нинжин сэтгэлийг хэн ч зааж өгдөггүй, хэлж ярьж буй эмээ өвөөгөө хоцрогдсон гэж байж ч мэднэ. Энэ чинь  зах зээлийн нийгэм, хэн чаддаг нь сайн амьдарна гэж мэднэ. Тэр ч үнэн. Угаас нийгмийн хөгжил, өнгө нь тийм юм чинь. “Орчлон” сургуулийн хүүхдүүд төлбөрөө нэмэхийг хүсэж л  дээ. Учир нь, ангид нь зиндааны биш хүүхдүүд орж ирээд байсан юм байх. Бидний хүүхдүүд ийм л хүмүүжил, мөс жудагтай болж байна. Нийгмийн ялгавар энэ хэмжээнд хүрч байна. Ялгавар гаралгүй яахав, гарах ёстой юм чинь. Гэвч хэмжээ хязгаар, аль хөрсөнд байна, ямар үр дагавартай зэргийг бодох л ёстой. Яагаад гэвэл тэд Монголын хойч ирээдүй. Монгол Улсыг авч явах улс. Ядуу, буурай нь хэтэрхий зэрлэгшиж, баян  чинээлэг нь ийм л ааг араншинтай өсөж өндийж байна. Эцэг, эх маань ч үр хүүхдийнхээ хүмүүжил, байдлыг нэг тандаад үзвэл яасан юм. Төр, засгийн бодлого ч жижиг гэлтгүй энэ мэт асуудлыг анхаарч хараасай. Жижиг юм гэж уг нь байдаггүй л дээ. Том зүйл жижгээс л улбаатай. Ухаалаг төрд ухаалаг хүн хэрэгтэй. Ухаалаг хүн ёс зүйтэй байдаг аж.

Эцэст нь,  таньдаг түрүү  үе мань эцэг өвгөд. Таньдаггүй атлаа бидний улам ихээр хайрлах хойч үеийнхээ төлөө анхаарал тавъя. Тэднийгээ хайрлая, хайраас хайр бий болдог.

                  Б.ОЮУН-ЭРДЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж