Арванхоёрдугаар сарын 5-нд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын анхны хар арьстан ерөнхийлөгч Нельсон Мандела 95 насандаа нас барлаа. Энэ талаар пүрэв гаригийн шөнө ӨАБНУ-ын өнөөгийн ерөнхийлөгч Жейкоб Зума ард түмэндээ хандсан телевизийн тусгай илгээлтэд өгүүлсэн байв.
Нельсон Мандела олон зүйлийн анхдагч байлаа. Тэрбээр 1918 оны долдугаар сард чинээлэг, нөлөө бүхий гэр бүлд төржээ. Нельсон Мандела их сургуульд суралцан төгсөөд улс орондоо өнгөт арьстнуудад зориулсан анхны болох хуулийн зөвлөгөө өгөх газрыг нээж байв.
Гэхдээ арьсны өнгөөр гадуурхах бодлого-апартеидыг Нельсон Мандела үзэн ядаж байлаа. Өөрийн бүх мэдлэг, авьяасаа тэрбээр ӨАБНУ-ын хар, цагаан, шар арьстан оршин суугчдын тэгш эрхийн төлөө зориулжээ. Зан чанар, үзэл баримтлалдаа тууштай үнэнч явснаараа тэр хүний эрхийн төлөөх дууч болсон билээ.
Мандела прагматик улстөрч байсан юм. Түүний хичээл зүтгэлээр апартеидын дэглэм ерээд оны эхээр сүйрэв. Гэхдээ ямар ч дайн тэмцэлгүйгээр…
Хорвоод мэндлэхэд нь түүнд Ролилахла Мандела хэмээх нэр хайрлажээ. Коса ястны хэлээр “ролилахла” гэдэг үг нь “модны мөчир зулгаагч” гэсэн утгатай ба өргөн агууллагаар нь бол “Амар тайвныг алдуулагч” гэсэн үг ажээ. Эцэг, эх нь хүүгээ Африкийн өмнөд хэсэгт 300 жил оршин тогтносон дэглэмийг сүйрүүлнэ гэж төсөөлөөгүй явсан байх. Харин Нельсон гэсэн нэрээ тэрээр сургуульд байхдаа авчээ. Омгийн толгойлогч нарын давхрагаас гаралтай тэрээр Форта Хер коллежид суралцжээ. Оюутны ажил хаялтад оролцсон гээд түүнийг 1940 онд коллежаас хөөсөн байлаа. Дараа нь тэрбээр Йоханнесбургт ирээд өнгөт арьстан хуульчдын байгуулсан Африкийн үндэсний конгресст (АҮК) 1944 онд элсэв. Мандела хуулийн мэргэжлээр суралцаж байсан ч бүр хожим нь буюу 1989 онд дипломоо авч чаджээ.
1944 оноос хойш дөрвөн жилийн дараа тус орны засагт Африкжсан хүмүүсийн Үндэсний нам гарч ирээд апартеидын бодлогыг хуульчиллаа. АҮК тэр үеэс олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, засагт захирагдахгүй гэсэн ажиллагаа явуулж байв. АҮК дэглэмтэй тэмцэхдээ Махатма Гандигийн номлож байсан хүчирхийлэлгүй эсэргүүцлийг маш хүчтэй санагдуулах арга барилтай байв. Үзүүлбэрийн шинжтэй террор, хорлон сүйтгэх ажиллагааг дэглэмийн эсрэг явуулахдаа түүний улмаас нэг ч хүний амь хохирох ёсгүй гэсэн зарчмыг барьж иржээ. Мандела идэвхтэй ажиллаж байсан 1955 онд АҮК “Эрх чөлөөний харти” гаргалаа. “Өмнөд Африк бол тэнд амьдарч буй бүгдийнх” гэж тэр хөтөлбөрт нь заасан байв.
Эрх баригчид 1961 онд АҮК-ийг хориглов. Хариуд нь Мандела ба түүний нөхөд АҮК-ийн зэвсэгт жигүүрийг “Үндэстний жад” нэртэйгээр байгуулав. Тэд партизаны зэвсэгт тэмцлийн хэлбэрт шилжлээ.
Нельсон Мандела өөрөө партизануудыг бэлтгэх, мөнгө хөрөнгө цуглуулахаар 1962 онд гадаадад нууцаар гарав. Түүнийг буцаад ирэнгүүт нь баривчилж, 150 хорлон сүйтгэх ажиллагааны хариуцлагыг түүнд тулгажээ. Прокурор цаазаар авах ялыг өгөхийн төлөө байсан юм. Гэтэл шүүгч түүнийг бүх насаарнь хорих ялаар шийтгэв. Тэрбээр шүүх танхимд апартеидын эсрэг дөрвөн цагийн турш үг хэлж, “Би үхэхэд бэлэн” гэсэн өгүүлбэрээр төгсгөж байлаа.
Нельсон Мандела 27 жилийн амьдралаа шоронд өнгөрүүлжээ. Үүнээс 18 жилийг нь Роббен Айленд гэх хадат арлын шоронд өнгөрөөв. Тэндхийн хурц наранд чулуу бэлтгэх ажил нь хоригдлуудын харааг муутгаж байсан гэдэг. Мандела бууж өгсөнгүй. Тэрбээр шоронд ардын сургууль маягийн зүйл байгуулан хоригдлуудыг бичиг үсэгт сургаж байлаа. Манделагийн хоригдож байсан №5 өрөө өдгөө жуулчдын маршрутад багтах болжээ.
Өмнөд Африкийн эрх баригчид 1988 оноос олон улсын шахалтын дор цуутай хоригдлыг суллахаар бэлтгэж эхэлсэн байв. 1990 оны хоёрдугаар сарын 11-нд АҮК-ийн 71 настай лидер Мандела суллагдлаа. Баяр хөөр болон угтсан олон мянган хүний өмнө тэрбээр “Би та нарын өмнө зогсч байна. Бахархал, баяр хөөрөөр бялхаж байна. Бид эрх чөлөөтэй!" гэж хэлэв. Үүнээс хэдхэн сарын өмнө хоёр лагерийн тусгаарлын бэлгэдэл болсон Берлины ханыг нураасан юм.
ӨАБНУ-ын ирээдүйн тухай хэлэлцээр амаргүй байлаа. Шинэ Үндсэн хуулиа 1993 онд баталж, 1994 онд анхны ардчилсан сонгууль явагдаж, 77 настай Мандела ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. “Шархаа эмчлэх цаг ирлээ. Бидний тусгаарлаж байсныг холбох гүүр байгуулах цаг ирлээ” гэж тэр үед Мандела хэлсэн юм.
Эрх чөлөөтэй болсон Нельсон Мандела шууд л апартеидын дэглэмийн эсрэг тэмцлийн бэлгэдэл болжээ. 1994 оны дөрөвдүгээр сард тус оронд анхны чөлөөт сонгууль явагдлаа. Мандела ялалт байгуулав. Тэрбээр тус улсын анхны хар арьст ерөнхийлөгч болжээ.
Нельсон Манделагийн байгуулсан гол гавьяаны нэг нь ерөнхийлөгч байхдаа үндэстэн ястнуудын эвлэрлийг хийсэн явдал. Тэрбээр архиепископ Десмонд Тутугийн хамт "Үнэний болон эвлээлийн комисс" гэгчийг байгуулжээ. Түүний зорилго нь апартеидын дэглэмийн гэмт хэргийг мөрдөн мөшгиж муулах бус, харин ӨАБНУ-д бүх үндэстэн ястнуудын энхээр зэрэгцэн амьдрах үндэс суурийг тавих явдал байв.
Нельсон Мандела 1999 онд улстөрөөс холдож, буяны ажилд үлдсэн амьдралаа зориулжээ. Сүүлийн жилүүд түүнд багагүй гуниглал ирсэн. АҮК-ийн гол уриа “бүгдэд шилдэг амьдрал” цөөн хүмүүст л хүртээл болсон байлаа. АҮК нь өөрөө засгийн эрхийг урвуулан ашиглах, авлигын хэрэгсэл болон хувирах аюултай тулгараад байна. ӨАБНУ-ын анхны хар арьстан ерөнхийлөгч 2011 онд “Өө сэвгүй нэр төртэй улстөрчид ба олон нийтийн зүтгэлтнүүд”-ийн дэлхийн чансааг тэрүүлсэн байв. Чансааг консалтингийн Reputation Institute компани 25 оны 50 мянган хүний санал асуулгаар тогтоожээ.
Нельсон Манделагийн түүхэн гавьяа нь бүх үндэстэн ястнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж байгаа улс байгуулсанд оршино. Нобелийн энх тайвны шагналтан Нельсон Мандела бүх Африкийн ёс суртахууны компас, шилдэг ирээдүйнх нь бэлгэдэл болон мөнхөрч байна.
Нельсон Мандела. 2008 он
Фидель Кастро ба Нельсон Мандела. 1998 он
Нельсон Мандела, Муамар Каддафи. 1997 он
Нельсон Мандела, Билл Клинтон. 2003 он
Нельсон Мандела, Майкл Жексон
Маргарет Тэтчер, Нельсон Мандела. 1990 он
Нельсон Мандела Ромын хамба II Иоанн Павел. 1998 он
Нельсон Мандела, Уитни Хьюстон. 1994 он