УИХ-ын гишүүн Р.Амаржаргал УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өгөөд 21 хоногийн нүүр үзэж буй. Асуудлыг хэлэлцэхгүй байсаар өдийг хүрсэн УИХ ямартай ч ирэх долоо хоногт хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэлэлцэхээр УИХ-ын даргын зөвлөл шийдвэрлэсэн байна.
Өнгөрч буй долоо хоногт УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийнх нь хүсэлтийг хэлэлцэхгүй бол хэвлэл мэдээллийнхэнд хандана гэж байсан юм. Харин УИХ энэ асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулснаараа Р.Амаржаргал ангидаа үлдэх эсэхийг нь шийдвэрлэх юм. Олонхи буюу АН-ын зүгээс Р.Амаржаргалыг явуулахыг хүсэхгүй байгаа бөгөөд УИХ төдийгүй Ардчилсан намын үнэт зүйл хэмээн Р.Амаржаргал гишүүнийг тодорхойлоод буй. Олонхиороо авч үлдэж чадах эсэх нь ирэх долоо хоногт тодорхой болно.
Ш.ЧИМЭГ