Нийслэлд хоёр осол гарч гурван хүн амь насаа алдаад байгаа талаар бид мэдээлсэн. Баянхошууны орчимд гарсан ослын улмаас хоёр хүн нас барсан. Тухайн үед Гэмтлийн эмнэлгийнхэнтэй холбогдоход арав гаруй хүн хүргэгдэж ирээд байна, нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэж байсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд очоод байгаа манай сурвалжийн хэлснээр тэндхийн эмч ажилтнууд Баянхошууны осолд орсон гэсэн 24 хүнийг хүлээж авч, анхны тусламж үзүүлсэн, 4-5 насны хүүхэд эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байсан гэсэн байна. Эмч нар бэртэж гэмтсэн хүмүүст тусламж үзүүлж, хөнгөвтөр гэмтэлтэй хүмүүсийг тасагт шилжүүлсэн байна. Одоогоор таван хүний биеийн байдал туйлын хүнд, яаралтай мэс засал хийх шаардлагатай байгаа гэнэ. Эмч нар шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Гэвч хоёр хүний бие маш хүнд, сэхэх найдвар муутай байна гэлээ.
Мөн Хан-Уул дүүрэгт гарсан ослын улмаас долоон настай охин эмнэлэг рүү хүрэх замдаа нас барсан. Бэртсэн хоёр хүний биеийн байдал мөн хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм байна гэж манай сурвалжлагч Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.