Уул уурхайн салбарт оролцогчдод харилцан ашигтай байх тийм загвар гэрээг боловсруулах талаар Их Тэнгэрт 6-р сарын 17-18-ны өдрүүдэд ярилцах гэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээг илүү нээлттэй, ил тод болгох тогтолцоо болон, байгалийн баялгийг зөв зохистой ашиглах зэрэг асуудлууд мөн энэ үеэр яригдах болно. Салбар хуралдаануудаар яригдах Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн түүх, туршлага, сургамж ч мөн энэхүү дугуй ширээний уулзалт-ярилцлагын нэгэн чухал сэдэв байх болно. Эрдэс баялаг уул уурхайн салбараа зүй зохистой ашиглах үйл явц зөвхөн манай улсын төдийгүй дэлхийн олон орны анхаарлыг татаж байгаа энэ цаг үед , энэхүү олон улсын нэр хүндтэй байгууллагын зохион байгуулж байгаа уулзалт-дугуй ширээний ярилцлагаас гарах санал, зөвлөмжүүд чухал ач холбогдолтой байх нь дамжиггүй хэмээн зохион байгуулагчид, шинжээчид үзэж байна. “Эрдэс баялгийн салбараа зохистой хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний ярилцлагад олон улсын нэр хүнд бүхий шинжээчид, уул уурхайн хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн салбарынхан болон иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
Эх сурвалж: president.mn