24 жилийн ой арванхоёрдугаар сарын 6-10-нд тохиож байгаатай холбогдуулан Ардчилсан намын хэрэг
эрхлэх газраас олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ.
Тухайлбал, яг
одоо Ардчилсан намын Ахмадын цахим чуулган Мэдэээлэл технологийн газрын Цахим
хурлын танхимд болон 21 аймагт зэрэг болж байна. Ахмадын цахим чуулганд Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа
1500 ахмад оролцож байгаа юм.
Ардчиллын үйл хэргийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн ахмад
буурлууддаа Ардчилсан намын
дарга Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн
бичгийн дарга Ц.Оюундарь нар
мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн Ахмадын цахим чуулганыг нээж Ардчилсан
ахмадын холбооны тэргүүн Р.Банзрагч Ахмадын холбооны ажлын тайланг танилцуулсан бол Монголын Ахмадын Чөлөөт холбооны
тэргүүн Г.Баасан мэндчилгээ
дэвшүүлэв.
Ардчилсан намын
дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахмадуудад хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн шинэчлэл өөрчлөлтийг авч
ирэх 24 жилийн хугацаанд
Ардчилсан намын тулах цэг, түших багана байж ирсэн ахмадууд та бүхэндээ
Ардчилсан хувьсгалын баярын халуун мэндийг хүргэе. Иргэдээ оролцуулсан бодлоготой, авилгал хүнд сурталгүй, үйл
ажиллагаагаа тайлагнадаг, хариуцлагатай, үр дүнтэй Монгол төрийг бий болгох нь Ардчилсан намын үе үеийн ахмадууд
та бүхний минь
зорилго байсан. Энэ зорилгыг
биелүүлэхээр Шинэчлэлийн
Засгийн газар байгуулагдан гарааны жилдээ иргэдийнхээ итгэлийг дааж амжилттай
ажилалаа.
Бид иргэдээ
сонсдог чихтэй, иргэддээ нээлттэй ордонтой, тендэр бүхэн цахимжиж,
бүтээн байгуулалт өрнөн, хүнд суртлыг цөөлж, эх
орондоо үйлдвэрлэж, ажилтай чадварлаг залуусыг бэлдэж, бяцхан үрсээ тэтгэж,
залуу хойчоо амьдрах ухаантай болгож эхлээд байна. Мөн мах, ногоо,
нүүс, шатахуун гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хазаарлаж чадлаа.
Оношилгоо,
Шинэсум, Автозам, Орон сууц, Боомтын шинэчлэл, Нисэх онгоц, Монгол зүтгүүр, Цэцэрлэгжүүлэлт, Гудамж
төсөл, Монгол бахархал гээд өнгөрч буй нэг жилд хийсэн ажлуудыг тоочиж дуусахгүй. Гэхдээ эдгээр ажил маань гарааны жилд хийсэн
ажил юм. Цаашид бидэнд шинэчилж, өөрчлөхөөр төлөвлөсөн олон ажил хүлээгдэж байна.
Шинэчлэлийн Засгийн
газар ямар улс хүлээж авсаныг
ахмадууд маань сайн мэдэж байгаа. Бид эмх замбараагүй айл, эрээвэр хураавар төрийн бүтэц, эцэс төгсгөлгүй хүнд суртал авилгал, олон арван дутуу төслүүдийг хүлээн авсан. Энэ бүгдийг ажил болгож, бүтээн байгуулалтаа улам эрчимжүүлэх болно. Өдгөө манай Засгийн газарт ахмад буурлууддаа зориулсан
оновчтой халамж, хүчтэй дэмжлэг
болох бодлого юу юунаас илүү хэрэгтэй
байна. Хүндэт ахмад,
буурлуудаа!
Ардчилсан хувьсгалын
24 жилийн ойн баяр бол Монголын Ардчиллын төлөө зүтгэсэн үе үеийн ахмад буурлуудын маань халуун баяр юм.
Монгол орныг хөгжүүлэх эдгээр
ажлууд бол ахмадуудаас маань бидэнд өгсөн үүрэг, ирээдүй маань биднээс нэхэх хөгжил, ард иргэдийн маань бидэнд итгэсэн итгэлийн хариу
билээ.
Монголын ардчиллыг
нуруундаа үүрч,
сэтгэлдээ тээн, үгээрээ хамгаалж,
үйлсээрээ өртөөлж ирсэн бүх ахмадуудаа Ардчилсан хувьсгалын 24 жилийн
ойн халуун баярын мэндийг дахин хүргэе”
гэлээ.
Харин Ардчилсан
намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “Идэр залуухан 24
настай Монголын Ардчиллын үнэнч цэрэг, мятрашгүй дайчид болсон хүндэт ахмад
буурлууддаа Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол оронд Ардчиллын салхи сэвэлзсэн тэртээх
он жилүүдээс хүртэл Ардчиллын ариун үйлсийн төлөө хувиршгүй сэтгэлээр
хандаж, ялалт ялагдлын амтыг мэдэрч ирсэн та бүхний хичээл зүтгэлийн үрээр
Ардчилсан нам сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж чадсан билээ. Сонгогч олон түмэн Ардчилсан намыг сонгохдоо өнөөдрөөс илүү маргаашийн
сайн сайхны төлөө, хүнд суртал авлигыг таслан зогсоохын төлөө, баялаг бүтээгчдээ
дэмжсэн шударга тогтолцооны төлөө түүчээ нь байлгахыг хүссэнчлэн Ардчилсан
намын гишүүн Та бид хамтдаа улс орныхоо цаашдын хувь заяаны эзэд нь болсон юм аа.
Энэхүү нэр төртэй, хүндтэй үүргийг хүлээсэн Ардчилсан нам ахмадууд та бүхэнтэйгээ
хамтран улс орондоо шинэчлэлийн үрийг тарих хариуцлагатай ажлыг эхлүүлээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ,
Засгийн газрын түвшинд
бодлогын уялдаа бий болгож, Ерөнхийлөгч “Шууд ардчилал, иргэний оролцоо”, УИХ “Эрх зүйн шинэчлэл”,
Засгийн газар “Нийгэм эдийн засгийн шинэчлэл”-ийн зорилтыг тавин ажлаа эхлүүлж
чадлаа. Эдгээр ажлыг үр дүнтэй зохион
байгуулахад нийгмийн түүчээ болсон
ахмадууд та бүхний оролцоо дэмжлэг, шинэчлэлийн салхийг түгээх чин
сэтгэл, хүчин чармайлт хамгаас чухал юм.
Ардчиллын үнэт зүйлсийг улам бүр бэхжүүлж, хүн шиг
амьдарч, улс шиг хөгжихийн төлөө хийх та бидний үйл хэрэг Ардчилсан
намын ялалтын тугийг ахин
дахин мандуулах болно” гэлээ.
Үүний
дараа УИХ-ын дарга З.Энхболд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ дахь
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын ахмадуудад хандан илгээсэн
баярын мэндчилгээг уншиж танилцууллаа. Үүнийг тоймлон хүргэе.
З.Энхболд: Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай
зарцуулахад иргэний хяналт чухал
УИХ-ын дарга
З.Энхболд мэндчилгээндээ “Цахим чуулганд оролцож байгаа Ардчилсан намын ахмад
гишүүд та бүхэндээ Ардчиллын баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлье.
Одоогоос 13
жилийн өмнө ардчилсан үзэлтэй 5 нам нэгдэж, Ардчилсан намыг байгуулсан
билээ. Энэ өдөр бол шударга
ёс, тэгш боломж, эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх, хуулийн засаглалыг тогтоох
зорилгынхоо төлөө Ардчилагчид тууштай нэгдэж эв нэгдлийн эхлэлийг тавьсан өдөр юм.
Ардчиллыг хөгжүүлж, бэхжүүлэх их үйлсэд өөрийн ажил,
амьдралаа зориулж, ялж, ялагдах мөч бүрт ямагт хамт, нэг зорилго, нэгдмэл санаатай байж чадсан
Ардчилсан намын ахмад үеийнхэний гавъяа түүхийн хуудсанд тод үлдсэн бөгөөд Та бүхэн хүний эрх, эрх
чөлөөний дархлааг нийгэмд бий
болгоход манлайлж, үлгэр дууриалал болж чадсаны үр дүнд ард түмэн Ардчилсан намд
итгэл хүлээлгэж, 2012 оны Улсын Их хурлын болон орон нутгийн, 2013 оны
Ерөнхийлөгчийн сонгуульд бид ОЛУУЛАА яллаа. Ялалт бол үүрэг
хариуцлага юм.
Монгол хүнийг эх орондоо эрх чөлөөтэй, эрүүл чийрэг,
ажилтай орлоготой, аюулгүй орчинд амьдруулах “Монгол хүн 2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө УИХ, Шинэчлэлийн Засгийн газар эрчимтэй
ажиллаж, хөгжлийн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж чадлаа.
Ээлжит чуулганаар 2014 оны төсвийн тухай
хуулийг батлахдаа өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хийж чадаагүй төсвийн
зарлагын шинэчлэлийг хийж, хяналтгүй, үрэлгэн хөрөнгө оруулалтыг хумьж, түүнд шингэсэн үнэ, өртөгийн хөөсрөл, авилгыг
шахаж чадлаа. Олон жил явж ирсэн хуучин зарчим өөрчлөгдсөн. Төрийн аудит хараат бусаар ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Төсвийн
шинэчлэлээр дамжуулж, “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих ажил хэрэгжиж байна. Иргэд төрийн үйлчилгээг
цахим хэлбэрээр авч, хүнд суртлаас ангижирах нөхцөл бүрдэж байна.
Тэсч болох олон
зардлыг хэмнэж чадсанаар цалин, тэтгэврийг нэмэх, сургууль, цэцэрлэг барих, эхчүүд, хүүхдүүд, ахмадууд, хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийг дэмжих боломж
бий болсон.
Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, ил
тод, хяналттай зарцуулах
талаар УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ мэт олон ажлыг үр дүнд хүргэхэд Та бүхний оролцоо,
хяналт, хариуцлага өндөр байх
шаардлагатай” гэжээ.
Д.Эрдэнэбат: Ахмадуудад чиглэсэн төрийн бодлогод
анхаарч ажиллана
УИХ дахь
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэндчилгээндээ “Ардчиллын салхийг түүчээлэн ирсэн
ахмад буурлууд та бүхэндээ Ардчиллын баярын өдрүүдийн мэнд хүргэе. Та бүхний минь ардчиллын төлөө оруулсан
хувь нэмрийг юутай ч зүйрлэх аргагүй. Он цаг улиран өнгөрөхийн хэрээр
ахмад буурлуудын минь Ардчилалд
оруулсан хувь нэмэр улам тодрон гэрэлтэж хойч үеийнхэн та бүхнээр
бахархах болно. Цаашдаа ч Монгол Улсын минь сонгосон Ардчиллын зам тодрон
зурайхад ахмад буурлуудын маань хувь нэмэр цаглашгүй их. Өчигдрийн үргэлжлэл өнөөдөр. Харин өчигдөр өнөөдрийн үргэлжлэл маргааш
байдаг шиг та бүхний үнэт сургаал, бие сэтгэлээрээ ардчиллыг хамгаалж ирсэн түүхэн өдрүүдийг бид
мартахгүй ээ.
Ардчилсан нам
ардчилсан хувьсгалын 24 жилийн ойн баяр тохиож буй энэ цаг мөчид Ардчилсан
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлагыг гартаа авч 21 аймагт
Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ бүх ялалт ч гэсэн та бүхний минь
оруулсан хувь нэмэр. Тийм учраас та бүхэн минь амьдарч буй
аймаг орон нутаг, нийслэл дүүргийнхээ бүтээн байгуулалтад үнэтээ саналаа хэлэхийн хэрэгцээ, болохгүй, бүтэхгүй байгаа бүхэнд хурц
хараа бэлчээн шүүмжлэлтэй хандаж байгаарай. Монгол төр үеийн үедээ Ахмадын
алтан сургаалиас суралцаж, ухаарч, сэхээрч ирсэн түүхтэй.
УИХ дахь
Ардчилсан намын бүлэг Ахмад буурлуудад чиглэсэн төрийн бодлогод онцгойлон анхаарч ажиллах болно
гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийнхээ өмнөөс болон
хувиасаа дахин дахин хүргэж байна. Та бүхэн сайхан баярлаарай. Буянт
буурлууддаа аз жаргал, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
С.Эрдэнэ: Эрх зүйт засаглалаа улам бүр бэхжүүлэн хамгаална
Хүн амын хөгжил,
нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэндчилгээндээ “Ардчилсан хувьсгалын хүндэт
партизанууд аа
Ардчилсан
нийгмийг бүтээн байгуулагчид аа!
Та бүхэндээ Монгол
оронд ардчиллын галыг асааж
ардчилсан хувьсгалын ялалтыг авч ирсэн тэртээх он жилүүдийн халуун
мэндчилгээг өргөн дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүсье .
Энэ хувьсгалд та
бүхэн шийдвэрлэх үүрэгтэй байж, гол баатрууд нь байсныг онцлон дурсахад нэн таатай байна.
Бид энэ
хувьсгалын дүнд бүрэн эрхт
улсаа тунхаглаж, гадаад ертөнцтэй нээлттэй харилцаж,, хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх болж нийгэм, улс төр, эдийн
засаг, оюун санааны эрх чөлөөгөө бүрэн утгаар нь олж авсан юм. Энэ эрх чөлөө амар
хялбар, хямдхан байгаагүй. Манай партизанууд, эрх баригчдын хүчирхийлэл, дүн өвлийн хүйтэн,
хахирган хаврын хавсрагаас айж эмээхгүйгээр цуглаан жагсаал
зохион байгуулах, өлсгөлөн, суулт зарлах, шахалт шаардлага үзүүлэх
зэрэг олон арга хэлбэрээр цөхрөлтгүй тэмцсний дүнд хүн бүрт тэгш
боломж олгож эрх чөлөөт орчинд ажиллаж, амьдрах боломжийг бий болгосон юм.
Өнөөдөр
Монгол оронд та бүхний “Хонхны дуу”-гаар эхлүүлж ард түмний төлөө бий болгосон
засаглал олон түмнийхээ итгэлийг авч өөрсдийн
бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь
энэ тэмцэл ард иргэдийн хүсэл, зоригтой
нийцэж байсны тод илэрхийлэл
юм.
Одоо бид, эрх зүйт засаглалаа
улам бүр бэхжүүлэн хамгаалж, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэх их бүтээн
байгуулалтыг өрнүүлж ард иргэдээ эрүүл саруул, боловсрол
мэдлэгтэй, амар тайван, элбэг хангалуун амьдрах таатай орчныг бүрдүүлэх их зорилтын өмнө ирээд байна.
Энэ бүтээн
байгуулалтад та бүхний мэдлэг, туршлага, ажилч хичээнгүй, тууштай
чанар их чухал төдийгүй тэдгээрийг хүүхэд,
залуустаа өвлүүлж, тэднийг үлгэрлэж, залж чиглүүлэх нь бид бүхний үүрэг болж байна.
Монгол эх орон,
монголчуудынхаа сайн сайхны төлөө залуу халуун нас, бүтээлч хөдөлмөр, боловсрол,
мэдлэгээ зориулж ирсэн ахмадууд, азай буурлууддаа эрүүл энх байж,
урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе”
гэсэн байв.
Ардчилсан
хувьсгалын 24 жилийн ойд зориулсан арга хэмжээ энэ сарын 10-ныг дуустал үргэлжилнэ.
Г.ДАРЬ