Баянхошууны замд шаланз машин нийтийн тээврийн автобус мөргөж, хоёр хүн газар дээрээ амь насаа алдсан аймшигтай осол гарсан талаар бид мэдээлсэн. Гэмтэл согог судлалын төвд очиж авсан шуурхай мэдээллээр бол зөвхөн энэ ослоос болж 24 хүн гэмтэж, гурван хүн нас барлаа. Хэргийн газар дээр хоёр хүн нас барж, гэмтэгсдийг эмнэлэг рүү хүргэх замд 4-5 настай хүүхэд мөн амиа алджээ. Эмч нар бэртэж гэмтсэн хүмүүст тусламж үзүүлж, хөнгөвтөр гэмтэлтэй хүмүүсийг тасагт шилжүүлсэн байна. Одоогоор таван хүний биеийн байдал туйлын хүнд, яаралтай мэс засал хийх шаардлагатай байгаа гэнэ. Эмч нар шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Гэвч хоёр хүний бие маш хүнд, сэхэх найдвар муутай байна гэлээ.
Энэхүү аймшигт ослоос гадна Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Шинэ өглөө хотхоны ойролцоо хоёр машин мөргөлдөж гурван хүн гэмтсэн. Гэмтсэн хүмүүсийг эмнэлэг рүү хүргэх замд долоон настай охин амиа алдсан байна. Хүнд гэмтэл авсан хоёр хүнийг сэхээн амьдруулах тасагт эмчилж байна. Өнөөдөр нийслэлд хоёр том осол гарч хүн гэмтэж, дөрвөн хүн үүн дотор хоёр хүүхэд амиа алдсан хар өдөр боллоо.
Манай сурвалжлагчийн газар дээрээс нь мэдээлснээр бол тоосго ачиж явсан шаланз машин автобусыг мөргөж, эрчиндээ дахин нэг машин мөргөж, явган явж байсан хүнийг дайрсан гэж хүмүүс ярьж байна. Машинд дайруулсан явган зорчигч газар дээрээ нас барсан бололтой. Мөн ойролцоо нь мод зарж байсан хоёр хүн дээр шаланз машин дээр ачсан тоосгонд дарагдаж гэмтжээ. Мөн энэ машинд дайруулсан жижиг тэргэнд жолооч, эхнэр хүүхдийн хамт явж байсан. Тэд хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор ослын газар дээр ажиллаж байгаа цагдаа нар ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөхгүй байна. Осол гарсан орчимд гурван ч шатахуун түгээх станц байдаг. Хэрвээ том машин эсрэг чиглэл рүү эргэсэн бол шатахуун түгээх станцыг мөргөж, дэлбэрэх аюултай байсан гэж ойр орчныхон нь ярьж байна. Шаланз машины тоормос алдагдсанаас осол гарсан бололтой. Хэргийн газар байсан хүмүүсийн яриагаар бол шаланз машины жолооч гэнэтийн саатал гарсан бололтой гэрлээ асааж, дохио өгч байсан. Автобусны жолооч хүнд тэрэгний замаас зайлах гэсэн боловч амжаагүй. Жолоодлогогүй болсон машины замд гурван машин дайрагджээ.